Монголын Жүдо бөхийн холбооны тамирчид дасгалжуулагч, удирдлагууд өөрсдийн цалин болон тэмцээний шагналаасаа Сүхбаатар аймагт болж буй байгалийн аюултай үзэгдэлд нэрвэгдээд байгаа ард иргэддээ 10 сая төгрөгийн тусламж үзүүлэв. Тэд уг үйлдлээрээ Сүхбаатар аймгийн ард түмэнд туслах хандивын аяныг эхлүүлж, нийт ард иргэд, монгол ахан дүүсээ тус аянд нэгдэж туслахыг уриалсан юм. Энэхүү аяныг эхлүүлэх санал, санаачилгыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш О.Балжинням, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар гаргажээ. Энэ талаар Х.Цагаанбаатар ярихдаа “Манай шигшээ багийнхан “Хамтын хүч-амжилт” гэх уриатай. Тиймээс гамшигт нэрвэгдээд буй ард иргэддээ туслахыг хүссэн юм. Ер нь бол Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар
Тэвдэж явахад тэвэнгээр тусла гэдэг сайхан үг бий.
Бид нэгэндээ тусалж дэмжиж жаргах, зовох унаж, босох үед нь хамт байж чадвал таны, миний, бидний сэтгэлийн мөн чанар юм шүү дээ. Тиймээс нийт ард иргэддээ энэ хүнд үед Сүхбаатар аймгийнхандаа туслаач ээ гэж уриалмаар байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос
Сайн үйлсийн эцэст буян заяа тань дэлгэрэх болноо. Бидний эхлүүлсэн аянд нэгдээрэй залуусаа” гэв.