Дайны үед фронтод бэлэг хүргэж байсан нэгэн эмээтэй ярилцлаа. Тэрээр өдгөө 94 настай ч 70 жилийн тэртээх үеийн үйл явдлыг саяхан болоод өнгөрсөн мэт ярих аж. Овог тань хэн билээ гэхэд “Уг нь эмээ нь ээжээрээ овоглодог юм. Сүрэнжавын Цэгмид. Фронтод бэлэг хүргэж ирснээс хойш Фронт Цэгмид болсон доо” хэмээн ярив. Ингээд эмээгийн яриаг хүргэж байна.
-Дайнд хэдэн онд ямар үүрэгтэй оролцож байсан бэ?
-1942 онд монголчуудын бэлгийг фронтод хүргэхэд Дундговь аймгийг төлөөлж явсан юм. 19 настай байлаа. Төрийн томчуудтай явсан даа. Чойбалсан, Бумцэнд, Ц.Дамдинсүрэн, Ширэндэв, Цагааны Цэгмид гээд л. Тухайн үед 18 аймагтай байлаа. 15 аймгаас нь төлөөлөгч явсан. Явсан хүмүүсийн хамгийн бага нь би байсан. Свердловскийн фронт гэдэг дээр очсон. Яг л ид дайн өрнөсөн, гардан байлдааны халуун цэг дээр очсон юм. 217 вагон бэлэг авч очиж билээ.
-Ямар дүр зураг угтсан бэ?
-Арванхоёрдугаар сар учраас өвдөг давсан их цастай байсан. Газар доогуур нуувч ухчихсан байлаа. Москвагаас баруун тийшээ 500 км орчим хол газар л даа. Бид хуваагдаад ийш тийшээ явсан. Чойбалсан Сталинград явсан. Бага хурлын дарга Бумцэнд гуай Калинигийн фронт дээр очиж бэлгээ тараасан.
Жанжин Мижид, Гонгор баатар тэргүүтэй хүмүүс фронтоос баруун хойш 800 км гаруй хол явж бэлгээ тараасан. Харин Сүрэнжав тэргүүтэй бидний нөхөд 117 дугаар армиас явсан Ивано гэж жаахан орос хүүхэнтэй хамт хамгийн хүнд нөхцөлтэй фронтод нь очиж байлаа.
-19-хөн настай жаахан охиныг яагаад тэр дайны талбар руу илгээсэн юм бэ. Фронт руу явуулсан хүмүүст тавьсан шалгуур ямар байсан юм бол?
-Эмээ нь хамгийн анхны улсын сайн малчин байхгүй юу. 1941 онд аварга цол авсан байсан. Тийм учраас манай аймгийг төлөөлж намайг сонгосон хэрэг. Эмээ нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын дөрөвдүгээр багт амьдарч байсан. Насаараа л мал малласан. Одоо ч малаа малласаар л байна. 94 хүрч байна даа.
-Та хотод хэзээ ирсэн бэ?
-Эмээ нь уржигдар ирлээ.
-19 настай жаахан охин фронтод очоод айж байв уу?
-Эмээ нь 18 настай анхдугаар зөвлөлгөөнд суугаад 19-тэй фронт руу явсан. Өрөвдмөөр байдал угтсан. Цэргүүд тэр их цасан дунд уранхай гутал, шинель өмсчихсөн явган давшилт хийж байлаа.
-Фронтод та бүхний хүргэсэн бэлэг юу байв даа?
-Очсон газар бүрээ Сүрэнжав дарга захидал уншиж өгөөд бэлгээ тараана. Цэргүүдэд гурван янзын дээл, гутал, гар нүүрийн саван, бээлий өгч байлаа.
-Таны энгэр дээр “Гавардия” гэсэн тэмдэг байна. Энэ талаар...?
-1973 онд Флатов гэж хүн танаас 16 настайдаа фронтод бэлэг авч байсан гээд манай аймагт ирж энэ тэмдгийг гардуулсан. Эмээ нь Хувьсгалт Монголын танкийн цувааг ч гэсэн хүргэж байлаа. Монголоос тэр дайнд оролцоогүй хүн байхгүй дээ. Хувцас оёж өгөхөөс эхлээд уналгын ганц морио хүртэл өгч байлаа. Биднийг Сталин хүлээж аваад “Монголчууд бүх хөрөнгөөрөө бидэнд тусалж байна. Би үүнд маш их баяртай байна. Ядрах цагт нөхрийн чанар танигддаг” гэж хэлж байсан.
-Монголчууд хэдэн танк хүлээлгэж өгсөн юм бэ?
-Мөнгө цуглуулаад 40 гаруй танк оросуудад хүлээлгэж өгсөн дөө. Манай Дундговь аймгаас өгсөн танк дээр “Средне-Гобийский аймак” гэсэн бичиг наасан байсан. Би түүнийг нь хүлээлгэн өгсөн. Бэлэглэсэн танкаараа бид буудаж үзсэн. Миний олсыг нь татсан танк гурван германыг цааш нь харуулсан гэх юм билээ. Маргааш нь л сонин дээр хэвлээд гаргачихсан байсан. Германы хилээс гуравхан км зайтай газар очсон байхгүй юу.
-Тэр үед та ОХУ-д хэр их удсан бэ?
-Явахдаа 10 гаруй хоноод Москвад нэг сар болсон. Сталин биднийг хүлээж авна гэсэн учраас хүлээгээд л байсан. Нийтдээ гурван сар яваад ирсэн. 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Сталин хүлээж авахаар боллоо. Тэгээд л Кремльд очсон.
-15 аймгаас явсан төлөөлөгчийн хэд нь эмэгтэй байв?
-Таван эмэгтэй явсан. Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам гэж 47 настай эмэгтэй явсан. Хамгийн ахмад нь байсан л даа. Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байлаа. Надтай явсан улс одоо бүгд байхгүй.
-Таны энгэр дээр Алдарт эхийн хоёрдугаар одон байна?
-Эмээ нь долоон хүүхэд төрүүлсэн. Одоо хоёр хүү маань бий. Бусад нь тойн болоод диваажин руу явсан. Дөрвөн охин маань дөрвөн жил дарааллаад шахуу бурхан болсон. Эмээ нь хэдэн охиноо өмнөө хийчихээд...
-За яахав дээ эмээ, амьдралын жам хойно. Эх орны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмадуудыг ОХУ-аас их хүндэтгэх юм аа...
-Тийм ээ. Би чинь орос ах дүүсийн хувьд нэг их хүндтэй хүн юм. Зөв сэтгэлтэй явахад болно доо.