Монгол Улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна гэсэн гомдол ШӨХТГ-т иржээ. Ингээд тус газар БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагчидтай хамтарч шалгалт хийсэн юм. Гэтэл Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байжээ. Эдгээрийг зарж байсан лангууг түр хаагаад байна. Уг хэргийг Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо шалгаж байгаа тул удахгүй манай талд хариу өгөхөөр болжээ.
Энэ шалгалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг худалдаалж байгаа нь ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдан авч хууль бусаар ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна хятад худалдаачид монгол иргэдийг хохироох явдал нэлээд гардаг. Дээрх хамтарсан шалгалтын үеэр Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд монгол иргэдийн гаргасан өргөдөл гомдлыг судалж үзээд заримыг нь газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Орхон аймгийн оршин суугч хоёр сар гаруйн өмнө есөн сая төгрөгийн тавилга худалдан авч ачуулсан ч зарим хэсэг нь ирээгүй гэнэ. Иймд үлдсэн тавилгыг нь ачуулж хохиролыг нь барагдуулах арга хэмжээ авсан байна.
Мөн Эрээний зах, дэлгүүрүүдэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой тэмээний ноос, ноолууран хувцас, эдлэлийг хуурамчаар үйлдвэрлэн зарж буй. Энэ талаар манай үндэсний үйлдвэрлэгчид ШӨХТГ-т гомдол гаргаад байгаа юм. Тэгээд тус газар Хөх хот болон Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хуурамч шошго, тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг лангуунаас татуулах, хил нэвтрүүлэхгүй байхаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ӨМӨЗО-ны Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны дарга Юү Хонг Ли-тэй уулзалт, хэлэлцээр хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр монгол иргэд Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэхэд эрх ашиг нь зөрчигдөж хохирсон тохиолдолд Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны 12315, 7533315 гэсэн дугаарт залгаж хохирлоо барагдуулж байх болов. Уг утсан дээр Монгол хэлтэй байцаагчид байх ажээ. Үүнээс гадна ШӨХТГ Замын-Үүд боомтод “Хэрэглэгчид үйлчлэх төв” нээж улсын байцаагч ажиллуулахаар боллоо.