Ажил албаны чөлөөт цагаар энд тэнд цугласан хүүхнүүдийн ярьдаг яриа нь нөгөө л элдэв төрлийн гоёл, чимэглэл эд хэрэглэл, хувцас хунар байдаг. Энэ ч улсын гоо сайхны бүтээгдэхүүн, тэр ч фирмийн будаг шунх, ийм ч сормуус, тийм ч хумс сайн муу, сайхан муухай гэж хошуу холбоцгооно. Бас болоогүй тэр тийм гоо сайхны хагалгаа хийлгэчихэж, би ийм юм хийлгэх гэж байгаа гэж ирээд л яриа өрнүүлдэг болсон нь нууц биш. Үүнийг нь дагаад өнгөөр даллаж мөнгийг нь саах зорилготой газар ч олширсныг “Төрөлхийн мэт давхраа хийнэ, хамар өндөрсгөнө, хөх, өгзөг, нүд томруулна, өндөр болгоно, хөмсөг шивнэ” бараг л барби хүүхэлдэй шиг болох хүсэл мөрөөдлийг тань биелүүлнэ гэх гоо сайхны мэс заслын түмэн янзын зар нүд, чих амраахгүй хаа сайгүй тэнүүчилж буйгаас анзаарч болно.
Арав ч алхалгүй нэг гоо сайхны газрын үүд хаалга дэлгээстэй байгаагаас харвал үйлчлүүлэгчдээр нэг их дутаад байдаггүй бололтой. Энэ газрууд руу ихэвчлэн нас биед хүрсэн эсвэл хижээл эмэгтэйчүүд л хошуурдаг байсан бол сүүлийн үед охид олноор үйлчлүүлдэг болжээ. Охид шилжилтийн наснаас болж нүүрэн дээр батга гарлаа гэх шалтгаанаар биш давхраа хийлгэе, хамраа өндөр болгомоор байна, хөмсөг, уруул давхраандаа контур шивүүлэе гэх зорилготой очдог болсон аж. Ингээд бодохоор гоо сайхны хагалгаа зөвхөн авгай, хүүхнүүдийн ярианы сэдэв биш болсон нь тодорхой.
Мөн залуусын хамгийн дотны фэйсбүүк хуудсаар хөврөх мэдээлэл дундаас дээрхтэй холбоотой санал сэтгэгдэлтэй мэдээллүүдийг төвөггүйхэн олж чадна. Тухайлбал, өсвөр насны нэг охин гоо сайхны хагалгаа хийлгэх хэрэгтэй эсэх талаар үеийнхнээсээ тусламж хүсч ийнхүү бичжээ. “Надад үнэхээр хэцүү байна. Би царай муутай болохоор өөртөө гутрах үе зөндөө л байдаг. Өөрийгөө толинд хардаггүй. Өөрийгөө голсоор байгаад өөртөө итгэх итгэлгүй болсондоо хааяа ээж, аавдаа гомддог. Сүүлдээ бүр мэс засал хийлгэдэг юм уу гэж бодлоо. Энэ тухайгаа аав, ээждээ хэлсэн боловч эхэндээ дургүйцсэн. Олон хоног тэдэнтэйгээ дуугарахгүй явсан. Тэгсэн хэд хоногийн өмнө чиний амьдрал юм чинь харамсахгүй бол хийлгэ гэсэн. Мэдээж мэс засал гэдэг тоглоом биш эрсдэлтэй гэдгийг ойлгож байна. Миний хувьд давхраа оёулж, хамраа өндөр болгож, шанаагаа багасгамаар байгаа юм. Мэс засал хийлгэх нь зөв үү буруу юу. Би яах ёстой вэ ” гэжээ. Үүнийх нь хариуд олонхи нь хийлгэ, царай муутай бол хол явахгүй, аятайхан цэвэрхэн л болохоор хийлгээрэй, хийлгэж үзсэн хүнээс асууж байгаад хаана сайн хийдгийг нь мэдэж аваарай гэх зэргээр зөвлөгөө өгсөн харагдлаа.
Өдөр бүр цэнхэр дэлгэцийн суваг бүрээр гарч буй хөмсөг, хамар, давхраа гээд бүхий л эд эрхтэн нь хиймэл гэдгээрээ алдартай солонгос савангийн дуурийн жүжигчид, өөрсдийгөө од гэж өргөмжилдөг урлагийнхны буянаар ийнхүү өсвөр насны охид маань гоо сайхны хагалгааг шүтчихлээ. Өнөөдөр тэд хөөрхөн болох гэж, үеийн хөвгүүндээ таалагдахын тулд гоо сайхны хагалгааг шүтэж байгаа болохоос биш маргааш, нөгөөдөр юу болохыг, бие сэтгэлээрээ хэрхэн хохирч үлдэхээ мэдэх сөхөө ч үгүй яваа. Хөөрхөн болох гэж бие эрхтнээсээ хагацаж гашуун нулимсаа урсган суугаа охид, хүүхнүүд бидний дунд нэг биш нэлээд хэд бий. Тэдний нэг болох охины яриаг хүргэе.
“Би саяхан хамар өндөрсгөх мэс засалд орсон. Хагас сарын дараа хамрын үзүүр аймаар том болчихсон. Эмчдээ очиж үзүүлтэл хавдар нь буугаагүй байна гэсэн. Хэд хоногийн дараа дахин эмч дээрээ очтол үрэвсчихсэн байна. Эдгэхээсээ өнгөрсөн. Энэ чигээрээ удах юм бол имплант нь арьсаа цоолоод гараад ирнэ гэсэн нь миний хувьд аймшиг болоод байна. Одоо би яах вэ” гэжээ. Энэ мэтээр хохирч буй хүмүүсийг тоочвол уртаас урт жагсаалт гарах нь дамжиггүй.
Харин бидний өвөг дээдэс болсон эмээ, ээж нар маань гадаад үзэмжиндээ хэрхэн анхаарал тавьдаг байсан юм бол. Тухайн үед далайн цаадах битгий хэл хөрш хоёр орны оо, энгэсэг ховор байсан гэдэг. Мал сүргээ хариулж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан тэд нутаг усандаа сайхнаараа алдаршиж, харцуулын нүдийг унагаж л байсан. Өтгөн гялалзсан хар үстэй болохын тулд халгай, хар цайгаар үсээ угааж, тунгалаг царайных нь нууц нь мөнгөн аяганд ус хийж хонуулж уудагтай холбоотой хэмээн өөрсдийн гоо сайхны нууцаасаа дэлгэн ярих дуртай эмээ нарын маань ихэнх нь оо энгэсэг, будаг цүнх хэрэглэж байгаагүй ч өнөө л байгаа энэ төрхөөрөө сайхан л харагддаг. Давхраатай нүд, өндөр хамар, гуалиг биетэй болох гэж мөрөөдөж эхээс төрсөн тэр л эрүүл чийрэг биеэ сэглэж буй охид, хүүхнүүд үнэхээр сайхан гэж үү. Хүн бүрийг гоо сайхны хагалгаа хийлгэж болохгүй, хэрэггүй энэ тэр гэж үгүйсгэхийг хүссэнгүй.
Мэдээж эрхтэний согог гажиг байвал засуулалгүй яахав. Гэхдээ хөөрхөн болохын тулд оро ардын үгэнд гардгаар долоо хэмжиж, нэг огтлоорой. Яадаг юм бэ, жаахан мариалаг, намхан, хөрслөг бор царайтай, давхраагүй нүдтэй байг л дээ. Ямар ч хиймэл эд эрхтэнгүй жинхэнэ оргиналь хүүхнүүд моодонд орох цаг энүүхэн хаяанд ирчихэж. Гайхамшигт Франц, Европт өөрийнхөө “ориг” бүсгүйчүүдийг илүүд үзэж байна. Сайхан монгол бүсгүй дэлхийд гайхагдах цаг тун удахгүй ирэх нь гарцаагүй.