Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад ажилчдынхаа тоог багасгахыг аж ахуйн нэгжид уриалав

Б.МЯГМАР

Хаврын урин цаг ирж, зам барилгын ажил эхэлж байна. Энэ үед ажил олгогч нарт тохиолддог гол бэрхшээл нь ажиллах хүчний асуудал. Хэдийгээр монгол ажилчдаа ажиллуулах сонирхол байдаг ч монголчууд цалингаа голдог, тууштай биш, цаг баримталдаггүй зэрэг дутагдлынхаа улмаас ажлаас халагдаж сэлгэгдэх нь элбэг. Иймээс зам барилгын ажлаа гүйцэтгэх дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх  богино хугацаанд гадаадаас ажилчин оруулж ирж ажиллуулах нь элбэг. Ингэхдээ голдуу БНХАУ-аас ажилчин оруулж ирдэг. Манай улс жилд ойролцоогоор 20 мянга гаруй хятад ажилчин оруулж ирдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж “Энэ жил улс орны эдийн засаг хүндхэн байгаа учир гадаадаас ажиллах хүч оруулж ирэхийг тэр бүр дэмжихгүй. Гадаадаас квотоор авах ажилчдынхаа тоог 30 хүртэл хувиар багасгаж, монгол ажилчин ажиллуулбал яамны зүгээс нөхөн төлбөр өгнө.

Мөн гадаадаас ажиллах хүч оруулж ирэх болон гаргах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгон сургаж ажиллуулна. Квотоор авсан ажилчдаа аж ахуйн нэгжүүд хоорондоо солилцдог байдлыг зогсооно. Түүнчлэн аж ахуйн нэгж өөрөө БНХАУ-д очиж ажиллах хүч оруулж ирэх гэрээ хийдгийг өөрчилнө” гэлээ. Яамнаас гаргаж буй энэ бодлого хэрэгжсэнээр жилд гадаадаас орж ирдэг 6000 орчим ажилчны оронд монгол залуус ажилтай болох боломж бүрдэх юм. Гэхдээ уг бодлогыг ирэх жилээс  хэрэгжүүлэх гэнэ.

Мөн тэрээр “Уул уурхайн салбар дотоодын ажилтан шингээх нь бага байна. Бид саяхан судалгаа хийж үзэхэд хөдөлмөрийн зах зээл дээр 1,1 сая ажилтан байна. Уул уурхай дээр нийт хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 3,5 хувь нь ажилладаг. Гэхдээ гадаадаас авч буй ажиллах хүчний 10-20 хувь нь уул уурхайд ногдож байна. Тэгэхээр гадаадаас авч буй ажиллах хүч, мэргэжилтний хувь уул уурхайн салбарт өндөр нь тодорхой байгаа. Тиймээс уул уурхайн салбарт гаднаас ажиллах хүч авч  байгааг багасгаж, дотоодын ажилчдаар нөхнө. Гэхдээ та бүхэнд хүчээр дотоодын ажилчдаа ав гэж шахахгүй. Харилцан хамтран ажиллаж тодорхой дэмжлэг өгнө” гэдгийг онцоллоо.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл дээр нь ажиллаж буй гэнэ. Учир нь уул уурхай барилгын салбарт гарч байгаа осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин жилээс жилд буурахгүй байна. Ялангуяа үйлдвэрийн ослоор амь насаа алдах иргэдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд барилгын салбарт 28, уул уурхайн салбарт 10 хүн нас барсан аж. Иймээс ажил олгогч болоод ажилчны хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх. Нөгөө талаас эрсдэл ихтэй ажлын байрыг тодорхойлж гаргах.  Энэ төрлийн ажлын байран дээр ажиллах хүнийнхээ амь нас, эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч заавал хийлгэдэг байхаар хуульчилжээ. Энэ салбарт ажиллаж байгаад амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэнийг арилжааны даатгалаас нэмэлт даатгал болгож нөхөн төлбөр олгодог байхаар мөн тусгасан гэнэ. Нөгөө талаар уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор гадаад ажилтан, монгол ажилтны цалин хөлс зөрөөтэй байдаг. Тиймээс хөдөлмөрийн хуульд адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан ижил хэмжээний цалин хөлс авна гэсэн заалт оруулж байна. Гэхдээ гаднаас авч байгаа ажиллах хүчний мэргэжил ур чадварт хүрсэн байж ижил хэмжээний цалин хөлс горилох нь.
Үүнтэй холбогдуулан гад­наас ажиллах хүч оруулж ирсэн зарим компанийн төлөөлөлтэй уулзлаа.

У.Балжинням: Монгол ажилчид гурав хоног ажиллаад л алга болдог

/“Хангайн ган эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/

-Танай компани гадаа­дын хэдэн ажилтан ажил­луулж байна вэ. Ер нь монгол ажилт­ан ажиллуулахаар ямар бэрхшээл тулгардаг юм бэ?
-Манай компани Багануур дүүрэгт арматурын үйлдвэр ажиллуулдаг. Одоогоор 30 гаруй хятад ажилтан ажиллуулж байна. Манайх бүртгэлтэй ажилгүй иргэдээс олон хүн авч ажиллуулсан. Тэгээд “Энэ хүнээс ажил сураад ав. Ирэх жилээс энэ хүний авч байгаа цалинг чамд өгье" гэдэг. Гэтэл “за тэгье” гэж хэлээд эхний гурав хоног ажиллаад л алга болдог. Манайх өдрийн гурав хоолтой тэндээ байрлаж ажилладаг. Сарын 800 мянгаас сая төгрөгийн цалинтай. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэхүйд нь өөрчлөлт хиймээр байна. Бүртгэлтэй ажилгүй 1000 хүн байсан ч бид аваад ажиллууллаа гэхэд хоёр хоног ажиллаад л алга болно. Ингээд тэд ч сурсан юм байхгүй бид ч ажлын бүтээмжгүй хоцорно.

-Байрлаж ажиллана гэ­хээр гэр бүлээсээ хол бо­ло­хоор хэцүүхэн байдаг байх л даа?
-Хийх ажил бол амархан. Хаягдал төмрийг түрээд хайлуулдаг зуух руу оруулдаг. Дээр нь нийгмийн даатгал төлдөг. Мөн монголчууд 5-10 болохоороо бүлэг үүсдэг. Тэгээд удирдлагуудын эсрэг юм ярьдаг. Биднийг ашиглаж байна. Хөдөлмөрийг маань үнэгүйдүүлж байна гэдэг. Монгол хүмүүс хүнд удирдуулах дургүй байдаг юм билээ.


Д.Цолмонхүү: Орон нутгаас ирсэн ажилчдын 70 хувь нь буцлаа гэхэд 30 хувь нь үлддэг

/“НММB” ХХК-ийн захирал Д.Цолмонхүү/

-Танай компани ажиллах хүчээ хэрхэн бэлтгэж байна вэ. Хэдэн гадаадын иргэн ажилладаг вэ?
-Монголд ажил хийх цаг богино. Иймээс энэ хооронд чирэгдэл багатай аль болох үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй байдаг. Манайх гуравдугаар сард багтаан гадаадаас авах ажиллах хүчийнхээ тоог гаргаад  мөн монгол ажилчдаа сургаад дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлдэг. Бидэнд хамгийн гол тулгамддаг асуудал бол ажиллах хүч. Ялангуяа алслагдсан сумдад хэцүү. Орон нутгийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бид шаардлагатай ажилчдаа авдаг. Боломжийнхоо хэрээр л монгол ажилчдаа ажиллуулахыг хичээдэг. Зөвхөн орон нутгийн ажилчдаар ажиллах хүч маань 100 хувь хангагдах боломжгүй.

-Гадаадаас авах нийт ажилчдын 30 хүртэлх хувьд монгол ажилтан ажиллуулна гэлээ. Танай компани үүнийг хэрэгжүүлэх хэр боломжтой вэ?
-Квот бол жилээс жилд багасч байгаа. Бид ч үүнийг дэмжиж байна. Бид аль болох технологи сайтай гадаад ажилчдыг дагуулаад монгол ажилтнаа сургах бодлого баримталдаг. Манайх уул уурхайн туслан гүйцэтгэгчээр ажилладаг.
Энэ жил Дорнодын Дашбалбар суманд Улааны ордод туслан гүйцэтгэгчээр ажиллана. Одоогоор 100 ажилтан гадаадаас авах хүсэлт явуулаад байгаа. Шинэ журмаар ирэх бол 70 ажилтан авна гэсэн үг. Мэдээж бололгүй яахав. Гэхдээ орон нутгаас ирсэн ажилчдын 70 хувь нь буцлаа гэхэд 30 хувь нь чадварлаг ажилтан болж үлддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан