Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуулийн бус үйл ажиллагааг таслан зогсоов

УИХ 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 1/2662 тоот албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээв. Уг албан тоотод дурдсанаас үзэхэд Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах талыг тодруулах уралдаант шалгаруулалтын явцыг УИХ-ын зүгээс анхааралтай ажиглан хараад гэрээний явцад УИХ-ын 39 дүгээр тогтоол, 268 дугаар тогтоол, 37 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг хүчин төгөлдөр эрх зүйн актуудыг зөрчсөн алдаанууд гарсныг тогтоолоо. Тийм учраас хууль, тогтоомжуудад нийцсэн байдлаар хэлэлцээрийг байгуулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг мэдэгдэж байна гэсэн байна.


Үүнтэй зэрэгцэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Сайд М.Энхсайханд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тус байнгын хорооноос чиглэл өгсөн тавдугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй арга хэмжээнийхээ талаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор танилцуулга хийхийг шаардсан байна. 05 дугаар тогтоол нь ард түмэнд Тавантолгойн ордын 10 хувь хэмээн тараасан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэлэлцээрт тусгахыг даалгасан болохыг сануулъя.

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат сайд М.Энхсайханд илгээсэн 01/281 тоот албан тоотоороо Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг объект болгон ТТ-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг гадныханд өгөх хэлэлцээр хийж байгаа тань ҮАБЗ-ийн 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 121 дүгээр тогтоол, ҮАБЗ-ийн 04/03 дугаар зөвлөмж, Засгийн газрын 121 дүгээр тогтоол, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр эрх зүйн актуудыг зөрчихөөр байгаа тул ММС- Шэнхуа консорциумд ТТ-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг олгохыг зөвшөөрөхгүй болохыг мэдэгдлээ.

Ийнхүү сайд М.Энхсайхан өөрт олгогдсон бүрэн эрхийг урвуулж, Монголын хууль, төрийг үл тоомсорлон ард түмний эрх ашгийг хөсөр­дүүлэх зарчмыг баримталсан, Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулсаар бай­гааг хууль тогтоох дээд байгууллага УИХ таслан зогсоолоо. Тэрээр ард түмэнд тарааж өгсөн 1072 хувьцааны ногдол ашиг, ер нь Монголын талын ашиг орлогын тухай гэрээнд огт тусгахгүй байгаа бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчийг оролцуулах тухай УИХ-ын удирдамжийг үл хэрэгсэн БНХАУ болон БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгж-Хонконгийн компа­ниудаас бүрдсэн хамсалтай гэрээг үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжид ТТ-н ордын 51 хувийг эзэмшүүлнэ гэж тодорхой заасаар байтал Засгийн газрын нэг гишүүн нь үл тоомсорлон, зөрүүдлэж байгаа нь Засгийн газрын эрх зүйн чадамжийг сулруулах ноцтой үр дагаварт хүргэх юм. Сайд М.Энхсайхан нь хэлэлцээрт Монголын ард түмэн, Засгийн газрыг төлөөлж байгаагаа умартан ширээний нөгөө талд суусан талын эрх ашгийг голлон ярьсаар байгааг олон нийт ажиглан, жигшин зэвүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.


Дашрамд дурдахад Эрдэ­нэс ТТ компанийн гүйцэт­гэх захирал  Я.Батсуу­рийг шоронд хорьсны дараахан МСS компанийн дэд захирал, Гоёо ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан C.Энх-Амгалан гэгчийг томилохоор оролдож эхэлсэн нь анхаарал татна. ММС компанийн зүгээс Монголын нүүрсний зах зээлийг өөрсдийн хяналтад оруулахын тулд яахаас ч буцахгүй болж улайрсны шинж тэмдэг нь эн юм болов уу. Энэ байдлаас Я.Батсуурийг яагаад шоронд хорьсны учиг хөврөх магадлал ийнхүү үүсч байх шиг...

Ерөнхий сайд болон сайд М.Энхсайхан нар УИХ-ын өгсөн үүргийг хэрхэн биелүүлэхээс Засгийн газрын хувь тавилан тодорхойлогдох өдрүүд ирж байна. Үйл явдал Монголын ард түмний ашиг сонирхолд нийцсэн байдлаар өрнөнө гэдэгт найдаж байна.

Б.Батзориг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан