Мөнгө, танил тал хоёр байхгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг дашин шог болсон гаж тогтолцоо улам даамжирсаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын нас баралтын 1 дэх шалтгаан нь зүрх судас, 2 дахь шалтгаан нь хавдар. Гэтэл хавдрыг Монголдоо бүрэн эмчилж чадахгүй учраас мөнгөтэй нэг нь гадагшаа явж эмчлүүлж мөнгөгүй нэг нь энэ хорвоог орхихоос өөр аргагүй болж байна.Энэ нь эмч нарын буруу биш. Эрүүл мэндийн салбарын дампууралтай шууд холбоотой.
Наад зах нь хүүхдүүдээ ханиад хүрч хатгаа авахад нь эмчлээд хэвтүүлчих ор байхгүй газраар нэг зулдаг болсон нь бараг хэвийн үзэгдэл шахуу болж. ЭМЯ наас гаргасан статистик судалгаанаас харахад 1 оронд 68 хүн ногдож, 1 их эмчид 325 өвчтөн ногддог нь энэ салбарын ачаалал хэр хүнд байгааг илтгэж байна.Үүнийг тоодог Засгийн газар, салбарын сайд ч байхгүй. Үндсэндээ Жолоодлогогүй бас төрийн залгамж халаагүй салбар бол Эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн гурван сайдыг эргэж саная. 2010 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдож байсан С.Ламбаа 19 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр Яармагт 300 ортой эмнэлэг байгуулахаар сүртэй шав тавих ёслол хийсэн. Гэтэл эмнэлгийн дэд бүтцийг шийдээгүй барьчихсан гэдгээс улбаалж одоо ч асуудал шийдэгдээгүй хэвээр.
Түүний дараа МАХН аас сайдын суудал авсан С.Удвал Эрүүл мэндийн салбарыг тэргүүлж эхэлсэн. Тэрээр өөрөө эмч мэргэжилтэй хэдий ч эмчлэхээсээ улстөржих нь илүү байсан учраас улсын хэдэн эмнэлэг дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж байна гэснээс өөр дорвитой мэдээ цацагдаж байсангүй. Түүний дараагаар томилогдсон сайд Г.Шийлэгдамба нь Эрүүл мэндийн салбараа юун шинэчлэхтэй манатай орон тооны цомхотгол явуулж халаа сэлгээ хийгээд завгүй явна. Ямарсайндаа л Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгаар өөрийнхөө пи арыг хийх санааг цухалдуулж суухав. Энэ мэт морь унасан толгойгүй сайд нараас болж Эрүүл мэндийн салбар дампуурлын ирмэгээс хальтирч унахад хүрээд буй. Хамгийн сүүлд гаргасан харалган шийдвэрийг энд хэлье.Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Эксим банкнаас зээл авч Үндэсний Оношлогоо, Эмчилгээний төвийг байгуулах шийдвэрийг 2012 оны гуравдугаар сард гаргасан.
Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд оношлогоо эмчилгээний төвийг байгуулж, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг суурилуулснаар иргэд үзлэг оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлаггүй болох юм. Энэ дагуу Эрүүл мэднийн яам 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд тендер зарлаж, Самсунг консерциум болон Ханва консерциум тус тус өрсөлдсөн юм.Харин ЭМЯ Самсунг консерциумыг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар шийдвэр гаргасан байна. Гэтэл тендерт шалгараад байгаа Самсунг консерциумын хувьд асуудалтай байгаа тухай Солонгосын хэвлэлээр бичиж байна. Тодруулбал Самсунг консерциумд багтах Тиахан Электрик Вайр ХХК нь санхүү нягтлан бодох бүртгэл тал дээр залилан хийж байсан удаатай. Одоогоор БНСУ-ын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч Солонгос Улсын Засгийн газар тэдний хөрөнгийн бирж дээрхи бүртгэлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэж байгаа юм байна. Санхүүгийн тал дээр гаргасан хууль бус үйлдлийнхээ төлөө Тиахан Электрик Вайр ХХК нь 2 тэрбум вонны торгууль төлсөн юм байна. Тэгэхээр ЭМЯ залилан хийсэн компанийг тендерт шалгаруулсан болоод байна. Ийм л ажил хийдэг яам хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй харамсал төрж байна.