Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Гандулам: Алба хаагчид өмнөх цолноосоо нэг шатлалын илүүгээр цол буурна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын дагуу алба хаагчдад нэг алгасуулан олгосон цолыг энэ сарын 20-нд хавсралт байдлаар шинэчлэн баталсан А/64 дүгээр журмаар буцаан бууруулах болсон. Энэ тухай дэлгэрэнгүйг Хууль зүйн яамны мэргэжилтэн Б.Гандуламаас тодрууллаа.

-“Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг шинэчлэн баталж мянга гаруй алба хаагчийн цолонд өөрчлөлт орууллаа. Энэ тухай иргэд ойлголт муутай байгаа?
-“Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн Хууль зүйн сайдын А/64 дүгээр тушаалаар хавсралт ёсоор шинэчлэн баталсан. Энэ журам өмнө нь 2014 онд шинэчлэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд мянга гаруй цагдаагийн албан хаагчийн цол буурч, 400 гаруй алба хаагч хуучин цолоо эргүүлэн авах боломжтой болсон. Яахав, өнгөц ойлгоход мянга гаруй хүний цолыг бууруулсан мэт боловч тухайн албан хаагчийнхаа карьер, ажил үүргийн хуваарь, ажилласан жилтэй нь харьцуулан авч үзвэл хохирсон зүйл байхгүй гэдгийг алба хаагч өөрөө ойлгож байгаа. Гэхдээ энгийн иргэд, олон нийт болоод хэвлэл мэдээллийнхэнд албан ёсны мэдээлэл өгөх шаардлага тулгарч байгааг үгүйсгэхгүй. Учир нь, журам шинэчлэгдээд удаагүй, хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр тараагүй байгаатай холбоотой.

-Цол буурсан гэх боловч хохироогүй гэдгийг тодруулбал. Төөрөлдөөд байгаа гэж бодож байна?
-Энгийнээр тайлбарлавал, начин цолтой бөх өмнөх журмаар гарьд, харцага гэх мэт цол авсан гэж болно. Харин саяын шинэчлэсэн журмын дагуу цол нь буурсан ч начин биш харин ч заан цолтой үлдлээ гэсэн үг. Доод тушаалын цагдаагийн албан хаагч албаны дарга, тасгийн эрхлэгч боллоо гэхэд тухайн албан хаагчийн алба, тушаалыг дагаж өмнөх 2014 оны журмаар цол нь алгасуулан нэмэгдсэн. Харин шинэ журмаар албан тушаал дагасан цол нь буурсан ч өмнө нь тухайн албан хаагч шинэ албан тушаал дээр очихоосоо өмнө болоод очих хүртлээ байсан буюу ажилласан жилээрээ авсан цол нь буураагүй. Харин ч тэр цолноосоо шат ахиж дараагийн цолыг авах байдлаар шинэ журам хэрэг­жиж, үйлчилж байна. Өөрөөр хэлбэл дээрх мянга гаруй албан хаагч албан тушаалыг нь дагаж цол нь нэмэгдсэн ч гэсэн энэ журмаар өмнөх байсан цолноосоо нэг шат­лалын илүүгээр цол нь бууж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Албан хаагчдад цол олгох тухай тусгайлсан журам, заалт байдаг юм болов уу. Ер нь, ямар шаардлага, босго давж байж цол ахидаг юм бол?
-Цагдаагийн албан хаагчид цол олгох, алба тушаал, ажил мэргэжлийн хувьд шат ахих тухайд тэдээс тэдэн жил ажилласан байх ёстой гэх мэт тогтсон шатлал, шаардлагууд байдаг. Мөн тухайн албандаа үнэнч, нэр төртэйгөөр ажиллах, алба хаагчийн ёсзүйн хэм хэмжээ, дэг журмыг сахисан байх ёстой гэсэн өндөр шаардлагууд тавигддаг.

-Цолонд нь өөрчлөлт орж буй мянга гаруй цагдаагийн албан хаагч шинэ журмыг хэрхэн хүлээж авсан бол?
-Шинэ журам гарснаар дээрх албан хаагчдад хэрхэн нөлөөлөв, тэдний санал бодол, сэтгэлзүй ямар байна гэдэгт манай яамнаас тандалд хийж үзсэн. Хууль зүйн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга зүүн гурав, баруун тав гэхчлэн 8-9 аймагт өнгөрсөн сард ажиллаад ирлээ. Энэ үеэр цагдаагийн алба хаагчдийн дунд судалгаа явуулахад шинэ журам алба хаагчдад хүлээлт үүсгэсэн байж гэсэн дүгнэлт хийж болохоор байсан. Өөрөөр хэлбэл үр дүн сайтай байгаа гэсэн үг. Түүнчлэн, манай яаманд шинэ журамтай холбоотой гомдол санал ирээгүй. Үүнээс үзэхэд цагдаагийн албан хаагчид ма­гадгүй 100 хувь биш юм гэ­хэд 98, 99 хувийн сэтгэл ха­намжтай байна гэж үзэж болно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр энэ асуу­далтай холбоотой өм­нөх сайдын гаргасан шийд­вэр, журмыг шинэ сайд нь өөрчилж байна. Ийм ол­ныг хамарсан, нэгэнт олго­чих­сон цолтой хол­боотой асуудалд зориглон өөрчлөлт оруулах эрх Хууль зүйн сайдад байдаг юм болов уу гэсэн асуулт урган гараад байгаа?
-Засгийн газрын гишүүн, Улсын их хурлын гишүүн хууль санаачлах эрхтэй. Тухайн сайдын хувьд өөрийн олгогдсон бүрэн эрхийн дагуу хууль санаачлах, эргүүлэн татах, шинээр боловсруулж, өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс шинэ журам хуулийн дагуу батлагдаж, хэрэгжиж, үйлчилж байгаа гэж ойлгох нь зөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан