Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулж өчигдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн бол БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб баярын хурлаа хийлээ. Эл хурлын үеэр ахмад дайчдын төлөөлөл болох Т.Бат-Очиртой уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө танд Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд ойн баярын мэнд дэвшүүлье. Зэвсэгт хүчний ойг жил бүр бахархан тэмдэглэж байдагт ахмад дайчны хувьд баяртай байдаг.
Ерөөс Зэвсэгт хүчин гэдэг Монгол Улсын тугсаар тогтнолыг сахин хамгаалах үйлсэд үеийн үед бүхий л зүйлээ зориулсан байгууллага. Эр хүнд эх орон нь өглөө бүр хэрэгтэй байдаг бол эх орондоо хүү нь нэг л өглөө хэрэг болдог. Тиймдээ ч энэ баяр бол эр цэрэг, эх орны хөвгүүдийн баяр юм.
-Манай улс 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон нь Дэлхийн II дайныг дуусгавар болоход ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. Таныг энэ дайнд оролцож явсныг сонссон юм байна?
-Өвөө нь 1940 онд 19 настайдаа Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас цэрэгт татагдаж байлаа. Улмаар таван жил алба хаагаад 1945 оны чөлөөлөх дайн болохын өмнөхөн офицер болсон юм. Бага дэслэгч цол авч тэр үеийн армийн тусгай хороонд засварын даргын албанд дэвшин ажиллаж, чөлөөлөх дайнд оролцож явлаа.
-Тусгай хорооны засварын дарга гэхээр машин, техник хэрэгсэл хариуцдаг байж дээ?
-Тийм ээ. Нэг ёсны холбооны эвдэрч хэмхэрсэн техник хэрэгслийг засч янзалдаг найман хүнтэй бригад ахалж явлаа. Бид гурван чиг үүргийн дагуу ажилладаг байсан.
Нэгдүгээрт, холбооны техник хэрэгслийг цаг ямагт бэлэн байлгах. Хэрэв эвдрэл гэмтэл тохиолдвол тухай бүрт нь дуудлагаар очиж засварлах. Хоёрдугаарт, радио станцууд болоод машинуудын аккумляторыг засварлаж, түүнийг ажилд бэлэн байлгах. Гуравдугаарт, жанжин штабыг гэрлээр хангах чухал ажлыг хариуцаж байсан юм.
-Тэгэхээр фронтын шугаманд, ид тулааны үеэр ч үүрэг гүйцэтгэдэг байжээ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн хэцүү нь эвдэрч хэмхэрсэн техник хэрэгслийг байлдааны дундуур засварлана гэдэг тун хүнд ажил байв. Ялангуяа радио станцын гэмтлийг олох, засварлана гэдэг цаг их шаарддаг хэцүү ажил. Ер нь, бидний ажил үүрэг урьдаар төлөвлөгдөнө гэж үгүй. Ид фронтын шугамд тоног төхөөрөмж эвдэрч хэмхэрвэл цаг тухайд нь очих ёстой. Тиймдээ ч хариуцлагатай, хүнд хүчир алба л даа.
-Долнуурын тулааны тухай дурсвал?
-Чөлөөлөх дайн тэр дундаа Долнуурын тулаан бол Дэлхийн II дайны төгсгөлийн шат гэж болно.Тэр үед Долнуурын чиглэлд Зөвлөлтийн 49 дүгээр морьт дивиз, Монголын дөрвөн дивиз мөн танкийн хороо, есдүгээр морьт хороо, холбооны хороо зэрэг анги салбарууд явсан юм. Хурандаа генерал Халейвийн командалсан энэ морьт механикжуулсан бригадын гол цохилтын цэг нь Долнуурт байсан юм. Тэр чиглэлийн нэгдүгээр цуваанд Зөвлөлтийн гурван том бригад явж байлаа. Танк эсэргүйцэх 36 дугаар бригад, Зөвлөлтийн морьт механикжуулсан 25 дугаар буудлагын анги, танкийн 43 дугаар бригад тус тус багтаж байсан энэ бригад дайсны гол хүчийг хиар цохисон доо.
Энэ гурван бригад эхэлж давшиж дайсныг бут цохиод цааш Жэхэ хүрсэн юм. Харин бид жижиг сажиг отряд, тагнуулын групп гэх мэт үлдсэнтэй нь тулгарч улмаар олзлон буулгаж авч байлаа.
-Долнуурын тулаан цаг агаарын хүнд нөхцөлд болж өнгөрсөн нь ялалтад нааштай нөлөө үзүүлсэн гэх юм билээ?
-Ер нь, цаг уур, газар орны байдал их хүнд, эрс тэс газар байсан л даа. Маш халуун, станцын аккумляторын шингэн тэр их халуунд нь буцлаад ажиллахгүй болчихно. Машиных ч ялаагүй. Тэгэхээр зэрэг солих хэрэгтэй болно доо. Ер нь, голдуу шөнө ажиллана.
Өдрийн цагаар ажиллана гэвэл маш халуун байдаг байв. Энэ мэт цаг агаар, газар орны байдлаас шалтгаалсан хүндрэл их тулгардаг байсан. Машин жаахан яваад л шаварт суучихна. Дээр нь элс ихтэй. Өдөржин халуун нар шарж, шарж байгаад гэнэт л бороо орж эхэлнэ. Бороо нь их усархаг. Нэг халахаараа маш их хална, элсэн дээр нүцгэн хөлөөрөө гишгэх, халуун зуухан дээр гишгэхтэй л адил. Долнуурын байлдаан ийм л хүнд нөхцөлд болж өнгөрсөн юм даа.
-Таны одон медалиуд сонирхол татлаа. Хамгийн ихээр нандигнаж явдаг нь аль нь вэ?
-Миний бие холбооны засвар, үйлчилгээний мэргэжлээр армид 46 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэрт гарсан. Хамгийн хүндтэй, нандигнаж явдаг медаль маань Сүхбаатарын одон байгаа юм. Энэ цол тэмдгийг цэрэг, армид 30-аас дээш жил зөрчил дутагдалгүй ажилласан хүнд олгодог юм.
-Одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Өвөө нь өнөө жил 94 хүрч байна. Яахав, календарын жил сараар нь тоолбол 95-тай. Эхээс мэндэлснээрээ бол энэ жил 94 хүрч байна даа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Ардын хувьсгалтай нас чацуу хүн дээ. 1986 онд тэтгэвэрт гарч газар тариалан эрхэлж байсан юм. Хэдий нас өндөр болсон ч эх орноо хамгаалж, тэмцэж явсан цаг мөч, мөр зэрэгцэн явсан нөхдөө дурсан санагалзаж хэд хэдэн дуу зохиосон.
Жаран жарны түүхэнд
Жаргал зовлонг туулахдаа
Жанжин тугийн намираанд
Жагсаалын сүрийг
бадраасан... хэмээн Жанжин тугийн намираан дор тэргүүтэй хэд хэдэн дуу минь монгол цэргийн сүр хүчит жагсаалыг чимж байдагт баярлаж явдаг. Сүүлд Алтан соёмбот төрийн далбаа гэж дуу хийснээ амьдруулах гээд гүйж явна даа.