Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын ажлыг уялдаа, холбоотой гүйцэтгэх ажлын хэсэг байгууллаа
 
“Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэсэг байгуулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга үүрэг өгсний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар, үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан тус бүрд нь ажлын хэсэг байгуулахаар санал орууллаа.

-Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг
-Хотын шинэ төвийн зөвлөх үйлчилгээний ажилд хяналт ажлын хэсэг
-Авто замын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Инженерийн шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээний ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяыналт тавих ажлын хэсэг
-Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, бэлчээрийн менежмент хийх чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Орон сууц нийтийн аж ахуй, цахилгаан эрчим хүчийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих тухай
-Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг ажиллахаар төлөвлөжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд дээрх чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулж, салбар хариуцсан Засаг даргын орлогч нар  удирдан зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ ажлын хэсгүүдэд тухайн чиглэлийн ажлуудыг холбогдох хууль, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэхэд анхаарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын уялдааг хангаж, график гарган ажиллах үүрэг өглөө. Ажлын уялдааг хангаж ажилласнаар нэг ажлыг нөгөө ажлаар устгах, цаг хугацаа, хөрөнгө үрэхгүй байх давуу талтай гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн дарга нарт холбогдох хуульд нийцүүлэн урамшуулал олгох журмын төслийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулсан. Тус журмыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

 
Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна
 
“Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагч, Замын цагдаагийн албаны ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Автозамын газрын мэргэжилтэн, Автотээврийн үндэсний төвийн ажилтан, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс оролцоно. Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Нийслэл дэх Замын цагдаагийн алба хяналт тавина. Дараах 9 тохиолдолд автомашиныг ачина гэж үзэж байна. Үүнд
Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг,
Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг, Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг;
Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг;
Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг;
Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачина.
Харин нийтийн эмх замбараагүй байдал, тэмдэглэлт ой, баяр наадмын хамгаалалт, гадаад улс орны төлөөлөгчдийн айлчлалын үед тодорхой гудамж, зам талбайг яаралтай чөлөөлөх зорилгоор зөөж, шилжүүлэх тохиолдолд дүрэм зөрчөөгүй зогсож байсан тээврийн хэрэгсэлд төлбөр хураамж ногдуулахгүй.
 Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид үүрэн телефоны оператороор дамжуулан заавал мэдэгдэнэ. Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсэн тохиолдолд тухайн байршилд ачиж зөөвөрлөсөн талаар мэдэгдэх хуудас үлдээнэ. Мэдэгдэх хуудсанд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбогдох утасны дугаар, зөөж шилжүүлэгдсэн автомашины улсын дугаар зэргийг тусгасан байна.
Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүхээг болон тэвшинд хүн, амьтан байгаа эсэхийг шалгаж хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхийг хориглоно. Зориулалтын ачигч, чирэгч автомашин нь урагшаа, хойшоо харсан дүрс бичлэгийн камертай байна.
Тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансаар хүлээн авч аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл тутмын хураамжаас 10 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, сургалт сурталчилгааны ажил, соёл ухамсрыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зогсоол талбай байгуулах ажилд зарцуулах юм.
Хүн амын төвлөрөл ихтэй засаг захиргааны байгууллагууд, үйлчилгээний төвүүд олноор байрласан газарт тэмдэг, тэмдэглэгээ болон зам дагуух автомат тоолууртай, камертай бусад дэвшилтэт технологи ашигласан зогсоолуудыг байрлуулан зохицуулалт хийнэ.
Байрлалаас хамаарч тэмдэглэгээ бүхий зогсоолуудад иргэд  20, 40, 60 минутын хугацаатай атомашинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ.  Зогсоол бүхий гудамж, замуудад хяналтын ажилтан ажиллана. Мал амьтан, хүнтэй (хүүхэд) автомашиныг зөөж шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэрээ заалтыг 3-аас дээш удаа зөрчсөн, баримтлан ажиллах журмын заалтыг зөрчиж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, зориулалтын бус, зохих зөвшөөрөлгүй техник хэрэгсэл ашиглан зөөн шилжүүлэх ажил, үйлчилгээ эрхэлсэн,
бол зохих хариуцлагыг аж ахуйн нэгжид тооцно гэх мэт олон заалтууд туссан байгаа юм.
Энэхүү журмыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд НИТХ-д өргөн барихаар боллоо.
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр ажилд орохын тулд
3 шат дараалан туршилтаар ажиллах журам боловсруулжээ

Хуралдаанд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллуулахад баримтлах нийтлэг журмын төсөл”-ийг НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр орох ажилтан, албан тушаал дэвшүүлэн ажилахад баримтлах нийтлэг журмыг боловсруулжээ. Тус журмыг  Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Журамд нийслэлийн албан хаагчид тавигдах нийтлэг шалгуурыг тусгайлан зааж өгсөн бөгөөд дараахь шатуудад дараалан заавал ажиллахаар тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан