Б.ШирнэнМонгол Улс нь дэлхийн хамгийн их эрчим хүч хэрэглэж байгаа БНХАУ-ын хөрш. Энэ утгаараа цахилгаан үйлдвэрлэх гол хүчин зүйл болох түүхий нүүрснээс гадна, нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барьж, их хэмжээний эрчим хүч экспортлох сонирхолтой байгаа юм. Сүүлийн хэдэн жилд гэхэд л манай улс БНХАУ-д 10 гаруй сая тонн угаагаагүй коксжих нүүрс нийлүүлсэн гэдэг.
Харин үүнийг эс тооцвол бид Зүүн хойд Азийн улс орнуудтай эрчим хүчний тогтвортой харилцаагүй байдаг аж. Тиймээс байгалийн нөөц баялагтаа тулгуурлан Зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүчний түүхий эд нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр буй юм. Тус бүс нутагт багтдаг БНХАУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудад ч манай газар доорх баялгийн хэрэгцээ шаардлага бий гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ Япон, Солонгос зэрэг улс орны цахилгаан, эрчим хүчний импортын сонирхлыг нэгтгэн нийлүүлсэн ч БНХАУ-ынхыг гүйцэхгүй. Учир нь дэлхийн эрчим хүчийг тус улс “залгиж”, ирээдүйн эрэлт хэрэгцээгээ ч хайсаар байгаа юм. Харин ОХУ болон Монгол Улс хоёул урд хөршид эрчим хүч нийлүүлэх сонирхолтой. Гэхдээ манай улс эрчим хүч нийлүүлэхдээ түүхий нүүрс экспортлохоос өөр арга зам хараахан олоогүй л байна.
Энэ бүх асуудалд шийдэл хайж “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт өчигдөр Гадаад хэргийн яам (ГХЯ)-нд эхэллээ. Анх удаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон болон манай улсын эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар оролцлоо. Уулзалтын хүрээнд, Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний салбарт явуулж буй бодлого, туршлага, хэтийн хандлагыг тодорхойлох зэрэг зорилго тавьсан. Гэхдээ эрчим хүчний үр ашиг, технологийн хөгжил, инноваци, эрчим хүчний аюулгүй байдал, өндөр хүчдэлийн тогтмол гүйдэл зэрэг асуудлыг шинжээчид түлхүү хөндөн ярилцлаа. Тэдэнд илтгэл тавьж, өөрийн улсын эрчим хүчний салбарын чиг хандлагыг танилцуулах 15 минутын хугацаа олдсон бөгөөд манай улсын шинжээчдийг төлөөлөн ШУТИС-ийн доктор, Эрчим хүчний сайд асан С.Батхуяг, Физик Технологийн Хүрээлэнгийн захирал Б.Чадраа, Сэргээгдэх эрчим хүчний ахлах мэргэжилтэн О.Бавуудорж болон Азийн Супер Сүлжээ Ассациоцийн Ерөнхийлөгч Б.Жигжид нар илтгэл тавьсан юм.
Тавантолгой-Улаанбаатар хоёрыг холбох хамгийн хэцүү
“Кориагаз” корпорацийн ахлах судлаач Жу Ву Сунг” “Кориагаз” компани нь Солонгосын Засгийн газрын дэмжлэгээр 1983 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш манай компани шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлд дэлхийн хамгийн том тоглогч болж хувирсан. Бидний шугам хоолойн сүлжээ 4641 км үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар байгалийн хийн хайгуул, үйлдвэрлэлийн 31 төслийг дэлхийн 17 улсад хэрэгжүүлж байна. Үүнд “Таван толгойн” төсөл багтаж байгаа. Энэхүү төсөл нь нүүрсний метан хийг ашиглах юм. Энэ ордоос метан хийг олборлож, анхан шатны боловсруулалт явуулсны дараа Улаанбаатар руу 545 км үргэлжлэх шугам хоолойгоор дамжуулах төлөвлөгөөтэй байгаа. Бид өнөөдрийн байдлаар Таван толгойд 45 сая тонн байгалийн хийн нөөц бий гэж үзсэн. Жилдээ дээрх хоолойгоор нэг сая тонныг нь тээвэрлэх юм бол 250 мВт хүчин чадалтай цахилгаан станцыг түлшээр хангахуйц түүхий эдийг Улаанбаатарт хүргэж чадах юм. Хэдийгээр метан хийн хэрэгцээ шаардлага Монгол Улсад байгаа ч хэрэгжүүлэхэд амаргүй төсөл. Хамгийн гол нь “Эрдэнэс таван толгой”-н нүүрсний ордны давхаргуудаас олборлолт явуулж болох ч Улаанбаатар-Тавантолгойн хооронд шугам сүлжээ барьж байгуулах нь хамгийн хүнд асуудал гэж бодож байна” гэв.
ОХУ эрчим хүч дамжуулах хүчин чадлаа нэмж байна
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Мелентиевын энергийн системийн хүрээлэнгийн дэд захирал, профессор Борис Григорьевич Санив: ОХУ-ын эрчим хүчний бодлогод Зүүн бүсийн бодлого туйлын ач холбогдолтойд тооцогдож байгаа. Учир нь, зүүн тэнхлэг нь манай улсын стратегийн чиглэл юм. Тэр утгаараа зүүн Сибирь, Алс дорнод дахь эрчим хүчний хөгжил нь улсынхаа эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээний хамтын ажиллагаа, эрчим хүч солилцоонд өндөр үүрэгтэй оролцдог. Тиймээс манай бүс нутгийн эдийн засаг, эрчим хүчний болон стратегийн хөгжлийн 2030 он хүртэлх чиг хандлага тодорхойлогдсон байгаа. Манай хүрээлэн ч гэсэн үндэсний хэмжээний эрчим хүчний хэтийн төлөвийг тодорхойлох ажилд 2007 болон 2011 онд оролцож, хэд хэдэн ажлыг хийсэн.
Өнөөдрийн байдлаар ОХУ нь Зүүн хойд Азид төдийгүй эрчим хүчний зах зээлд тэргүүлэх тоглогчдын нэгд зүй ёсоор багтаж буй. Мөн бид улсынхаа зүүн бүсийн байгалийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийх зорилтуудыг тавьсан байгаа. Зүүн Сибирьт 80 сая тонн м.куб хий дамжуулах хүчин чадал бүхий хийн хоолой баригдаж дууссан. Харин эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд стратегийнхаа дагуу ОХУ-ын зүүн бүс болон Монгол, Хятад, Япон, өмнөд хойд Солонгос аль алинтай нь цахилгаан эрчим хүч дамжуулах шугам байгуулах чиглэл баримталж байна. Ингэж дамжуулах хүчин чадлыг бий болгосноор харилцан холбогдох байдал сайжрах боломжтой юм. Зүүн Сибирь нь нефтийн 20 хувийг агуулж байдаг бүс нутаг учраас харьцангуй богино хугацаанд эрчим хүчний төслүүдийг гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл бид Япон, Солонгос, Хятад руу эрчим хүч дамжуулж болох юм. Монгол Улсын хувьд ч хил дамнасан цахилгаан эрчим хүч дамжуулах боломжтой шүү дээ.
С.Батхуяг: Оростой өрсөлдөгч болж болохгүй
Энэ үеэр ШУТИС-ийн доктор, Эрчим хүчний сайд асан С.Батхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Таны илтгэлд дотоодын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлууд бараг дурдагдсангүй. Харин уурхайд түшиглэсэн станц зэрэг өргөн хүрээний яригдах шиг боллоо. Манай улс “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтад яг ямар байр суурьтай оролцоод байгаа юм бэ?
-“Эрчим хүчний хэлхээ холбоо” гэсэн энэ уулзалт нь Монголын эрчим хүчний салбарын хувьд их чухал үйл явдал. Би түрүүн илтгэлдээ дурдсан. Манай улс асар их нүүрсний баялагтай гэж. Төмөрлөгийн үйлдвэрт хэрэгтэй сайн чанарын нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс гэж ярьдаг хүрэн нүүрс их бий. Хоёрдугаарт, бид цахилгаан их хэмжээгээр үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ бусад улсад экспортлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчийг хамгийн их ашиглаж байгаа БНХАУ-д эрэлт өнөөдрийг хүртэл байсаар байна. Харин бидэнд ханган нийлүүлэх боломж бий.
-Цахилгаан станц гэхээр хөрөнгө, мөнгөний асуудал тулгараад л гацчихдаг шүү дээ?
-Тиймээс бүс нутгийн хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа юм. Манай улсын цахилгааны хэрэгцээ бага шүү дээ. Ер нь, нэг зүйл хийхэд эрх зүйн орчин зэрэг дайвар зүйлс ярих шаардлагагүй. Зүгээр л гэрээ байгуулдаг эрхтэй байгууллагууд идэвхтэй ажиллаж, гаднынхныг өдөөх хэрэгтэй. Би өмнө нь хэлж л байсан. Говийн бүсийн хүрэн нүүрсэн дээр том цахилгаан станц байгуулж, хятадын зах зээлд түшиглэх тухай. Аль Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үеэс л ярьдаг байсан. Уг нь шийдвэр гаргах түвшинд яригдаж байсан ч манайхан ажил хэрэг болгож чадаагүй. Тэгсэн мөртлөө өнгөрсөн жил хоёр хөршийн айлчлалын үеэр энэ асуудлыг сөхөөд бас л ярьсан. Ерөөсөө ажил хэрэг болдоггүй юм. Гэхдээ ерөнхий чиглэл нь гарчихсан. Хятадад бодит хэрэгцээ байгаа учраас тэд хамтраад цахилгаан станц баръя гэж байна. Тэр чинь бидэнд хэрэгтэй. Бэлэн мөнгөө гаргаад хийчихэж чадахгүй юм чинь хамтарсан нь дээр биз дээ. Оросууд хүртэл том шугам хэрэгтэй бол танай нутгаар дайруулна гэж байгаа. Миний яриад байдаг зүйлс хоёр хөршөөр дэмжигддэг ч өөрсдөө том цахилгаан станц байгуулна гээд яриад байх юм. Биеллээ олбол сайн л биз. Гэхдээ хамтын ажиллагаа гэдэг зүйлийг орхигдуулж болохгүй. Дээрээс нь концессын гэрээгээр цахилгаан станц барина гэж байна. Гэтэл концессын гэрээ гэдэг чинь гаднаас хөрөнгө оруулагч орж ирээд, түүнийгээ ашиглаад дараа нь манай улсад хүлээлгэн өгнө гэсэн үг. Жижиг зам дээр хүртэл концесс орж ирэхгүй байхад олон зуун саяар яригддаг цахилгаан станцыг концессоор барина гэж байхгүй. Тиймээс хамгийн дөт зам нь өөрийнхөө нөөцийг ашиглаад бүс нутгийнхаа улсуудтай хамтрах юм.
-Зүүн хойд бүс нутгийнхны эрчим хүчний ашиг сонирхлын өрсөлдөөн хэр ажиглагддаг вэ. Дээрээс нь гаднын илтгэгч нарын илтгэлээс нэн түрүүнд шүүрээд авмаар юм байв уу?
-Эхний ээлжинд БНХАУ руу цахилгаан экспортолно гэвэл зураг төсөл хийхээс эхлээд маш хүндрэлтэй. Харин ОХУ-д зураг төслөөс эхлээд бүх зүйл нь бэлэн байгаа юм. Тэгэхээр бид ОХУ-тай өрсөлдөхгүйгээр, хамтарч Хятадын хязгааргүй зах зээлд орох хэрэгтэй. ОХУ-ын эрдэмтэн хүртэл салбарын хамтын ажиллагааны талаар өмнө нь судалгаа хийж хамтран ажиллаж байсан. Тэр ч гэсэн надтай адилхан санаа бодолтой байгаа. Хятадын зах зээлд хамтарч орох тал дээр нэг л санаа бодолтой. Харин ашиг сонирхлын тал дээр Хятадууд манай улсаас цахилгаан импортлох ашиг сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл, хятадын эрдэмтэн “бид дэлхийн цахилгааны хамгийн том үйлдвэрлэгч мөртлөө, хамгийн том хэрэглэгч” гэж хэлж байна. Энэ нь хүрээлэн буй орчны асуудал тэр чинээгээр хүндэрч байгааг илтгэх юм. Тиймээс Монголд цахилгаан үйлдвэрлээд авах сонирхол давамгайлж байгаа.