Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буцах эрхгүй


Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан олон аж ахуйн нэгж цалин хөлсөө тавих гэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх шахам болж, зарим нь үүдээ барьж, орон тоогоо цомхотгож эхэлсэн. Харин ийм үед үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, үзэсгэлэн худалдаа бүрт бүтээгдэхүүнээ борлуулж, бас ч үгүй оочер дугаар үүсгэж байгааг хөндлөнгөөс харж, тэднийг амжилттай ажиллаж байгаад талархмаар санагдаж байлаа. Сошиал ертөнц төдийгүй, албан өрөөнд ч тэдний бүтээгдэхүүний тухай ярьж, барууны зах зээлд гараад байгаа “Чонон сүлд” кинонд тоглосон жүжигчин Р.Анхням киноныхоо нээлтэд тэдний хувцсаар гоёсон, анхны монгол дээлийн загвар бүхий куртка үйлдвэрлэсэн гээд л ...

Цагаан сарын бэлтгэлээр амьсгалсан эдгээр өдрүүдэд 1500-4500 төгрөгөөр үнэлсэн ороолтоо борлуулж эхэлсэн нь  хэрэглэгчдийн таларх­ал хүлээсэн гээд хямра­лын үед сайхан мэдээгээр дүүрэн тус үйлдвэрийн захиралтай уулзаж ярилцах хүсэлт тавилаа.  Ажил хэрэгч, бас шууд шулуухан яриатай Г.Майцэцэг бүсгүй хүсэлтийг маань уриалгахан хүлээж авлаа.  “Ажил тун ихтэй байгаа учраас манай дэлгүүр дээр хүрээд ирээч” гэснийх нь  дагуу түүнтэй уулзахаар УИД-ийн баруун урд байрлах салбар дэлгүүрт нь цаг тохирон очив. Дэлгүүрт үйлчлүүлэгч их харагдлаа. Хямарсан ч гэсэн монголчуудад үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг авъя гэсэн хүсэл их байгаа нь илт.  Өдрийн 12:00 цагийн үед дэлгүүрт очиход захирал Г.Майцэцэг намайг угтан “Миний дүү үйлдвэрлэгч нарыг маань сайн бичээд өгөөрэй” гэх нь дотно сайхан сонсогдсон. Олон дарга би гэхээсээ илүү бид гэж бодож, түүн шиг сэтгүүлчийг угтдаг байгаасай гэж өөрийн эрхгүй бодов.

Тэрээр гэр бүлийн хамт Польш улсад оёдлын үйлдвэр ажиллуулж байгаад 2008 онд эх орондоо ажиллахаар шийдэн, хийх ажлаа ч товлоод иржээ. Г.Майцэцэгийн 2009 онд байгуулсан “Exclusive” компанид одоо зуу гаруй хүн ажилладаг бөгөөд тэдний сарын дундаж цалин нь сая төгрөг аж. Г.Майцэцэг нөхрийн хамт эх орондоо ирж,  сурч, мэдсэн зүйлээ ашиглан хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр зорьж яг үнэндээ 2008 онд сэтгэл хөдлөлдөө автан эх орондоо ирсэн гэв. Гэтэл Монголд үйлдвэрлэл хөгжих эрхзүйн ямар ч орчин байхгүй гэдгийг удалгүй мэдэрчээ. Хамгийн наад зах нь төрөл бүрийн татвар, дарамт ирэх болж. Дааж давшгүй мэт санагдах энэ ачааг үүрч дүүрсээр хөнгөн үйлдвэрийн салбарт хөл тавьжээ. Хүнд, хэцүү байна гэж шантрахыг ч хүссэнгүй. Хэрхэн ашигтай ажиллах вэ, ашигтай ажил­даггүй юм аа гэхэд алдагдалгүй ажил­лах арга зам байгаа гэдэгт итгэж ажлаа эхэлжээ.

Үүний тулд бараа бүтээг­дэхүү­­нээ олноор үйлдвэрлэх нь хамгийн анхдагч зорилт гэж өөртөө хэлжээ. Цөөн тоогоор үйлдвэрлэх, дээрээс нь хүний гар хөдөлмөр, ур  их орох тусам бүтээгдэхүүний өртөг өндөр гарсаар байв. Ингээд компанидаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, 30 мянган төгрөгийн өртгөөр гарч байсан бүтээгдэхүүнээ 10 мянган төгрөгт багтаадаг болов.  Мөн тэрээр ажиллагсдадаа хамгийн гол хөрөнгө оруулагч бол ард түмэн гэдгийг ухамсарлаж ажил­лах хэрэгтэй гэж “үглэсээр” байв.

 Тэрээр “Монголын ард түмэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг хүсдэг болж. Энэ нь үйлдвэрлэгч нарын хувьд гол хөдөлгөх хүч болж байгааг би мэдэрсэн. Бүтээгдэхүүний эрэлт ч маш их байна. Гэвч одоогоор хүссэн хэмжээндээ хүртэл үйлдвэрлэж чадахгүй л байна” хэмээн ярьсан юм.

Гадаадын брэнд гэж хошууралгүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжээрэй

Ямартай ч энэ салбарт дөнгөж хөл тавьж байсан үеэ бодвол өнөөдөр байнгын үйлчлүүлэгчтэй  болжээ. Ирээ­дүйд ажлын байраа нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэгтэйг ч мэдэрч.

“Харамсалтай нь энэ олон хүнийг ажлын байраар хангаад байхад улсаас ямар нэгэн урамшуулал дэм байхгүй. Харин ч эсрэгээрээ олон хүн ажиллууллаа хэмээн татвар нэхдэг. Татвараа төл, төлөхгүй бол дансыг чинь хаана шүү” хэмээн төрийн төмөр нүүрийг хичээж хөдөлмөрлөж байгаадаа л харуулдаг гэдгийг тэрээр хэлсэн. “Гадаадын улс оронд бол олон хүнийг ажлын байраар хангах тусам хувийн хэвшлийнхэнд урамшуулал олгодог. Харин манай засгийнхан дэм болдоггүй юм аа гэхэд ядаж үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчныг бүрдүүлж өгөөч ээ” гэж олон үйлдвэрлэгчийн өмнөөс хэлмээр байна гэв.
2014 он хувийн хэвшлийнхний хувьд нэлээд хүндхэн жил болж өнгөрсөн. Энэ жилийн дүр зураг ч сайнгүй байгаа. Энэ талаар тэр “Хэцүү, хүнд, хямралтай байна гээд л суугаад байвал яаж өөдлөх билээ.  Бид  хямралаас гарахын тулд дотоод нөөц бололцоогоо л сайн ашиглах ёстой. Мөн бие биенээ дэмжиж, ажлаа уялдуулж, хамтран ажилласнаар хүндрэлийг давж чадна. Түүнээс биш тал, тал тийшээ хараад зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаад байвал Хятадын үйлдвэрлэлд дарлуулахаас цаашгүй. Тийм ч учраас хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. 2015 ондоо тансаг хэрэглээгээ багасгаж,  дор бүрнээ хичээж, улс орноо гэсэн чин сэтгэлээр хичээж байж энэ бэрхшээлийг давж гарна. Гол нь гадаадын брэнд гэж хошууралгүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, мөнгөн урсгалаа дотооддоо шингээх хэрэгтэй” гэж байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал түүнийг улам чамбайрч чангаруулж, бэрхшээл саад гарах бүрт гарц хайх, олох хүч өгч байсан аж. Үнэхээр ч Г.Майцэцэг бүсгүйн хэлдгээр эв нэгдэлтэй олны хүч гэдэг ямар ч амжилт бий болгож чаддаг гэдгийг энэ хамт олны хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүнүүд илтгэж буй юм.

Жил бүрийн өдийд валютын ханш савалж хэлбэлздэгээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг ч тус компанийнхан эсрэгээрээ бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, иргэдийн талархал хүлээж чаджээ. Энэ чинь л улс эх орныхоо хөгжил, иргэдийн амьдралд дэм болж буй хэрэг. Хэдийгээр гайхалтай их ашиг олоод байхгүй ч ажилчдынхаа цалинг боломжийн хэмжээнд тавихад хангалттай мөнгө олж буй аж. Хэрэв бараа бүтээгдэхүүнээ хямдруулахгүй одоо байгаа үнээр нь хураагаад, байвал агуулах л дүүрэхийн нэмэр. Иймээс хэрэгтэй нэгэндээ дэм болъё гэх бүсгүй эрэлтийг мэдэрч, бизнес хийж байгаа нь илт. Хэчнээн хямдарсан ч огт ашигггүй үнээр бараагаа борлуулах зүрх зориг ямар ч үйлдвэрлэгчид байхгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Гэхдээ чухам эрэлтийг хэрхэн мэдэрч, бараагаа хэрхэн борлуулах вэ гэдэг тухайн удирдагчийн, үйлдвэрлэгчийн торгон мэдрэмж биз.

Өнөөдөр зөвхөн өөрийгөө бодоод явбал сэтгэл санаа амар сайхан амьдрах байсан. Гэвч түүнд Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэдэн хүнийг ч гэсэн ажлын байртай байлгах юмсан л гэсэн бодол сэтгэлд үргэлж байдаг. Нэг хүний амьдралын ард Монголын ирээдүй, хүүхдүүдийн ирээдүй байгаа шүү дээ. Нэгэнт энэ салбарт хөл тавьсан учир надад буцах эрх байхгүй хэмээн хэлж байсан. “Хэдийгээр өнөөдрийн нөхцөл байдалд үйлдвэрлэл явуулахад хүнд байгаа ч больё гээд орхивол хэдэн хүн хоолгүй хонох бол гэхээр л элэг эмтрэх шиг болдог. Тэр дундаа гадны хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа оёдлын салбарт ажиллана гэдэг хэн бүхний туулаад гарах даваа биш. Энэ бүхэнд эмэгтэй хүний уян хатан зан, эр хүний зориг тэвчээр гээд л өөрөөс гарч болох шалтгаалах бүгдийг л гаргадаг гэж Г.Майцэцэг хэлж байсан. Хүнд үе тохиолддог ч тэр бүгдийг ханийнхаа хүчээр хамт олныхоо дэмээр ялан давдаг гээд “Амьдралд би сэтгэл хангалуун  яваа” гэв. Мөн тэрээр Засгийн газрын явуулж байгаа олон бодлогыг шүүмжлээд “Хүүхдэд мөнгө өгнө гэдэг зөв байх л даа. Гэхдээ хүүхдийн ирээдүйн төлөө хийх хамгийн бодит тусламж бол аав ээжийг нь ажилтай байлгах. Аав, ээж нь мөнгөтэй байвал хүүхэд хоолтой, эрүүл байна гэсэн үг. Аав ээж нь мөнгөгүй бол хүүхдийн 20 мянган төгрөг юу ч биш шүү дээ. Хаана хэндээ мөнгөө зарцуулах вэ гэдгийг нухацтай бодох хэрэгтэй” гэдгийг холбогдох хүмүүст уламжлахаар дайж байлаа.
 Ер нь бусад аж ахуйн нэгжүүд ч гэсэн тус компанийн менежментээс жишээ авмаар санагдсан. Мөнгө байхгүй, хямралтай хэмээн суухаар хүнд байдлаас гарах ямар боломж байна түүнийг олж харахыг ядаж хичээх ёстой юм шиг. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдэгчлэн бизнес хийнэ гэдэг уян хатан байх, хэрэглэгчээ мэдрэх гэдгийг түүний ярианаас илүүтэй мэдэрлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан