Британийн Гадаад хэргийн яам орос хэл мэддэг мэргэжлийн дипломатуудаар туйлын их дутагдаж эхэлжээ. Тус улсын Гадаад хэргийн яаманд орос хэлний мэргэжилтнүүд дутмаг байгаагаас Украинд өрнөсөн үйл явдлын талаар урьдчилан таамаглаж ч чадаагүй гэдгээ Британийн парламент дахь Гадаад хэргийн хороо саяхан гаргасан дүгнэлтдээ дурджээ. Мэдээж энэ үйл явдлыг урьдчилан харж чадаагүй учраас сүүлийн бараг хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн халуун сэдэв болоод буй Украины дайн, түүнээс үүдсэн баруун-зүүний харилцааны ээдрээний тухайд ч ямар ч бэлтгэлгүй байснаа Британийн эрх баригчид хүлээжээ.
Нөхцөл байдал ийм дээрээ тулсан учраас Оросын талаар мэргэшсэн экспертүүд яаравчлан бэлтгэх тал дээр тус улс анхаарч эхэлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яам орос хэл мэддэг дипломатуудыг идэвхтэй хайж эхэлсэн гэнэ.