Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн газар өмчлөлийн гэрчилгээнээс нэрээ хасуулахын тулд МХЕГ-т хандах хэрэгтэй


Иргэдийн дунд  газар өмчлөх, эзэмших болон бусдад шилжүүлэх талаар мэдлэг мэдээлэл хомс байдаг.  Тиймээс иргэн өмчлөн авсан талбайгаа тодорхой зориулалтаар ашиглаагүй  байхад өөр хүний мэдэлд очсон байх нь наад захын жишээ. Энэ мэт  хүндрэлтэй асуудал их гардаг. Иргэдэд энэ асуудлаар зөвлөгөө өгөхөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө- Зөв тус” сарын аян зарласан. Тус нээлттэй арга хэмжээ энэ сарын 13-нд болж өнгөрлөө. Энэ талаар Байгаль орчин газрын харилцааны хяналтын улсын  ахлах байцаагч  Ч.Энхжингээс  лавласан юм.

-Өнөөдрийн байдлаар газар өмчлүүлэх эрхээ батал­гаажуулсан айл хэд байна вэ?  Тодорхой судалгаа  бий юү?
-Манайхаас нарийвчил­сан судалгаа хийгээгүй.  Учир нь, сүүлийн үед газрын асуудал онлайнаар нээлттэй болсон. Нийслэлийн хэмжээнд  50 гаруй газрын байршилд буй нөөцөд иргэд хүсэлтээ явуулж онлайн хэлбэрээр сонголт хийх боломж бололцоо нээлттэй  байгаа. Өмнө нь гэр бүлийн өмчлөл гэж нэг гэр бүлд байгаа хүн бүр газрын гэрчилгээн дээрээ нэрээ бичүүлчихдэг байсан. Харин сүүлийн жилүүдээс эхлэн хуульд өөрчлөлт орж, иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Энэ тохиолдолд мэргэжлийн  хяналтын газарт хандан хасалт хийлгэснээр газар өмчлөх эрх нээлттэй  болж байгаа  юм. Гэхдээ тухайн  иргэн өөрийн оршин суугаа дүүргийнхээ газрын албаны мэдээллийн санд хандаж, давхар хасалт хийлгэх шаардлагатай байдаг. Мөн гадаадад амьдарч буй эсвэл 0-18 насны хүүхдэд итгэмжлэлээр газар олгох боломж бүрэн бий.

-Газар өмчлөгч зохих байгууллагаас зөвшөөрөл авалгүй талбайгаа сунгадаг. Үүнээс болоод нийтийн гудамж талбайн хэмжээ нарийсдаг. Энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг вэ.  Сунгасан газ­­рыг нь кадастрт оруулж өгдөг үү?
-Хүмүүс өмчилж авсныхаа  дараа  газрын талбайгаа томсгодог. Газрын албаны мэдээллийн санд хуучин өмчилсөн га талбайгаар гарч ирдэг.  Гэтэл  газар дээр нь хяналт шалгалт хийхээр  ихэвчлэн томруулсан байдаг юм. Бидний зүгээс албан шаардлага хүргүүлж, холбогдох байгууллагуудад нь шилжүүлж өгдөг. Мэдээж хууль бусаар буюу хулгайгаар сунгасан га талбайн хэмжээг кадастрт оруулдаггүй гэлээ.

Барилга хот байгуулалтын яамнаас газрын зураглал болон  кадастрын  үйл ажил­лагаа явуулдаг  200 гаруй компани бий гэсэн судалгаа  гаргажээ. Харин  тусгай зөвшөөрөлтэй хөдөө орон нутагт 10 гаруй компани бий.  Хяналт шалгалтаар жил бүр 20-40 аж ахуйн нэгж  шалгарч ажилладаг аж. Энэ чиглэлд  ажиллах боловсон хүчний  ур чадвар сул байдаг гэнэ. Ямар стандарт нормыг баримтлах,  иргэдийн кадастрын зураг­лалыг хэдэн төгрөгөөр хийлгэх  зэрэг асуудлыг мэддэггүй. Стандарт нормын хэмжээг алдагдалтай хийсэн зэрэг  наад захын  асуудлыг шийдэж чаддаггүй  аж.  Мэргэжлийн ур чадвар муу байна гэдэг нь цаашид алдаа  их гаргах,  кадастрын зураг буруу хийх  гол шалтгаан нь болдог.

Мөн  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй иргэн дараах зүйлд анхаарвал зохистой байдаг аж. Газрын  болон кадастрын гэрчилгээг хуулийн хүчин төгөлдөр эсэхийг шалгаж авч байх. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй  кадастрын зургийн  болон нэгж талбар дахь  дугаарыг  нь тулгах хэрэгтэй. Өмчлөх эрх шилжүүлэн авч буй иргэн  тухайн газарт очиж үзэх нь зүйтэй юм. Иргэд  очиж үзэлгүйгээр гэрчилгээг нь аваад энэ газар минийх боллоо гэж ойлгодог. Уг нь, өөрийн эзэмшил газрыг очиж үзээд кадастрын зурагтай нь таарч буйг харах  хэрэгтэй аж.  Очиж үзэх боломжүй бол тухайн газраа агаарын зурагтай нь таарч буй эсэхийг мэдээллийн сангаас үзэх боломжтой байдаг байна. Мөн газраа хувьчилсан  эсвэл хэмжээ нь гэрчилгээн дээрхтэйгээ тохирдоггүй зэрэг асуудал гардаг. 

Энэ  мэт асуудалд иргэд өөрсдөө хариуцлагатай хандаж байх хэрэгтэй. Газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хоёр тал бичгээр гаргадаг юм байна. Шилжүүлж буй хүний эрх үүрэг нь хүлээн авч байгаа хүнд шилжиж очдог.  Нотолгоо гаргуулж авдаггүй. Тухайн нотолгоог газрын метр квадрат болон ашиглах зориулалтаа хүсэлтдээ тодорхой зааж өгсөн байх  шаардлагатай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан