Монгол минь эрх чөлөөний замд ороод хөгжиж чадаагүй нь үнэн ч бид бүгдээрээ эх орондоо хайртай. Яагаад хөгжсөнгүй вэ гэдэг асуултын хариуг улс төр гэж шуудхан хэлэх үндэстэй. Төр түвшин бол түмэн олон амгалан. Гэвч төр минь буруу улс төрөөс болж бужигнасаар. Товчхондоо, Монголын нийгэм, эдийн засгийн аль ч салбарын болохгүй, бүтэхгүй болгоны язгуур шалтгаан нь улстөрчид гэвэл маргах хүн үгүй биз. Монголын Залуучуудын Холбоо өнөөгийн улс төрчдийн ов заль, арга мэхийг эсэргүүцэж иргэдийн саналаар үнэнийг нь дэлгээд шилэн болгоё гэсэндээ их ажил эхлүүлсэн. Тэр бол хар жагсаалт.
Гэвч хар жагсаалтыг боловсруулж, хэн батлах вэ гэдэг асуулт бий. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулсан Их хурлаараа МЗХ үндсэн дүрмээ бүрэн шинэчилж, залуучуудын холбооны удирдлага, жолоог монгол залуустаа даатгахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй ҮЗЗ байгуулах сонгууль яг одоо явагдаж байна. Энэ сарын 25-нд дуусч, 28-ны өдөр анхны хуралдаанаа зохион байгуулна. ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ. Хурлаар хэлэлцэхээр товлосон олон олон асуудлын нэг нь хар жагсаалт.
Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж цугласан залуус хар жагсаалтыг боловсруулан баталж, олон нийтэд танилцуулна. Энэ нийгмийн болж, бүтэхгүй болгоны уг үндэс нь улс төр, улстөрчид юм бол шинэчлэлийн их ажил ч тэр зүгээс эхлэх нь зүйтэй. Жагсаалтаар хүнийг буруутгаж, шүүх бус өнгөрсөнд үйлдээд мартагдаж үлдсэн тэр зүйлийг нь л иргэдээсээ асууж, эргэн сануулахыг эрхэмлэсэн. Хуулийн, ёс зүйн, хүн ёсны хувьд буруутайгаа мэдсээр атлаа төр түшиж, түмэн олны төлөөлөл болдог ширэн нүүртэй хүмүүсийн намтрыг, нэрийг шилэн болгоно. Тэднийг өөрсдийгөө таниасай гэсэндээ ийм санаачилгыг МЗХ зоригтой эхлүүлсэн юм. Улс төрчидтэй улс төрийн аргаар л тэмцэж үр дүнд хүрнэ. Буруу улстөрийг зүгшрүүлэхээс төрийнхөө, улсынхаа доройтлыг дэвшил болгох ажил эхэлнэ ээ.
Монгол залуус бид эрхэлж буй алба, ажил мэргэжлээ эх орныхоо хөгжлийн төлөө оруулж буй бодит хувь нэмэр гэж итгэж, урамшиж, өөрийгөө зоригжуулдаг. Үнэн үг, сайн хэрэг. Гэвч үүнээс илүү боломж байдаггүй мэт хандлага ажиглагдах болж. 1990 онд яг л бидэн шиг залуус өөрсдийнхөө төлөө, нийгмийнхээ төлөө, гэр бүлийнхээ сайн сайхан, ирээдүй, хойч үеийнхээ төлөө зориглосон, зүтгэсэн. ЭВЛЭЛДЭН НЭГДЭЭД амжилтад хүрсэн тэд өнөөдөр бидний аав, ээж, ах, эгч нар билээ. Тэд эрх чөлөөг нэхэж, нийгмээ өөрчлөхийг зорьсон. Түүндээ ч хүрсэн. 25 жилийн дараа өөрчлөлтийн буухиа бидэнд уламжлагдахдаа ардчилал, эрх чөлөөг БАТАЛГААЖУУЛАХ их үүрэг дагуулав. Хөгжил рүү зорьсон галт тэрэгнийхээ хурдыг нэмэх арга зам бол мөнөөх л ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ гэж бид ойлгодог. Өөрийн ам бүл, өрх гэрээ түвшитгэж, үүрч яваа хариуцлагатай залуу хүн таныг эх орныхоо хөгжил дэвшилд ахиц авчрах том боломжид уриалъя. Эрүүл нийгмийн харуул болсон хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч дөрөв дэх засаглалын үүргээ ухамсарлан МЗХ-ны санаачилгыг өнгөн дээр нь гоочлох бус үр дүнг нь цэгнэж, ЗӨВийн талд зогсоно гэж найдаж байна. Сэтгүүл зүйн салбарын залуу лидерүүд ч ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдож бидний өмнөх их зорилгод нэгдэхийг урья.Газар бүрт ганцаараа зүтгээд амжилтад хүрсэн түүх үгүй. Бүхий л ялгуусан ялалт, өөрчлөлт, шинэчлэл өргөн бүрэлдэхүүнтэй “ЭВ НЭГДЭЛ”-ийн үр дүн байсныг өнгөрсөн цаг бүхлээрээ гэрчилнэ. Эх орныхоо төлөө ихийг хийе, бүтээе, цогцлоон хөгжүүлье гэж зорьдог зүтгэдэг, ярьдаг шүүмжилдэг хэн бүхнийг санаснаа ажил болгож, ажлаа амжилтад хүргэх нэгэн цул хүч угтан авна. “Хамаг Монгол төсөл” санаачилсан дуучин С.Жавхлан, Филлипиний сагсан бөмбөгийн лигийн тоглогч Т.Санчир, залуу судлаач доктор Б.Чулуун, бизнес-залуусын төлөөлөл С.Аззаяа, эх орноо хайрлан нийгмээ өөрчлөлтөд уриалж буй “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн гээд цөмөөрөө л залуус. Дор бүрнээ л эх орныхоо төлөө их үйлс санаачлан эхлүүлсэн зоригтон хэдий ч тус тусдаа хүч тарамдаж, амжилтаа бататгаж, монголчууддаа тунхагласан нь цөөн.
Бид нэгдэх л хэрэгтэй.