Н.БАТ
Тавантолгойн төсөл яагаад гацсан бэ?
Монгол Улсын сайд М.Энхсайхан:
Хэлэлцээ завсарлага авчихсан байна. Эрдэнэс Тавантолгой компани Чалькотой гэрээ байгуулаад эргэж төлөх ёстой өрөөс 150 сая ам.доллар үлдчихсэн. Тэр мөнгийг төлөх асуудал нь хэлэлцээг завсарлуулах үндсэн шалтгаан болчихсон.
“Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачлага төслийн эдийн засагч, судлаач Х.Батсуурь:
Нэгдүгээрт, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль тогтоомжинд нийцээгүй, хоёрдугаарт нь 1072 хувьцааг төсөлд тусгаагүй. Шийдэгдээгүй, шийдэгдэх шинжгүй байгаа. Нөгөө талаас төмөр замын асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж, шийдвэрлээгүй. Төмөр зам төрийн өмчид байх ёстой гэдгийг хуульд маш нарийн заачихаад байхад хувийн компаниар бариулаад, тэр нь эзэмшээд 30 жилийн дараа төрд шилжүүлнэ гэдэг нь шууд утгаараа хууль тогтоомжоо зөрчиж байгаа хэрэг юм. Гуравдугаарт, УИХ-аар төслийг заавал хэлэлцүүлэх ёстой. Хууль тогтоомжиндоо Тавантолгойг стратегийн орд гээд заачихсан учраас Засгийн газар, бүүр нэг сайд толгой мэдээд шийдээд явна гэдэг байж боломгүй асуудал. Түүнээс Чалькогийн гэрээний үлдэгдлийг шийдэж чадаагүй байгаа, гэрээ нь тодорхой биш зэрэг нь дараачийн асуудал. Хамгийн түрүүнд дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй.
Хоёр өөр хариулт. Сайдын хэлснээр эдийн засагч Х.Батсуурийн хэлээд байгаа үндэслэл хэлэлцээнд төдийлэн нөлөөлөөгүй гэнэ. Энэ бол мэдлэг ойлголтын зөрүү төдий зүйл аж.
Иргэд хувьцааг нь эзэмших эрх эдэлж байгаа Тавантолгой төсөлдөө хуруу хошуу дүрэхийг хүсч байгаа боловч төрийн зүгээс галт тэрэг хөдөлсөн эцсийн зогсоолдоо дөхөж байна хэмээн тэрээр ярьж байгаа юм.
Харамсалтай нь сайдын хэлснээр бүх зүйл тийм тодорхой сайхан болчихсон гэж үү. 150 сая ам.долларын өрийг дарахын тулд 150 сая ам.долларын зардал гаргах зүрх хөрөнгө оруулагчаас гарна гэдэг нь төсөл ямар их ашигтай, ирээдүйтэйг илтгэх томоохон үзүүлэлт. Консерциум урдчилгаанд 150 сая ам.доллар өгөхөд бэлэн гэж амласан төдийгүй, Чалькогийн өрийг ч өөр дээрээ авахдаа тулбал гэрээтэй нь нарийн танилцаж, мөн уулзалдаж байгаа сурагтай. Түүгээр зогсохгүй Гашуун сухайтын төмөр замд төрийн зүгээс оруулаад байгаа 280-аад сая долларыг ч тэдний зүгээс төлөх тухай яригдаж байна. Ямартаа ч Энержи ресурс, Шиньхуа, Сүмитомогийн хамтарсан консерциумд Тавантолгой төсөл дээр хөрөнгө оруулах, хувь эзэмших асар их сонирхол байгаа нь илт.
Тэгвэл энэ их өр төлбөр дээрээс иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа гээд хөрөнгө оруулагчдын толгой дээр асар их үүрэг хариуцлага, өр төлбөр нэмэгдэж байгаа юм.
Гэхдээ М.Энхсайхан сайд болоод түүний хэлснээр дэлхийн хэмжээний компаниудаас бүрдсэн консерциум хоёрын бизнесийн хэл нэг байгаа гэнэ.
Тэгвэл өчигдөр хэвлэлийнхэнд хандсан “Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачлагын баг Тавантолгойн төслийг урагшлуулах өөр гарц шийдлийг төрд санал болгов.
Тэд уул уурхайн томоохон төслүүд Монголын хуулийг зөрчсөн, үндэсний эрх ашигт нийцээгүй байвал хөдөлгөх аргагүй, бүүр зогсоох нь зөв гэж бид үзэж байна гэв. Өмнөх хөрөнгө оруулалтын төслүүдэд орхигдсон ашиггүй хэлбэрээр тусгагдаж байсан гол асуудлуудыг хууль тогтоомжинд заасны дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулснаараа бидний төсөл онцлог хэмээн тодорхойлж байна. Салбар бүрийн шинжээч судлаачид нэгдэж боловсруулсан энэ төслөөр 1072 хувьцаа нь иргэн бүрт буй учраас нийт төслийн 26 хувь, Эрдэнэс Тавантолгой компанийн 51 хувь хэлбэрээр байхаар тусгасан гэнэ. Улсын өмчийн Эрдэнэс тавантолгой компани нь нийт төслийнхөө 51 хувийг эзэмших нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуулийн заалттай нийцэж буй гэв. Хамгийн гол зүйл бол иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх төрийн бодлого хэрэгжих үндэслэл тавигдаж буй аж.
Төмөр зам нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6,2-т заасан “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх...”, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6,3,1 Улсын эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэсэн заалтуудын дагуу Тавантолгой төсөлд ашиглагдах төмөр замыг анхнаасаа Монголын төмөр зам болоод улсын өмч давамгайлсан Тавантолгой төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан аж.
УИХ-аар хэлэлцүүлэх нь 500-700 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц бүхий стратегийн ордыг УИХ-ын 39 дүгээр тогтоол Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолд заасны дагуу заавал УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой гэжээ.
Урагшаа Тавантолгой иргэдийн санаачлагын зүгээс Хятадын Шиньхуа, Японы Сүмитомо корпорацтай хамтран ажиллах нь зөв гэж үзээд төслийн компанийн 49 хувийг эзэмших эдгээр корпорац нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших хувийн борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдана гэв. Гол нь энэ санаачлага нь үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, Монголын хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдсан төсөл гэж санаачлагчид үзэж буй аж.
Ингээд төслийг санаачлагчдын нэг болох эдийн засаг судлаач Х.Батсууриас зарим зүйлийг тодруулав.
-Та бүхний энэ яриад байгаа асуудал ахиад л популизм гэдэг үгийг дагуулах байх л даа. Та популизм хийж байна гэвэл ямар хариулт өгөх вэ?
-Популизм гэдэг нь юу вэ гэдгээ эхлээд сонгодог утгаар нь ойлгох хэрэгтэй. Энэ талаар өргөн фронтын давшилт явж байгааг би ажиглаж, харж байгаа. Би харин үүнээс огт ойхгүй байна. Би популизм гэдгийг маш сайн ойлгож байгаа учраас энэ талаар тодорхой тайлбар хэнд ч өгч чадна. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг үгээс гаралтай.Тэгэхээр ард түмэн хүн амын эрх ашгийг хамгаалж явж байгаа хүмүүсийг популистууд гэдэг. Манайд үүнийг сөрөг утгаар нь оруулж ирж тайлбарлаад байгаа юм.
-Төсөл үр дүнд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байна. Та төсөл үр дүнд хүрэх хүртэл хэдий хэмжээний хугацаа зарцуулна гэж бодож байна?
-Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид төслөө маш сайн судалсан. Эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдлын ач холбогдол талаас нь энэ хоёр үзлээ тулгуурлаж төслөө боловсруулсан учраас цаашид найдвартай явах боломжтой. Тэгээд тодорхой төвшинд байгаа зарим хүмүүс бидний ярьж байгаа зүйлтэй үзэл бодлын хувьд ижил байгаа юм.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл дээр төрийг төлөөлж байгаа сайдын хэлснээр төсөл үндсэндээ дуусах шатандаа яваа гэсэн. Гэтэл та төслийг шинээр санал болгож байдаг?
-Хэн ч юу ч гэж ярьж болно. Гэтэл яаж үндсэн гол асуудлуудаа шийдээгүй байж, шийдэх боломжгүй байж төслийг дуус байна гэж ярих юм бэ. Энэ бол ямар ч боломжгүй асуудал.
-Засгийн газрыг төлөөлж байгаа сайд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төслийг баталгаажуулчихвал та бүхний зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ. Хуулиар олгогдсон эрх нь байгаа гэж буй шүү дээ?
-Зөвшөөрөхгүй. Олон улсын жишгээс харахад уул уурхайн томоохон төслүүд хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжсэн тохиолдол олон. Тод жишээ нь, Чилийн төрийн 100 хувийн өмчит зэс боловсруулах “Codelco” компани байна. Хувийн өмчит байхдаа ашиггүй ажлаад төр эргүүлээд мэдэлдээ авсан тус компани өнөөдөр улсынхаа төсвийн 15 хувийг бүрдүүлж байна. Ганцхан уурхай шүү дээ. Тэгэхээр үндэсний эрх ашгаа огоорох замаар Тавантолгойн асуудлыг шийдэхийн бол асуудал цаашид явахгүй шүү дээ. Энд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс аль болох болгоомжтой байх ёстой.
-Монголын хувьд хамгийн эмзэг байгаа асуудлын нэг бол хөрөнгө оруулагчдыг үргээх байдал. Магадгүй таны энэ ярианаас үүдээд Тавантолгойд хөрөнгө оруулахаар зэхэж байсны гадаадын томоохон компаниуд эргэлзээнд орчихвол?
-Хөрөнгө оруулагчдыг харин ч татаж байгаа.
-Чухам яаж татаж байгаа гэж?
-Хөрөнгө оруулагч бол найдвартай л эх үүсвэртэй хамтрахыг хичээнэ. Тэр нь хэн байх нь хамаагүй шүү дээ. Тэгэхээр ард олноороо хэлэлцээд хамгийн найдвартай эргэж буцахгүй төслийг бидний зүгээс санал болгож байгаа учраас харин ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа гэж үзэж байна.
-Та бүхний үндсэн зорилго нь Тавантолгойн 51 хувийг төрийн мэдэлд үлдээх гэж ойлголоо?
-Төрөөр дамжуулж ард иргэд хувь эзэмших л ёстой гэдэг нь бидний үндсэн зорилго. Ард олны төлөөлөл илүү давамгай эрхтэй л байх ёстой гэж хэлээд байгаа юм.