Л.НОМИН
Говийн их соён гэгээрүүлэгч тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн бүтээл, номлол, бясалгал төвлөрдөг Хамарын хийдийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Хол ойрын зочин гийчний хөлд байнга дарагддаг Хамарын хийдэд сүүлийн жилүүдэд шинээр сүм, хийд, суварга бүтээн босгож, өргөжин тэлж байгаа. Сайн сайхныг хүссэн олон түмэн бүтээн байгуулалтад хандив өргөн, буян заяагаа даатгадаг. Тийм ч болохоор тус хийдийн ажилтнууд хүрэлцэн ирж буй сүсэгтэн олон, жуулчдад зориулан ая тухтай байлгахыг эрмэлздэг. Гэтэл энергийн төв гэгдэх энэхүү Хамарын хийдийг зоригсдоос нэгэн гомдол санал сонсогдож эхлэв. Тус хийдийн гол хэсэг болох Шамбалын орон /хүмүүс Энергийн төв гэдэг/ руу орохын тулд нэг хүн 2000 төгрөгийн хураамж төлдөг болсон байна. Энэ талаар сурвалжлах боломж олдсон тул учир байдлыг тодруулсан юм.
Нийслэлээс 520 орчим км-ийн зайтай Хамарын хийдэд очсон бол Шамбалын орныг тойроод өнгөрөх хүн үгүй. “Зочид та бүхэн Энергийн төв, Шамбалын оронд тавтай морилно уу” хэмээн мэндчилсэн мөртлөө Тусгай хамгаалалтын газар нутагт зорчих тасалбарын үнэ 2000 төгрөг гэх самбар угтав. Энд ганц нэгээрээ гэхээсээ голдуу хамт олон, байгууллага, олуулаа яваа хүмүүс хураамж болох 2000 төгрөг төлж харагдлаа. Хэдхэн сарын өмнө ирэхэд 500 төгрөгийн хураамж авдаг байсан талаар тэнд байсан зарим хүн хэлэв.
Хураамж авах хэсэгт “Яагаад 2000 төгрөг авч байгаа юм бэ” гэж лавлаж байгаа иргэд ч цөөнгүй тааралдсан. “Тусгай хамгаалалтын газар нутагт зорчиж байгаа болохоор хураамж авах шийдвэр гаргасан юм” гэсэн товч тайлбар л мөнгө хураагчаас сонстоно. Нэгэнт зориод ирсэн хүмүүс хураамж төлөөд орохоос өөр аргагүй ч гэр бүлээрээ явж буйд нь яалт ч үгүй хүндхэн тусч байгаа нь илт. “Нэг машинаас 1000 төгрөг, тавуулаа яваа болохоор 10000 төгрөг төллөө. Хэзээдээ ийм их мөнгө хураадаг болчихов оо” гэж нэгэн ахимаг насны эмэгтэй дургүйцсэн өнгөөр ярив. Шамбалын орны суваргын чуулганд нийтдээ 124 суварга байдаг. Суварга бүтээхэд хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийж, түүндээ гэр бүлээрээ очиж залбирч мөргөхийн тулд мөнгө төлдөг байж болохгүй хэмээн шүүмжлэх хүнтэй ч тааралдсан юм. Нийслэлээс шууд засмал замаар зорчиж очих боломжтой болсон учир иргэд ч олноор зорих болжээ.
Хэн, хаанаас ийм шийдвэр гаргасныг тодруултал Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хамарын хийдийн Шамбалын орон руу нэвтрэхийн тулд хүн бүрээс 2000 төгрөгийн хураамж авах тогтоол гаргажээ. Өмнө нь энэ хураамж 500 төгрөг байхад 100 гаруй сая төгрөг Тусгай хамгаалалтын газарт төвлөрдөг байсан мэдээлэл бий. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Тусгай хамгаалалтын газарт хураамж төвлөрдөг гэлээ. Өнгөрсөн жил гэхэд зөвхөн хураамжийн төлбөрөөс 115 сая төгрөг цугласан байна. Энэ мөнгөнөөс Хамарын хийдийн хог, цэвэрлэгээнд 10 орчим хувийг л зарцуулдаг гэнэ. Мөн суварга сэргээн засварлуулах зэрэгт багахан хэмжээний мөнгө Хамарын хийдэд өгдөг нь зүгээр ёс төдий зүйл аж. Тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын цалин зэрэгт хураамжаас олсон мөнгөний тодорхой хувийг зарцуулдаг бол үлдсэн нь юунд зориулагдсан талаархи тайлангийн сургийг гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, ямар ч хяналтгүй зарцуулагддаг мөнгө гэж ойлгож болох нь. Тэгвэл энэ жил 2000 төгрөгийн хураамжаа авсаар байвал Сайншанд сумын Тусгай хамгаалалтын газарт 400 гаруй сая төгрөг цуглана гэсэн үг юм. Харин үүнээс өчүүхэн хэсэг нь л Хамарын хийдэд зөвхөн хог, цэвэрлэгээ төдийхэнд нь хуваарилагдан ирнэ. Бусдыг нь хэн, хэрхэн, юунд зориулахыг мэдэх аргагүй. Уг нь, тусгай хамгаалалтын газар нь зөвхөн тэр Шамбалын орны орчим биш Сайншанд сумын төвөөс дөнгөж гармагц эхэлдэг юм байна. Энэ хураамжийг нэмсэн нь зүгээр л иргэдийн олноор зорин очдог газрыг далимдуулж мөнгө олж байгаа мэт харагдаж байгаа юм.
Харамсалтай нь, энэ хураамж мөнгийг Хамарын хийдийн захиргаа авдаг гэж ойлгодог иргэд, сүсэгтэн олон дийлэнх хувь нь байв. Тусгай хамгаалалттай газарт зорчсон төлбөр хураамжийн хэмжээг тухайн орон нутаг тогтоодог ч гэсэн дөрөв дахин нэмэгдүүлэн авч буй нь хэтэрсэн хэрэг юм. Тэрэлж рүү очиход Ханхэнтийн тусгай хамгаалалттай бүсэд зорчсон хэмээн нэг хүнээс 300 төгрөгийн хураамж л авдаг. Үүнтэй харьцуулбал дэндүү их мөнгө. Нэг хүнд 2000 төгрөг бага юм шиг сонсогдох ч дуслыг хураавал далай болдог шиг зүйл юм.
Хамарын хийд бол төрийн бус байгууллагын статустай болохоор улсын болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Өөрсдийн үйл ажиллагаа, зарим төсөл хэрэгжүүлэх болон иргэдийн хандив дэмжлэгээр хөл дээрээ тогтоод 25 жил болж байна. Унаа машины үйлчилгээ, гэр зочид буудал, хоолны газрууд гэхчлэн Хамарын хийдтэй холбогдсон олон иргэнд орлогын эх үүсвэр болдог. Гэтэл өөр бусдын үйл ажиллагаанаас болж иргэдийн шүтэх бишрэх эрхийг боогдуулж, бүхнийг зоосны нүхээр хэмжиж буй мэтээр ойлгогдож байгаа нь харамсалтай.
Говийн их соён гэгээрүүлэгч V ноён хутагт Данзанравжаа газрын хүч, номын хүч, сансрын тамирыг шингээсэн газрыг бясалгалынхаа хүчээр олж, Хамарын хийдийг 1818 онд байгуулж байсан түүхтэй. Олон жилийн турш сүсэгтэн олон зорин очдог энэхүү газрыг орлого олох, мөнгөний эх үүсвэрээ болгож, буруугаар ашиглаж байгаад сүсэгтэн олон халаглаж байна. Тиймээс энэ сарын 15-д хуралдах Сайншанд сумын ИТХ-аар иргэдийн энэ гомдлыг хэлэлцэж үзээсэй хэмээн хүлээж суух л үлдэж байна.