Н.БАТ
Путинийг 10 хоног олны өмнө харагдаагүйг түүний хэвлэлийн төлөөлөгч Сечин “Хаврын синдром гэдэг энэ байх даа” хэмээн тайлбарласан байгаа юм. Ёстой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг хаачсаныг сайн мэдэхгүйдээ ингэж хариулав уу эсвэл үнэхээр хаврын синдромын эхлэл байв уу.
Юутай ч бидний хувьд “хаврын синдром” гэх энэ “өвчин” аль өвлийн дунд сараас эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Он дөнгөж гараад л жагсаал цуглаан, сүрдүүлэг шантаажийн тухай мэдээлэл өдөр алгасахгүй гарсаар байна. Сүхбаатарын талбай Эзэн Чингисийн талбай хэмээн нэрийдсэнээсээ хойш нуруу амар сарыг үзээгүй. Эмч багш нар жагсана, жиргээчид тайван суулт хийнэ, зул барина гээд л өдөр бүр биш ч сар бүр үйл явдлаар дүүрэн байлаа. Сүүлийн өдрүүдэд Ноён уулыг хамгаалагчид хийгээд Ерөнхийлөгчийг огцруулахыг хүсэгчид нэгдээд ч юмуу, салаад ч юмуу жагсаад, өлсөөд, суугаад л байна. Дээрээс нь дуучин, УИХ-ын гишүүн гээд бас нэмэгдсэн гэж байгаа. Гэвч эцэст нь иргэд хэн нь үнэн яриад байгаа вэ гэдгийг шүүн тунгаахад тун хүндхэн болчихоод байгаа юм. Хэн нь хийрхэгч, хэн нь жинхэнэ оронч гэдгийг ялгах ч арга алга.
Уг нь, монгол дээл хувцсаа өмсч, нүүдэлчдийн жинхэнэ хэв маягийг сурталчлаад явааг нь бодвол дуучин маань эх оронч юм шиг. Гэвч татвараа битгий төл, энэ тэр гээд уриалаад байгааг нь харвал эх орноо хөгжөөсэй, орчин үеийн дэлхийтэй хөл нийлүүлсэн улс болоосой гэж хүсдэггүй юм шиг. Харамсалтай нь, эртний хүннүчүүд татвар төлдөг байсан гэдгийг манай дуучинд хэн нэгэн дуулгаагүй бололтой. Харин түүний энэ дуулианаар УИХ-ын зарим гишүүн ард түмний хүүхэд болж тоглохыг хүссэнийг олон хүн анзаарсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн хүртэл Үндэсний телевизийн студид ороод селфидэж наадах жишээний.
Хамгийн тайван аварга хэмээн нэгэн цагт тодорхойлогдож, Монгол эр хүний уужуу тайван гээд л олон сайхан шинж бүрдсэн гэж магтуулж байсан аварга маань өнөөдөр “Хаврын синдром”-ын тэргүүн эгнээнд явна. Хамгийн гол нь хэнтэй, юунд яваа вэ гэдгээ маш сайн мэдэж буй гэдэгт нь эргэлзэхэд хүрч байгаа юм. Тэр хүмүүс юуны төлөө ийн зүтгэж байгааг аварга маань мэдсэн л байлгүй дээ. Гол нь УИХ-ын гишүүн, эрхэм аварга маань зөвхөн Хэнтийн гэлтгүй эх орны хүү болж харагдах нь чухал байсан бололтой. Нэг иймэрхүү синдром үргэлжилсээр л...
Ноён уулыг ухуулахгүй, гадаадынхан хамаг юм хамаад явах нь гэж хардаж байсан бол одоо Ерөнхийлөгчийг огцуулах болж агуулгын хувьд эрс шинэчлэгдсэн ч гэж болно. Харин хашгирч, бухимдаж байгаа хүмүүс нь солигдоогүй.
Сүүлийн үед дээшээ харсан, нүүр дүүрэн сайхан инээмсэглэсэн хүн олж харахад үнэхээр хэцүү болж. Арга ч үгүй . Телевизээр үргэлж бухимдсан уурласан хүмүүс, болохгүй бүтэхгүй байгаа эх орны тухай ярина. УИХ-ын гишүүд нь хэрэлдэнэ. Элдвээр хэлнэ бие биеэ. Ингээд миний эх орон, Улаанбаатар маань нэг л хөмсөг зангидсан, цэлгээн дотортой хүмүүсээр дүүрсэн мэт санагдана. Энэ бүхнийг хаврын синдром гэж оношлоод эмчлэгдэх өвчин гэж тодорхойлж болох ч хэрвээ зуных, намрынх, өвлийнх гэж үргэлжилсээр ирэх хавартай золговол... Учир нь ирэх хавар чинь сонгуулийн жил шүү дээ.
Уг нь манай хотын дарга “Найрсаг Улаанбаатар” гэсэн сайхан зорилго өмнөө тавиад нийслэлчүүд минь инээмсэглээд байгаарай гэж уриалж байна. Найрсаг байсны төлөө нэг ч төгрөг таны халааснаас гарахгүй. Харин маш их бизнес дэлгэрэн цэцэглэх болно. 2020 он гэхэд бид үүнийхээ төлөө таван сая жуулчин хүлээж авна гэж буй. Тэрээр ердөө сайхан амьдрах бололцоо бүрийг зуурч авъя гэж бидэнд ашигтай л бол зөв гэсэн зарчмаар зүтгээд үзье гэж байгаа юм.
Гэвч өнөөдөр хөмсөг зангидаж суугаа хүн маргааш малийтал инээнэ гэж итгэхэд бэрх өдрүүд бидний өмнө байгаа юм. Засгийн газраас тоймтой шийд горьдсон хөрөнгө оруулагчид, тэднийг дагаж орж ирэх ам.долларын урсгалд сэргэх итгэл өвөртөлсөн эдийн засаг, би ядуу гэдэгтээ бат итгэчихсэн монголчууд гээд сэрэх тэнхээ тамираа барж байгаа энэ бүхэн зөвхөн биднээс л шалтгаалж байна гэдгийг харин хэн маань ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Синдромыг синдромоор дарахгүй. Синдромыг итгэл найдвар, зүтгэл гэдэг эмчилгээ л даван гарах биз.
Гэвч монголчууд “синдром”-той байна.