Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ухаанзаяа: Цог хийморьтой, ид хаваа гайхуулсан сайхан жил гарна


“Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа.

-Таныг бурхан урлаач гэх нь зөв үү, эсвэл лам хувраг гэж ойлгох уу?
-Бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач. Хувраг хүн биш, энгийн л хар хүн. Бурханаа урлана, бурханы сургаалийг хүмүүст түгээн дэлгэрүүлнэ. Ийм л хүн дээ.

-Шууд гол яриандаа оръё гэж бодож байна. Сар шинэ ойртоод ч тэр үү гадуур дотуур зүймэл, наамал, цутгамал гээд л янз бүрийн бурхан зарах нь ихэсч. Зах дээр явж байгаад замын хүнээс бурхан аваад хоймортоо залах нь дэг ёсонд хэр нийцтэй байдаг юм бол?
-Оновчтой, зөв асуулт байна. Бид бурхан тахил хэмээн шүтээд л байдаг. Гэвч түүнийгээ ялгаж салгаж мэддэггүй. Энэ тухай ойлголтоо жигдрүүлэх нь зөв гэж боддог юм. Би ч энэ талаар их ярьдаг л даа. Хүмүүс энд тэндэхийн элдэв дэлгүүр, хувь хүн, лангуунаас оймс, трико авч байгаатай адил бурхан шүтээн худалдаж авдаг. Бурханы үнэ цэнэ оймс, трикотой л адил байна. Энэ нь бурханыг үнэгүйдүүлж байгаагаас гадна жирийн нэг лангууны мухарт байлгаад байгаа нь номыг тэвчсэний гэм хураах муу талтай. Ер нь, жүд уламжлалаас үзэхэд бурханыг ямар хүн бүтээдэг юм гэхээр тухайн хүн эл эрдэм ухааныг лүн, ван авшиг хүртсэн багш нараас уламжлан авсан байх ёстой юм. 1990 оноос хойш монголчууд шашин шүтэх, бурхан шүтээнээ ил гаргаж мөн урлан бүтээх нь ч нээлттэй боллоо. Яг энэ үетэй зэрэгцэн бурханч лам Пүрэвбат багш маань Энэтхэг, Төвдөд анх удаа бурхан урлалын чиглэлээр суралцаж ирээд Урлахуйн ухааны сургуулийг Шашны дээдэд байгуулсан. Аз болоход анхны шавь нь би байж таарсан л даа. Улмаар бурхан урлалын нарийн дэг жаяг, ур ухааныг Пүрэвбат багшаасаа өвлөн авсан юм.

-Нарийн дэг ёс дагаж мөрдөхөөс гадна удаан хугацаанд суралцдаг байх?
-Юуны өмнө бурхан урлах эрдэм ухааныг хүн уламжлалаар дамжуулж багшаас авсан байх ёстой. Багшаас уламжилж авсан хүнийг номын шавь гэж ойлгож болно. Түүнчлэн эл эрдэмд гамдаж буй хүн нямба, даяан бясалгал хийсэн байх ёстой. Тэгж байж Улаан жамсран, Ямандаг гэх мэт дошгин бурхадыг сая бүтээдэг. Жишээ нь, Ямандаг бурханыг урлахад адаглаад тухайн бурханы лүн, ванд сууж, жигдрэм зөгнөл буюу Ямандаг бурханы үүсгэл, төгсгөлийн зэрэгтэй нууц тарнийн ном байдаг. Үүнийг заавал хөтлүүлсэн байх хэрэгтэй. Мөн мэдээж бодь мөрийн зэргийг маш сайн ойлгосон байна. Мөн Ямандаг бурханыхаа нямбанд дор хаяж сар суусан байх хэрэгтэй л дээ. Гэх мэт багагүй цаг хугацаа зарцуулж дэг ёсны дагуу бурхан урлаач болдог. Түүнээс дүрслэх урлагийн сургууль төгсчихөөд л будаг нялж бурхан бүтээгээд суудаг юм биш.

-Мэдээж хүний оюуны өмч, урлагийн бүтээл болохын хувьд тодорхой үнэ цэнэтэй. Тэр тусмаа зах зээлийн нийгэмд мөнгөөр үнэлэгдэнэ. Гэвч бурхан шүтээнийг мөнгөөр үнэлж, зарж борлуулах нь бурханы ёсонд хэр нийцтэй байдаг юм бол?
-Аливаа ажил үйлс мөнгөгүй бол явахгүй шүү дээ. Буддын шашны үйл ажиллагаа бол сүсэгтэн олны өглөгөөр л явж байдаг. Энэ мөнгө маань эргээд лам нарынхаа хоол хүнс, гүнцэг жандаг, хийдийн цахилгаан дулаанд л зарцуулагдана шүү дээ. Ийм эргэх холбоогоор нөхөгдөж явдаг зүйл. Миний хувьд ганцаараа бурхан зураад суугаагүй. Сургалтаар энэ талын ур дүйг шавь нартаа олгож, багш нараа цалинжуулж байна. Наанадаж байрны түрээс өгнө. Мөн будгаа авна, шороон будаг гэдэг чинь асар үнэтэй. Даавуу бэлтгэх гэх мэт материал авахад маш их мөнгө зарж байгаа юм. Эргээд энэ бүхэн сүсэгтэн олны тусын тулд бурханы үйлд л зарцуулагдаж байгаа юм.

-Таны улыг шагайх гэсэн хэрэг биш шүү. Яахав, сувдаг сэтгэлээр ийм юм хийж байгаа нь их бий?
-Тийм, бүр бизнес болчихсон.

-Үнэт эдлэлээс аваад бурханы сэрэг дүр, цутгамал, хадмал, хатгамал, наамал гээд шашны холбогдолтой зүйл­сийг олдвор мэтээр Хя­тад, Төвдөөс оруулж ирэх нь ч ихэсч?
-Би өчигдөрхөн Өвөрхан­­гайн Хархорин сум ороод ирлээ. Тэнд бүр хар зах шиг олон лангуу дүүрэн яг тийм зүйл байна. Бүтээл гэхээс илүүтэй сувинер төдий. Сонирхогчийн түвшинд, алдаатай хийсэн зүйл байгаа юм. Түүнийгээ дагаад үнэ нь ч хямд.
Эдгээр нь ялгамжаатай л даа. Гурван шүтээнийг зарж борлуулж болохгүй гэж заасан байдаг. Үүнд, лагшины шүтээнд нь бурханы зураг, цутгуур. Зарлигийн шүтээнд нь судар, ном ордог бол тааллын шүтээнд нь суварга орж байгаа юм. Эдгээрийг зарж борлуулж болохгүй гэсэн цээртэй. Хуучны бурхан шүтээнийг асар өндөр үнээр хил гааль нэвтрүүлэн зарах нь ч байна. Өөрсдөө урлаагүй хэр нь өөрийнх мэт хаа газрын мөнгө сарвайсанд нь өгчихөж байгаа юм. Угтаа тэр нь ард түмний соёлын үнэт өв, шүтээн, дахин давтагдашгүй ур хийц бүхий хосгүй үнэт бүтээл юм. Гэтэл бизнес болгож зарж үрээд байгаа нь тийм ч таатай ажил биш. Тэгээд тэдгээр бурхан шашны эд агуурсаа газар хаячихаад шороо тоос, өмд гуталтайгаа хольчихсон, Хятадаас авчирсан бараа шиг л байлгаж байна.

-Үнэндээ ихэнх нь Хята­даас л ирж байгаа л даа?
-Үнэн үнэн, хүрэл хутга, сумны зэв, цутгамал бурхан гэх мэт маш олон зүйл авчирч хуучны олдвор гэж зардаг.

-Энэ зах зээлээ яах ёстой вэ. Манай урчуудын ур, хийц дэлхийд гайхагддаг шүү дээ?
-Манайхан үнэхээр уран нарийн хийцтэй учир нэг бүтээл урлахад ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүлээлт шаарддаг байх л даа. Тиймдээ ч Хятад үйлдвэрт олноор нь хийсэн дуураймал нь орж ирээд байгаа. Яахав, жуулчдыг бол хуурч дөнгөдөг л юм билээ. Гэвч цаана нь монгол дархан, урлаачдын үнэлэмжийн асуудал бий биз. Тэгэхээр манай урчууд энэ асуудлыг нэг тийш болгож шийдэх нь зөв болов уу.

-Ард түмэн бүхэнд дээдлэн шүтэж, бахархдаг том бүтээн байгуулалт байдаг. Бид ч мөн адил Их Майдар бурханыг ийн бүтээж байна?
-Энэ бол туйлын чухал ажил. Яагаад гэхээр Монгол түмний оюун санаа, эрх чөлөөний нэг томоохон нэгдэл, илэрхийлэл болж байгаа бүтээн байгуулалт. Хэмжээний хувьд ч дэлхий дахины гайхамшигт багтах зүйл. Манай улс Энэтхэг, Төвд, Монгол гэх номт гурван улсын нэг, номын өлгий нутаг. Бидэнд шашин, соёл, оюун санааны том шүтээн гэвэл Мэгжид Жанрайсаг байна. Үүний араас Майдар төсөл хэрэгжиж байна. Энэ нь Монгол түмэн эргэн хүчирхэгжихийн бэлгэдэл. Гэхдээ оюун санаагаараа. Эзэн богд Чингис хааны үед бид гадаад их далай хүртэл байлдан дагуулж байсан бол ирж буй цагт оюун санаагаар байлдан дагуулах юм. Энэ цаг удахгүй ирнэ. “Apple”, “Microsoft”, “Google”, “Toyota” гэх мэт дэлхийд томд тооцогдох компани, корпорацуудад монгол инженерүүд ажиллаж байна шүү. Мөн спортын талбарт ч гэсэн нөгөө гуравхан сая монголчууд аваргалж байна. Сүмод л гэхэд дөрвөн ч аваргатай болж хамаг л рекорд амжилтыг нь эвдлээ шүү дээ.

Чи бод доо, бид гуравхан сая гэхэд дэндүү чанарлаг байгаа биз. Гэтэл Хятад, Энэтхэг гээд шороон түмэн хүнтэй, шоргоолж шиг бужигнасан ард түмэн байна. Тэд ердөө л хатуу гарт, хар ажилчдын хүчээр хөгжсөн улсууд. Оюуны чадамжаар монгол хүний хаа ч хүрэхгүй. Бид үүнийгээ гаргаж чадвал дэлхийг байлдан дагуулах цаг удахгүй ирнэ. Үүний эхлэл, нэгдэл болж буй Майдар төсөл бол маш том оюун санааны шүтээн болно. Дагаад эко хот ч бий болгоно. Энэ ирээдүйд чиглэсэн их үйлд сүсэгтэн олон гэлтгүй хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцох нь чухал.

-Ингэхэд хонь жил маань галзууруулах гээд байна уу, согтууруулах гээд байна уу?
-/инээв/ Энэ нь шууд утгаараа биш юмаа. Согтууруулагч, галзууруулагч гээд хүмүүс янз бүрээр л ярьж байна. Угтаа зурхайн ёсонд ийм байхаас шууд утгаараа биш. Энэ нь зурхайн ёсны л үг хэллэг юм. Галзуу, согтуу хонь бол ерөөс биш. Зүгээр зурхайн махбодийн онцлогоос хамаарч байгаагаас модон хонь жил шүү дээ. Хонь жилийн маань л зурхайд гарсан нэр томъёо юм.
Энэ хонь жил цог хийморьтой, ид хавыг харуулсан, цог заль нь бадарсан сайхан жил гарч байгаа. Ерөнхийдөө галын хүч арвижих, хөгшид буурлуудад ээлтэй, нялхаст  ширүүн, залуучуудад бол нэлээн хатуу жил гарч байгаа. Гэхдээ давгүй ээ, сайхан жил гарна.

-Манайхан сар шинээр ч юм уу билэгтэй сайн өдрүүдэд суварга бүтээн босгох нь их байдаг. Нэг суварга босоход дундаж өртөг нь хэр байдаг юм бол?
-Үнэ, мөнгө ярих хэрэг байна уу.

-Яагаад сонирхоод байна гэхээр нэг суманд сургууль барих болохоор мөнгөгүй болчихдог хэр нь суварга барьж босгоод байдаг. Үүнд шүүмжлэлтэй хандах нь ч байна. Угтаа Ажиа гэгээний хэлсэнээр хөдөө хээр, уулын аманд байх суваргаа сургууль, цэцэрлэг болгох нь илүүтэй буян болмоор?
-Ер нь аливаа нэг зүйлээр туйлшрах дэмий л дээ. Юмыг зүй зохисынх нь дагуу, байх ёстой газар нь бүтээн босгох нь зөв. Би бурхан урлаж, буддын шашны номлолыг түгээж яваа хүний хувьд суварга бүтээхийг буруу гэж хэзээ ч хэлж чадахгүй. Номын утгыг нь таньж мэдвэл энэ нь цаглашгүй, ариун утгатай зүйл юм л даа. Мэдэхгүй зарим нь хөшөө, дурсгал маягтай л ойлгоод байгаа юм. Тоосго шавар хэлхчихсэн юмны оронд сургууль, цэцэрлэг байгуулъя гэдэг. Энэ нь нэг талаар зөв. Гэхдээ миний хувьд цаад номын гүнзгий, нарийн утгыг нь мэддэг учраас цэцэрлэг барьснаасаа ч илүү утга учиртай юм л даа. Хүүхдүүдэд цэцэрлэг барьж өгөх нь сайн үйл хэдий ч ертөнцийн л ажил. Гэхдээ суварга гэдэг маань ирээдүйд хүмүүний сэтгэл муудаж, доройтох, муу муухайд дурлаж, буян үйлдэхээс илүү нүглийн үйлд баясах тэр цөвүүн цагийг гэтэлгэхэд тустай юм. Хүмүүс Гандан орж мөргөе, өнчин ядууст өглөг өгч буян үйлдье гэхэд тээршааж, цааргалж эргэн өөрт ирэх буяныг нь үгүйсгэж, мухар сүсэг мэтээр ханддаг хэр нь тойрч суугаад архи пиво уух болохоор дороо мөнгө босч ирээд байдаг. Мөнгөгүй гэсэн хүн баар орж бүжиглэе гэхэд илбийн мэт мөнгөтэй болчихдог. Үүндээ баясч байна гэдэг хүмүүсийн сэтгэл алсуураа муудаж, нүглийн сэдэлтэй, ач холбогдолгүй юманд ач холбогдол өгч яг өөрт тустай үйлд харам ханддаг. Үүнийг өөрчилж, үзэл нь буруудсан олны төөрөгдлийг ирээдүйд засахад суварга бүтээх нөлөөлөл нь чухал байдаг.

Дашрамд хэлэхэд энэ тухай болоод хань ижлээ хэрхэн зөв сонгох, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой, нялхаст нэр яаж хайрлах вэ гэх мэт залууст зориулсан лекц унших юм. Намайг лекц уншихад дунд эргэм насныхан, ахмадууд ирдэг. Залуус маань номноос их хол байгаад байна. Хурд хамтлагтай хамтарч “Ханийн тэнгэр, үрийн буян” гэх их гоё лекц уншихаар төлөвлөж сууна.
Ханиа буруу сонгосноос болоод эмэгтэйчүүд л хүүхэдтэй болоод хаягдаж хоцордог. Энэ талаараа дандаа бүсгүйчүүд хохирч үлдэж байгаа юм. Анхнаасаа нэгэн насны ханиа зөв сонговол ийм юм болохгүй биз. Мөн үр хүүхэд олддоггүй ужиг, суурь өвчтэй хүүхэд олон төрж байгаа зэрэг залуу гэр бүлд тулгардаг асуудлаар лекц унших юм. Би энэ лекцэндээ залуусыг идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.

0 Сэтгэгдэл
Сайн байна уу? Д.Ухаанзаяа багштай уулзах хүсэлтэй байнаа. Яаж уулзаж болохуу? Туслана уу.м баярлалаа
Хамгийн их уншсан