Б.ШИРНЭН
“Япончууд 1970-аад оны эхээр электрон барааг ихээр үйлдвэрлэж баруун Европ, Хойд Америк руу экспортлох болсон ч үнэлэмж доогуур Азийн улсын бараа, бүтээгдэхүүнийг өөр тивийнхэн сонирхсонгүй. Хэчнээн сайн, чанартай байсан ч Японы бараа өндөр ашиггүй байлаа. Тиймээс япончууд үйлдвэрлэсэн бараанаасаа илүүтэй, өөрийн улсыг таниулах замыг сонгож, соёлын салбартаа их хэмжээний мөнгө зарцуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Хойд Америк даяар Японы урлаг, соёлын музейг ихээр байгуулахын тулд тухайн улстай хамтран ажилчдын цалин, санхүүжилт зэргийг нь өгч, Зүүн Азийн соёлын эсвэл урлагийн музей зэргийг байгуулснаар өөрийн улсыг таниулж чадсан” юм байна. Үүн шиг гадаадад байгаа соёлын өвөөрөө дамжуулан өөрийн улсыг таниулах зам бий гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монголын соёлын өв, гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийн үеэр жишээлэн ярилаа. Үүнээс гадна, манай улсад их хэмжээний үзмэр байдаг ч музейн багтаамжаас болоод зарим нь хайрцагт хадгалагддаг. Тиймээс тэдгээрийг бусад улсын томоохон музейд байрлуулах боломж байгаа гэж тэрбээр үзэж буй юм байна.
Харин Гадаад хэргийн яам (ГХЯ) гэнэтхэн 40 гаруй жилийн өмнөх жишээг онцолж, соёлын өв, гадаад харилцаа гэж ярих болсон нь Л.Пүрэвсүрэн сайдын үзэл бодолтой холбоотой. Юу гэвэл тэрээр “Улсын гадаад бодлого нь эдийн засаг, соёлын гэсэн үндсэн хоёр тулгуурт түшиглэх ёстой” гэж үздэг. Харин эдийн засгаасаа соёлын харилцаа илүү чухал гэж үздэг учраас ГХЯ Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар гэдэг шинэ бүтцийг бий болгоод байгаа юм. Тус газар нь үйл ажиллагаагаа “Монголын соёлын өв, гадаад сурталчилгаа” сэдвээр эхлүүлж СУИС, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны академийн түүх, архелогийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Олон Улсын Монгол судлалын холбоо, музейн эрхлэгч нарыг хэлэлцүүлэгт оролцууллаа. Тэд хэлэлцүүлгийг Соёлын бодлого ба гадаад сурталчилгаа, Соёлын өвийн тулгамдсан асуудал гэсэн хоёр сэдвээр явуулсан бөгөөд Монгол Улс соёлын салбартаа үндэсний нийт бүтээгдэхүүний 0.4 хувийг зарцуулдаг. Мөн Монголд гарч байгаа нийт нэвтрүүлгийн 70.7 хувийг гадаад нэвтрүүлэг эзэлж байгаа зэргийг илтгэлийн үеэр онцолж байв. Тухайлбал, телевизүүдийн гаргаж байгаа нийт нэвтрүүлгийн 70.7 хувийг гадаад нэвтрүүлэг, тэр дундаа 2013 онд 37 хувийг эзэлж байсан БНСУ-ын соёлын нэвтрүүлэг өнгөрсөн онд 57 хувь хүртлээ өссөн нь Монгол үндэсний агуулгатай нэвтрүүлгийг 29 хувь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг таван хувь эзлэх хүртэл буруулаад байгаа гэнэ. Тиймээс Соёлын хуульд өөрчлөлт оруулахдаа дээрх асуудлыг тусгаж байгаа аж.
Тиймээс бид “Монголын соёлын өв, гадаад сурталчилгаа” сэдвийн хүрээнд соёлын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар зарим судлаачийн санал бодлыг сонирхлоо.
Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар: Бидний цалин “ГОК”-ийн цэвэрлэгчээс доогуур
Манай музейн барилга шинэчлэгдэх гээд хүлээлтийн байдалтай байгаа. Одоогийн байдлаар манай музейд 11 мянган үзмэр бий. Үүнээс сайдын хэлсэн шиг Монгол орныхоо ховор, зөвхөн Монголд байдаг гайхамшигтай үзмэрүүдийг ГХЯ-тай хамтраад гадаадад сурталчлахад бэлэн байгаа. Хэчнээн жил ч барилга барих юм. Хий дэмий харанхуй саванд хадгалж байхаар гадаад, дотоодынхонд үзүүлээд ашиг олж болно гэснийг дэмжиж байгаа. Харин манай Монгол Улсын соёлын бодлого зарим талаараа хувийн компаниас дор байгаад шүүмжлэлтэй хандана. Та нар хардаа. Монголын соёлыг, Монголын төр нь яаж доромжилж байгааг. Соёлын яамыг нь алга болгоод сарын дараа байшинг нь зарж байна шүү дээ. Үүнээс илүү доромжлол байх уу. Энэ соёлын бодлогод ямар ч тогтвор алга. Би бэлэн жишээ хэлье л дээ. Лениний музей гэдэг байшинг саяхан буцааж аваад Монголын үлэг гүрвэлийн төв музей гээд том хулдаасан хаяг хадчихсан байсан. Гэтэл өчигдөр оройны мэдээгээр Улаанбаатар хотын ерөнхий архитектур “Энэ музейг Бурхан шашинтны төв музей болгохоор шийдлээ” гэж байна. Тэгснээ нөгөө үлэг гүрвэлийн музейг чинь Мэлхий хадны тэнд аваачина гээд зураг үзүүлж байна. Юу болж байна аа, энэ төр засаг чинь. Монгол соёлдоо ингэж хандах юм бол ямар ч утга учиргүй шүү дээ. Манай улс ер нь сүүлийн 20 гаруй жил соёлын салбартаа улсын төсвийн шавхрууг хуваарилах бодлого барьж ирсэн. Би Монгол Улсын соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа бүх л захирлыг мэднэ. Бидний цалин “ГОК”-ийн цэвэрлэгчээс хамаагүй доогуур байдаг. Тиймээс энэ мэт асуудлыг анхааралдаа авах байх. Бид чинь гадаадад үзэсгэлэн гаргах гээд үйл тамаа үздэг. Нэрийг нь хэлээд яах вэ. Тухайн оронд байгаа гадаад яамныхан арай дэндүү ханддаг. Гадаад хүнээс долоон дор ярвайсан юм л сууж байдаг. Би үзэсгэлэн гаргах гээд ирлээ. Та очоорой гэхэд “Чи тэгээд яах юм. Миний зардлыг даах юм уу. Танай нээлт чинь хоолтой” юм уу л гэдэг. Байдал ер нь ийм л байгаа. Тиймээс ГХЯ энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
“Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн: Эргээд та нарт хариу өгнө гээд л дуусдаг юм даа
Манай улсын дэлхий дахинд байгаа монголчуудын соёлын өвийг судлах, цаашлаад гадаад харилцааны сурталчилгаанд тэдгээрийг хамруулах нь чухал асуудал. Манай “Чингис хаан” дээд сургууль энэ тал дээр 10 орчим жил анхаарч ажиллаж байгаа. Ингээд өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй орноор өөрсдөө яваад Монголынхоо биет болон биет бус өв соёлын хэрэглэгдэхүүнийг хуримтлуулсан. Энэ ажилд ямар хэмжээний зардал, цаг хугацаа орохыг зарим нь гадарлаж байгаа байх. Үнэхээр монгол хүний хувьд, эрдэмтэн судлаачдын хувьд энэ ажилд бие сэтгэлээ зориулаад явж байгаа юм. Тиймээс гадаадад байгаа Элчин сайдын яамдууд, зарим соёлын асуудал хариуцсан хүмүүсийг соёлын өвийн судалгаанд хамруулж, баримт материал цуглуулах, тэднийг нүд чих болгох ажлыг ГХЯ-наас хиймээр байгаа юм. Нөгөө талаар манай ахмад дипломатууд бий. Тэдний зарим нь гадаадад байгаа манай улсын соёлын өвийн талаар судалж, ном бүтээл туурвисан байдаг учраас тэднийг дээрх ажилд хамруулбал, үр дүнтэй болж магадгүй гэж боддог. Нөгөө талаар манай төр засгийн удирдлагууд гадагшаа, дотогшоо явдаг. Цаашдаа бүрэлдэхүүн дотроо соёлын өв, урлагийн чиглэлийн хүмүүсийг багтаах хэрэгтэй гэж санадаг. Бид хангалттай материал бүрдүүлж байгаа. Харамсалтай нь үүнийг дэмжих, хэвлэн нийтэлж олон түмний хүртээл болгох Засгийн бодлого байдаггүй юм. Цаашдаа байхгүй байсан ч бид яаж хийгээд өөрсдөө ном, хэвлэлээ гаргана л даа. Гэхдээ бид нийлээд юм хийвэл илүү үр дүнд хүрнэ. Хоёр жилийн өмнө ГХ-ийн сайд Л.Болд болон хуучин ССАЖ-ын сайд нартай уулзаж, хийсэн бүрдүүлснээ танилцуулсан. Тэд сонсоод их чухал юм байна. Эргээд та нарт хариу өгнө гээд л дуусдаг юм даа.