Дээрх асуудалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Бурхан халдун ууланд Өвөрмонголчуудыг сөгдүүлж танхайрсан этгээдүүдийг танхайн хэргээр шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ талаар өргөдөл, гомдол гаргасан юм алга. Нутаг дэвсгэрээрээ Бурхан халдун уул нь Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст хамаардаг. Иймээс Хэнтий аймгийн цагдаагийн газраас зохион байгуулна.
-Цагдаагийн байгууллагад өргөдөл ирүүлээгүй учир хэргийг шалгаж эхлээгүй гэсэн үг үү. Өргөдөл ирсэн хойно шалгах юм уу?
-Эдгээр хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан учир шалгана.
-Өвөрмонгол иргэдийн биед гэмтэл учирсан зүйл байгаа юу?
-Тухайн үед хохирсон гэх иргэд цагдаагийн байгууллагад хандаагүй учир энэ талаар мэдээлэл алга.
-Хуулиар бусдын эрхэнд л халдсан бол хариуцлага хүлээлгэнэ гэж бий. Хэрвээ гадаадын иргэнд халдвал гэсэн заалт байхгүй учраас адил хариуцлага тооцох ёстой байх аа ?
-Тухайн иргэнд ямар нөхцөлд байдлаас гэмтэл учруулав танхайрсан байна уу, иргэний эрх чөлөөнд халдсан уу гэдгийг шалгаж тогтоогоод ямар зүйл ангид хамруулах вэ гэдгийг гаргана.
Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрхийг зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй.
-Босоо хөх монгол хөдөлгөөнийхөнтэй уулзсан уу. Ямар тайлбар хэлж байна вэ?
-Фэйсбүүкт хуудастаа тавьсан шиг л ярьж байгаа. Иргэн өөрөө ямар нэгэн шаардлага тавьж бусдын эрх чөлөөнд халдах нь хуулиар хориотой байдаг.