Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Гантулга: Газрынх нь зөвшөөрлийг цуцлуулж, дараагийн шатны арга хэмжээ авна


 Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бол бусад холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн баг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж буй хоёр компанийн ажилд шалгалт хийж, цахилгаан хангамжийг нь хязгаарлан, үйл ажиллагааг нь зосгоолоо. Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодрууллаа.

-Өнөөдрийн шалгалт хийсэн хоёр барилгын эзэн холбогдогч, захиалагчийн тухай тодруулбал?
-Эхний барилга Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Зайсан дахь бурхан багшийн хөшөөний зүүн хойд талд иргэн н.Баяндалайгийн захиалгаар баригдаж байгаа. Уг барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн онд шалгалт хийсэн. Барилга 2014 оны наймдугаар сараас угсралтын ажлаа эхэлсэн бөгөөд тухайн үед бурхан багшийн хөшөөний баруун талд байх “Будда Веста” сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугч,  иргэдээс удаа дараа гомдол ирсэн. Гомдлын дагуу шалгахад иргэн Баяндалайгийн барилга ямар нэг зөвшөөрөлгүй, зураг төсөл нь батлагдсан эсэх нь тодорхойгүй байсан. Түүнчлэн, газар нь зориулалтын бус, тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж буй нь тогтоогдсон. Ер нь бол үйлчилгээний зориулалттай барилга юм шиг байгаа юм. Өмнө нь манайхаас зөвшөөрөлгүй, Барилгын тухай хуулийн тодорхой заалтуудын зөрчсөн гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт хүргүүлж, өнгөрөгч оны аравдугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон. Гэвч, шөнийн цагаар угсралтын ажил хийгдсээр байгаад өдгөө гурван давхар болтлоо босгочихсон, цааш үргэлжлүүлэхээр арматур, төмөр караказ зангидсан байдалтай байна.

-Үүнээс өмнө улсын байцаагчийн актын хэрэг­жилтийг шалгаж байсан уу?
-Үүний өмнө актын хэрэг­жилтийг хангуулах үүд­нээс он гарсаар Хан-Уул дүүр­гийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газруудад хандаж байсан.
Цагдаагийн байгууллагаас манайхтай хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан учир хэд хэдэн удаагийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж, зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоох арга хэмжээ авч байсан.

-Нэгэнт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цаашид хэрхэх вэ. Хуулиа сахиж нураах, буулгах шаардлагатай гэж үзвэл энэ ажлыг хэн хийж гүйцэтгэдэг юм бол?
-Нураах эрх нь мэргэжлийн хяналтын байгууллага болоод улсын байцаагчийн эрх, үүрэгт байхгүй. Гэхдээ Газрын тухай хуульд энэ тухай заачихсан байдаг. Үүнд, тухайн орон нутгийн Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжийг хүчингүй болгох эрхтэй. Тэгэхээр бид тухайн барилга, обьект байрлаж буй дүүргийн Засаг дарга юм уу Нийслэлийн Засаг даргад хандаж газрынх нь зөвшөөрлийг цуцлуулах дараагийн шатны арга хэмжээ авна. Юуны өмнө Барилгын тухай хуулийнхаа хүрээнд цахилгаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авч байна. Мөн цагдаагийн газраас өнөөдөр лац тавилаа. Лацыг хөндсөн, ямар нэг байдлаар угсралтын ажлыг үргэлжлүүлсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Шалгалт хийсэн хоёр дахь барилгын хувьд?
-Дараагийн барилга бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Выставка” худалдааны төвийн баруун талд баригдаж буй “Глобал хурд” компанийн захиалгатай барилга байна. Энэ барилгын суурийн ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон байдаг. Гэвч, суурийн цутгалт, ажлаа гүйцэтгээд дээш хоёр ч давхрын цутгалт хийгдчихсэн байна. Манайхаас шалгалт хийхэд мөн л зураг төсөл нь батлагдаагүй байсан.

Барилга байгууламж барих гэж буй иргэн, аж ахуй нэгж юун түрүүнд зураг төслөө батлуулж дараа нь мэргэжлийн экспертүүдээр магадлал хийлгэж, дүгнэлт авсан байна гэж Барилгын тухай хуульд заасан. Үүний дараа ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч угсралтын ажлаа гүйцэтгэх ёстой.

“Глобал хурд” компанийн барилгын суурийн зөвшөөрлийн хугацаа дууссан, нэг ёсны зөвшөөрөлгүйгээр давхрын ажил хийгдсэн гэсэн үг. Энэ зөрчилд манайхаас мөн акт тавьж, цахилгааныг нь хязгаарлалаа. Өнөөдөр ирэхэд ажил нь зогсчихсон байгаа ч шөнийн цагаар хийж гүйцэтгэж байх магадлалтай.
Ер нь, аль ч барилга бай шийдэл нь гараад, зөвшөөрөл нь сунгагдчихвал барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллага тухайн үед нь шийдэж болно. Энэ барилгын зай, хэмжээний хувьд зөрчилгүй ч замын хамгаалалтын зурвас хэсэгт орсон байх магадлалтай.

2015 оны дөрөвдүгээр сарын 2, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн I хороо “Глобал хурд” ХХК-ийн барилга


-Маргааш /өнөөдөр/ дахин дөрвөн барилгын талбайд шалгалт хийнэ гэсэн?
-Тиймээ, маргааш /өнөөдөр/ мөн нийслэлийн хэмжээнд баригдаж буй дөрвөн барилгын талбайд хяналт шалгалт хийх юм. Хоёр нь зөрчилтэй, хоёр нь яг норм, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Зөрчилтэй барилгынх нь үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзвэл холбогдох арга хэмжээг нь авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан