Т.ЖАНЦАН
Монгол Улсын хэмжээнд жилд 80 гаруй мянган тонн химийн бодисыг 572 компани үйлдвэрлэлдээ ашиглаж байна гэсэн баримт бий. Химийн бодисны нийт хэрэглээний 20 хувийг уул уурхайн салбарынхан ашигладаг. Ингээд МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга С.Батмөнх-Эрдэнэтэй уул уурхайн нөхөн сэргээлт, хяналт шалгалтын талаар ярилцлаа.
-Манай эдийн засгийн гол тулгуур уул уурхай болсон. Одоогоор хэчнээн га талбай уул уурхайн үйлдвэрлэлд өртөв. Түүний хэдэн хувийг нь нөхөн сэргээж байна вэ?
-Улсын хэмжээнд уул уурхайн улмаас 18525 га талбай эвдрэлд орсон. Үүний 9770 га-д нь техникийн нөхөн сэргээлт хийсэн. Мөн 4513 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байгаа юм. Манай улс 2003 онд уул уурхайд өртөж эвдэрсэн газрынхаа гурван хувийг л нөхөн сэргээсэн гэсэн баримт бий. Харин энэ нь өнгөрсөн онд 52.8 хувь боллоо. Үүнийг МХЕГ, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар /BGR/ хамтарсан “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн үр дүн гэж хэлж болно. Энэ төсөл геологи, уул уурхайн салбар, байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мэргэжлийн хяналтын байцаагчдыг чадвахижуулахад чиглэгдсэн юм. Тэгээд Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгийг загвар болгож төслийг хэрэгжүүллээ.
-Уул уурхайд өртөж эвдэрсэн газрыг ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл ямар дүр зурагтай байна вэ?
-Ашигт малтмал олборлоход эвдэрсэн газрын дийлэнхэд нь нүүрс, төмрийн уурхайнууд ажиллаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал, жонш, алт олборлолт тавь хүрэхгүй хувийг эзэлдэг. Гэтэл алт олборлолт л байгаль орчин сүйтгээд, нөхөн сэргээлт хийдэггүй юм шиг ойлголт хүмүүст бий. Жилд хийж буй нөхөн сэргээлтийн 58 хувийг алтны шороон орд эзэмшигчид хийж байгаа. Энэ нь нүүрс, төмрийн хүдрийн уурхай тогтоогдсон нөөцөө бүрэн авсны дараа нөхөн сэргээлт хийдэгтэй холбоотой. Алтны шороон орд олборлолт хийгээд араас нь нөхөн сэргээлт хийгээд явдаг онцлогтой.
-Байгаль орчны мэргэжилтнүүд биологийн нөхөн сэргээлтийг сайжруулах ёстой. Компаниуд баялгийг нь олборлосон газраа зөвхөн шимт хөрсөөр хучаад л ургамлын үр цацаж байгаа нь хангалтгүй. Тэр нь ч сайн ургахгүй байна гэдэг. Ер нь нөхөн сэргээлтийн чанар ямар байна вэ?
-Урд нь нөхөн сэргээлт хийж байна гээд бор хөрсөөр хучаад ургамал тариад орхидог тал байсан. Одоо компаниудын нийгмийн хариуцлага дээшилж нөхөн сэргээлтээ үе шаттай, мэргэжлийн түвшинд хийдэг болж. Өөрөөр хэлбэл төлөвлөж, түүндээ мониторинг хийдэг, үр дүнд хүрдэг болж эхэлсэн. Биологийн нөхөн сэргээлт урт удаан хугацаанд үр дүнд хүрдэг. Ургамал тариад орхивол түүнийг нь мал амьтан, нинжа нар ороод сүйтгэж үр дүнгүй болгох тал байсан. Мэргэжлийн байгууллагууд нөхөн сэргээлт хийхэд хяналт тавихаас гадна тухайн орон нутгийн удирдлагууд бас анхаарах ёстой. Одоо орон нутагт бүх эрх мэдэл шилжиж байна. Гэтэл тэд өөрсдийн Байгаль орчин, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлдэггүй тал бий.
-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх зардлаа хэрхэн тооцож мөнгө хуримтлуулж байгаа вэ?
-Одоо нээгдэж буй уурхайнууд хаалтын төлөвлөгөө гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашигтай оргил үед уурхай хаагдахад хийх нөхөн сэргээлтэд зарцуулах мөнгөө бага багаар байршуулж эрсдэлээ тооцдог болсон гэсэн үг. Нэг ёсондоо уурхай нээхдээ л хаалтаа төлөвлөж зардлыг нь тооцож хуримтлал үүсгэх учиртай. Уул уурхайн компаниуд тухайн жилд нөхөн сэргээлт хийх зардлынхаа тавин хувийг БОНХЯ-ны тусгай санд төвлөрүүлж байгаа.
-Нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг вэ?
-Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг бий. Ер нь, нөхөн сэргээлт гэдэг бол дан ганц аж ахуйн нэгжийн асуудал биш. Тухайн орон нутгийн иргэд, төр захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажил байдаг. Ингэж байж үр дүнд хүрнэ.
-Баялгийг нь аваад орхисон газар их байна гэж нэг хэсэг ярьсан. Эдгээр газрыг нөхөн сэргээж байгаа юу?
-Хуучин улсын үйлдвэрийн газрууд болон орон нутгийн уурхайнуудад нөхөн сэргээлгүй орхисон талбай нэлээд бий. Одоохондоо эдгээр газрыг нөхөн сэргээх бодлого гараагүй. Тухайлбал, холбогдох яамд бодлогоо гаргаад зардлыг нь шийдэж өгөөгүй байна. Жишээ нь “Монросцветмет” зэрэг уул уурхайн улсын томоохон үйлдвэрүүд төлөвлөгөө нормоо л биелүүлэх гэж ажиллаж байснаас биш хаалт, нөхөн сэргээлтийн бодлого гэж байсангүй. Иймээс ухсан нүх үлдэж хоцорсон.
-Алт олборлогч компаниуд олон төрлийн химийн бодис ашиглаад байгаль орчин бохирдуулдаг гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Тухайлбал, цианид, мөнгөн ус гэх мэт бодисууд байдаг. Үүнд хэрхэн хяналт тавьж арга хэмжээ авч байна вэ?
-Үйлдвэрлэл л эрхэлж байвал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайн аж ахуйн нэгж энэ сөрөг нөлөөг хэрхэн бууруулахаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тодорхой тусгах учиртай. Монгол Улсад БОНХЯ-аас албан ёсны үнэлгээ хийлгэж зөвшөөрөл авсан “Бороо гоулд”, “Тен хун”, “Баян айраг”-ийн алтны уурхай зэрэг дөрвөн компани л цианит хэрэглэж байгаа. Манай улс үйлдвэрлэлд мөнгөн ус хэрэглэхийг хориглосон. Нөхөн сэргээлт хийсэн болон алтыг нь олборлоод орхисон талбайд хууль бусаар ажиллаж буй нинжа нар хэрэглэж байж магадгүй юм. Бид тухайн уулын ам, мухар болгонд очиж хянаад байх боломжгүй.
-Уурхайнууд шимт хөрсний овоолго хийсэн байдаг. Үүнийгээ хэр арчилдаг юм бол. Заримыг нь эргээд ашиглах боломжгүй болсон байдаг гэдэг?
-Ер нь шимт хөрсний овоолго байгуулах стандарт гэж бий. Ихэнх компани энэ стандартын дагуу шимт хөрсөө хадгалаад хэвшсэн.
-Мэргэжлийн хяналт гэхээр л торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж хувийн хэвшлийг сүрдүүлдэг гэсэн ойлголт хүмүүст бий. Тэгэхээр энэ арга барилаа хэрхэн өөрчилж байна вэ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуульд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх тухай тусгасан. Мөн дараа жилд нь хийх шалгалтын тоо, нэрийг нь олон нийтэд зарлах болсон. Өөрөөр хэлбэл хаана, хаана ямар чиглэлээр хяналт шалгалт хийх нь нээлттэй байгаа. Хянах шалгах хийх газруудаа эрсдэлээр ангилдаг. Эрсдэл бага газрыг шалгах давтамж нь цөөн байна. Эрсдэл өндөртэй аж ахуйн нэгжүүдээ хянаж шалгаад эрсдэлийг нь бууруулах төлөвлөгөө хамтран гаргадаг юм. Мөн хяналтын хуудастай болсон. Иймд тухайн аж ахуйн нэгж яаж шалгуулахаа мэднэ гэсэн үг. Энэ хуудасны хүрээнд л шалгана. Төр засгаас бизнесийг дэмжих бодлого баримталж буй. Тэгэхдээ тухайн хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг болж өөрчлөгдсөн.
-Та бүхний шалгаж буй компаниудаас ямар зөрчил их гарч байна вэ?
-Урьд нь бичиг баримт дутуу зөрчил их гардаг байсан. Өнөөдөр бүх аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлдэг болсон юм. Харин тухайн бичиг баримтуудад тусгагдсан зүйл нь бодит байдал дээр зөрүүтэй зөрчил гарч буй юм. Жишээ нь, эндээс олборлоно, тэнд хуулсан хөрсөө овоолно, уулын ажлаа ингэж хийнэ гэдгээ цаасан дээр төлөвлөсөн байдаг ч газар дээр нь очоод үзэхээр зөрдөг.