Өнөө үеийн оюутан залуучуудад мөнгө ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрүүлэхээр “Нэг төгрөгийн үнэ цэнэ” лекц, ярилцлага нөгөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Мөнгөний үнэ цэнийг мэдэхээ байсан, үндэсний тэтгэлгээ ч зөв зохистой зарцуулж чаддаггүй гэх шүүмжлэлийг байнга шахуу сонсдог оюутнуудад дээрх лекц, ярилцлага нэгийг бодогдуулах нь дамжиггүй. “Ээжийн бүүвэйтэй хорвоо” сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулж буй тус лекцийн тасалбараас олсон орлогыг МУИС-ийн багш Мөнхжаргалын хүү Т.Жавхлантөгсийн мэс заслын зардалд хандивлах аж.
Хувь хүний санхүүгийн урлаг, Мөнгөн хуримтлалын урлаг, Мөнгийг удирдах урлаг сэдвийн хүрээнд болох лекц ярилцлагад “Рояал академи”-ийн ерөнхийлөгч Н.Учрал, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, “Торгоны зам сан”-гийн гүйцэтгэх захирал М.Халиунбат оролцож оюутнуудтай чөлөөт ярилцлага хийх нь.