Б.МЯГМАРЖАВ
Хуримын ордонг ашиггүй ажиллалаа гэсэн үндэслэлээр хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан ч төлөөлөгчдийн олонхи нь эсэргүүцэж, НИТХ 24 дүгээр хурлаар хэлэлцүүлэхээр болж байсан юм. Гэрлэх ёслолын ордон нь 1976 оны зургадугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 1976-1991 он хүртэл Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэстэй хамтран чиг үүргээ хэрэгжүүлж байгаад 1992 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар аж ахуйн тооцоонд шилжсэн байдаг.
УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн. Одоогоор нэг тэрбум 693 сая 254,2 мянган төгрөгийн нийт хөрөнгөтэй 27 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Гэрлэх ёслолын ордны барилга нь 15 өрөө тасалгаа бүхий 1878 ам.метр талбайтай гурван давхар, 10 мянга 526 ам.метр эзэмшил газартай. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ашиггүй ажилласан гэсэн дүгнэлт хэлсэн учир нь 2014 онд 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тайлбарыг өгсөн.
Харин 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан юм билээ. Өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд үргэлж ашигтай ажиллаж улсаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй ёстой л мөнгөний машин болсон цорын ганц төрийн өмчит байгууллага гэхэд хилсдэхгүй. Үүнийг нь ч жилдээ 45-50 мянган хос тус ордонд хуримлаж, нэг хос нь 850 мянган төгрөгийн орлого оруулдаг гэдгээс харж болно. Нөгөө талаас манай улс эдийн засгийн хямралд өртөөд хосууд гэрлэх ёслолын ордонг зорихоо больсон уу гэвэл эргэлзээтэй. Амьдралдаа ганц тохиох баярт мөчийг аав ээж, ах дүүтэйгээ сайхан тэмдэглэх юмсан гэсэн үүднээс ганц удаа юм даа хэмээн хамагаа шавхан энэ ордонд орох гэж олон хосууд тэмүүлдэг. Харин гэрлэх ёслолын ордонг хувьчлахыг зарим төлөөлөгч нар эсэргүүцэж байгаа бөгөөд төлөөлөгч Ж.Амарсанаа дэмжихгүй талаар НИТХ-д НИТХ дахь Залуучуудыг дэмжигч лобби бүлгээс албан тоот хүргүүлсэн талаар хэлсэн. Мөн тэрээр “Гэрлэх ёслолын ордон нь залуучуудын өмч. Хувийн байгууллагад шилжих юм бол ашиг олох байгууллага болж хувирна” гэдгийг дуулгаж байлаа.
Хувьчлалын балгаар олон үйлдвэрүүд дампуурч ажилчид нь хохирч ажилгүй болж ашиг олох хэрэгсэл болон хувирсан жишээ олон бий. Тухайлбал, Ээрмэлийн үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, оёдлын нэгдэл, арьс ширний үйлдвэр, мод боловсруулах комбинат, мебель картоны үйлдвэр, гутлын үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат, СОТ1, СОТ2, маx консервны комбинат, сүү, талхан завод, гурилын үйлдвэр, шилний үйлдвэр, шүдэнзний үйлдвэр, зочид буудлууд. Тиймээс энэ бүхнээс харахад Гэрлэх ёслолын ордон хотын А зэрэглэлд, Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнтэй хаяа залган байдаг нь олон хүний шуналыг хөдөлгөж байгаа биз ээ. Гэрлэх ёслолын ордонг хувьчлах асуудал олон хүний анхаарлыг татаж байгаа учир сайн судалж байж шийдвэрлэх хэрэгтэй хэмээн үзэж НИТХ-ын хоёрдахь хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэхээр болсон юм.