Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Өмнөговь аймгийн Засаг дарга хамтран хэрэгжүүлж буй залуучууд хөгжлийн төслийн хүрээнд аймгийн Даланзадгад сумын “Залуучуудын хөгжлийн төв” нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй албаныхан оролцлоо. Мөн аймгийн Засаг даргын орлогч, НХХ-ийн хамт олон нээлтийн арга хэмжээнд оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нээж хэлсэн үгэндээ “Энэ төв нь залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг, бие биенээсээ суралцдаг, харилцан ярилцдаг, үр өгөөжтэй төв байх болно” гэлээ. Тус төв нь зохицуулагч, Нийгмийн ажилтан, Залуучуудын зөвлөлийн 15 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 5 дэмжих бүлгийн 40 гаруй гишүүд хамрагддаг юм. Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучууд хөгжлийн төв болж байна. Төслийн гол зорилго нь залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, залуучуудыг эерэг, хариуцлагатай, өөрийн хүчинд тулгуурлах зан үйл бүхий амьдрах ухаанд сургах юм. Даланзадгад сумын Залуучууд хөгжлийн төвд техник тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гэрээнд НҮБ-ын ХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахара, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж нар гарын үсэг зурав.