Аугаа их Эх орны ялалтын дайны халуун цэгт тулалдаж явсан ахмад дайчид гарын арван хуруунд багтахаар цөөн үлджээ. Тэдний нэг Дагвын Дэнзэнтэй ярилцлаа. Тэрээр өдгөө 95 настай хараа, сонсгол нь муудсан хэдий ч дайны үеийн үйл явдлаа нэхэн ярьсныг хүргэж байна.
-Таныг эх орны дайны галын фронтод тулалдаж явсан цөөн ахмад дайчны нэг гэсэн. Яагаад дайны үед Орос руу явсан юм бэ?
-Өвөө нь 1940 онд сайн дураараа Ардын армид эх орноо хамгаалахаар ирээд Бууны үйлдвэрийн мастерын курсийг төгссөн. 1941 оны тавдугаар сард Ленинградын Улаан тугийн одонт Артлерийн сургуульд Монголоос хоёулаа явсан юм. Тэгсэн сургууль эхлээгүй байтал зургадугаар сарын 22-нд фашист Германы цэрэг Ленинград руу давшсан учраас сургуульд сурахаа болиод хотоо хамгаалж ЗХУ-ын Улаан армид нэг жил тулалдсан. Өдрийн 120 грамм талхны нормтой өлсч, цангаж л явлаа. Ленинградад байхад бидэнд орос нэр өгсөн.
Намайг Давидов, нөгөөхийг маань Гончаров гэж нэрлэсэн. 1942 оны арваннэгдүгээр сард Сталинградын тулалдаан эхлэхэд бид хоёр эх бууны ангитайгаа тийш яваад, 1943 оны хоёрдугаар сард Сталинградаа чөлөөлсөн. Гэтэл хамт явсан найз маань дэлбэрэлтэд өртөөд шархадсан. Тэр үед намайг шархадсан хүнээ аваад буц гэсэн.
-Хамт явсан нөхрийг тань хэн гэдэг байсан юм бэ?
-Гончигийн Лутаа гэдэг хүн байсан. Тэр маань наашаа ирж чадаагүй. Сталинградаас буцах гэтэл бид хоёрыг буцаах тушаал ирдэггүй. Тэгээд хэд хэдэн хот дамжиж яваад нөхөр маань Уралд нас барсан. Ганцаараа үлдээд байтал 1944 оны дөрөвдүгээр сард Ленинград хот чөлөөлөгдсөн.
1944 оны зургадугаар сард Ленинграддаа буцаж ирээд өдөр нь хотоо сэргээн босгох ажил хийж, шөнө нь сургуулилтаа хийсээр 1944 оны арванхоёрдугаар сард эх орондоо буцаж ирсэн.
-Эх орондоо ирээд дахиад л цэргийн албанд зүтгэсэн үү?
-Офицер болж ирээд Бууныхаа үйлдвэрт л ажиллаж байтал наймдугаар сарын 10-нд Японтой дайн зарлаж, тэр дайнд бас оролцсон. Чөлөөлөх дайнд тулалдаад дайсны олон онгоцыг устгасан. Буцах замдаа тэндээс олзолсон зэвсгийг ав гэсэн тушаал аваад Манжуурын төмөр замаар тойруулж Наушк өртөөн дээр буулгаад тэндээсээ машинаар тээвэрлэж 1946 оны дөрөвдүгээр сард эх орондоо эсэн мэнд ирсэн.
-Ирээд ямар албанд ажилласан бэ?
-Бууныхаа үйлдвэрт үргэлжлүүлэн ажилласан. Мөн олон анги салбарт ажиллалаа. Арми олон удаа татан буугдаж байсан ч намайг тусгай мэргэжлийн хүн гээд халаагүй. 1940-1985 он хүртэл эх орноо хамгаалах албанд зүтгэсэн. Бууны үйлдвэртээ засвар хийж байгаад Зэвсэг баазтай нэгдэхэд нь тэнд ажиллаад дараа нь Цэргийн ерөнхий сургуульд офицер, генералуудад орчин үеийн зэвсгээр сургах багшийн ажлыг хийсэн. Дараа нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо 95 хүрч байна даа.
-Та бууны үйлдвэрийн тухай яриач?
-Хуучин Төмрийн завод гэж байсны урд байсан юм. Армид нэвтэрсэн бүхий л зэвсгүүдийг засч янзладаг байсан. Сүүлд Зэвсэг баазтай нэгдээд Хужирбулан руу нүүсэн дээ. Дээр үед винтов буу, сэлэм байлаа. Гадаадын орнуудаас гар буу орж ирдэг л байсан. Тэр бүгдийг засдаг.
-Гурван жил тулаанд ороод орос цэргүүдтэй мөр зэрэгцэж явахаар ах дүүс шиг болно биз...
-Бид хоёрыг анх очиход хүлээж авсан сургагч цэргийн дарга маань дайны үед холбоогүй болсон юм. Дайн дуусаад эх орондоо ирсэн ч тэр даргыгаа л их дурсдаг байлаа. 1960-аад оны эхээр над руу цахилгаан явуулсан байсан. Нэг өдөр Цэдэнбал дарга дуудаад таньд оросоос цахилгаан ирсэн байна гэсэн. Батлан хамгаалах яамнаас тэр цахилгааныг маань гардуулж өгч байлаа.
Түүнээс хойш их захидал бичнэ. 1967 онд Зөвлөлтийн Пенз гэдэг хотод дээд сургуульд сурахаар явахдаа цахилгаан илгээгээд “Пензийн вокзал дээр уулзъя” гэсэн. Тэр үед яг хэдний өдөр, хэдэн цагаас тэнд очих нь тодорхойгүй шүү дээ. Тэгээд л очсон багш маань хүлээж байсан. Түүнээс хойш захидлаар маш их харилцдаг байж билээ. 1990 оны гараад нийгмийн ороо бусгаа байдлаас үүдээд холбоо тасарсан даа. Одоо бурханы оронд заларсан биз дээ.