Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээл VS ноолууран цамц


Сар шинийн баяр хаяанд ирж хэн бүхэн баярынхаа бэлтгэлийг базааж дэлгүүр худалдааны төвүүд хөлд дарагдаж эхэллээ. Тэр дундаа “Нарантуул” худалдааны төв  бол бум бужигнаж түм түжигнэсэн газар. Тус худалдааны төвөөс хотын иргэдийн 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа нэгэнтээ гарсан байдаг. Хоёрдугаар сарын 7-ны амралтын өдөр. “Нарантуул” зах руу авто машины урсгал болон иргэдийн цуваа хөврөх аж. Авто машины дугаарыг тэгш сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулжээ. Мөн “Нарантуул” зах руу иргэдэд буухиа автобус үйлчилсэн юм. Замын цагдаа нар ч бэлэн байдалд ажиллаж, бараг автобусны буудал бүр дээр зогсч байлаа. Энэ бүх хөл хөдөлгөөнийг туулж зах руу ороход бум бужигнасан байдал угтлаа. “Энийг аваарай. Тэрийг аваарай” гээд худалдагч нар бараагаа сурталчлах.

Монголчууд уламжлалт баяр ёслолын үеэр үндэсний  хувцсаараа гангарах сонирхолтой болсон. Иймээс торго дурдан, бөс барааны тасгаар орж дээл хийхэд хэдэн төгрөг зарах талаар тооцоо хийлээ. Өнгө өнгийн торго, кашмер, үйтэн хуарыг төрөл бүрээр нь дэлгэн тавьжээ. Сонголт арвин. Үнийн хувьд энэтхэг торго нимгэн зузаанаасаа шалтгаалан метр нь 10 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дээшээ 15, 25, 35 мянган төгрөг гээд нэмэгдэж байв. Харин даавуун материалын хувьд 8000 төгрөгөөс эхлэх нь тэр. Энэ үеэр худалдагч бүсгүй “Сүүлийн үед  залуучууд үнэтэй торго гэхээсээ илүү энгийн даавуун материалаар дээл хийлгэх сонирхолтой болсон. Үнийн хувьд ч боломжийн байгаа. Хэрэв хямд гээд байгаа бол үнэтэй ч бий. Метр нь 70 мянган төгрөгийн ч даавуу байгаа. Манайхаар янз бүрийн л хүн үйлчлүүлдэг болохоор үнийн хувьд харьцангуй өөр байдаг” хэмээн ярьсан юм. Харин дээлний дотор хийх даавуу гэвэл бэлэн оёсон дотор эрэлт ихтэй байгаа харагдсан. Үнийн хувьд зузаан нимгэнээсээ хамаараад 3000 төгргөөс эхэлж байв. Хэдийгээр зузаан дотор нь үнэтэй байгаа ч нимгэн дотор нь дээл хийхэд эвтэйхэн болдог гэж худалдагч  зөвлөж байсан. Мөн хурган дотортой адил хиймэл үснүүд олон харагдсан.
Таны өмссөн дээлийг сүр бараатай харагдуулах зүйл бол бүс. Тус захад дурдан метр нь 5000 мянган төгрөг байлаа. Үнийн тухайд чанар, аль улсаас орж ирж байгаа зэргээс шалтгаалан хэлбэлзэх аж. Эрэгтэй хүнд ойролцоогоор дөрвөн метр дурдан бүс гээд бодохоор бага­даа 20 мянган төгрөг гэсэн үг. Дээлийн өнгөний хувьд ойролцоогоор дөрвөн метр орно гэж тооцоход метр нь 8000 төгрөгийн торго авъя гэвэл 32 мянган төгрөг гэсэн үг.

Товч нь таны дээлний нүнжигтэй байх эсэхийг илэрхийлнэ. Тухайлбал, 3-9 ширхэгтэй нь 45-50 мянган төгрөг бол гууль, шилэн, зангидсан товчийг төрөл бүрээр нь худалдан авах боломжтой бөгөөд мөн л багцаар нь 3-9 нь 5000 төгрөгөөс эхлэн борлуулах гэнэ. Эдгээрийг худалдаж байгаа худалдагч нар амсхийх завгүй худалдаа наймаа хийх бөгөөд “Танд дээл хийхэд тэдэн метр даавуу орно. Өргөн интэй учраас дөрвөн метр хангалттай. Та дээлний өнгөө аваад дотор, бүс эмжээрээ аваарай. Тэдэн метр орно. Тэдэн төгрөг болж байна. Манай даавуу сайн чанарынх шүү. Нэг дээлийг хоёр гурван жил өмсчихнө шүү” хэмээн өөрийнхөө барааг баахан сурталж зөвлөгөө өгч орхино. Дээл оёж  чадахгүй хүн худалдагч нараас зөвлөгөө аваад оёчихмоор санагдаж байлаа. Ингээд дээлийн өнгө 32 мянга, дотор 16000, товч 10000, бүс 20 мянган төгрөг гээд бодоход зөвхөн материал авахад ойролцоогоор 80 мянган төгрөг хэрэгтэй. Үүн дээр дээл оёх хөлс нэмэгдэх учиртай. Энгийн загвартай дээлийг багадаа 60 мянган төгрөгөөр урлаж байгаа юм билээ. Материалаа өгөөд дээл хийлгэнэ гэвэл 140 мянган төгрөг болох нь.

Бөс, даавуу, торгоос гадна дээлтэй хамт хэрэглэх гутал, малгай эрэлт ихтэй байсан. Малгайны хувьд толгойн тэргүүн гэдэг утгаар нь хүмүүс аль болох үнэтэйг нь авахаар сонирхож байгаа харагдсан. Булган малгай болон үнэгэн лоовууз хамгийн эрэлттэй байгаа талаар худалдагч залуу хэлж байсан. Үнийн хувьд булган малгай 210 мянган төгрөгөөс эхэлж байсан бол говийн үнэгэн малгай 90-150 мянган төгрөгт хэлбэлзэх аж. Мөн эмэгтэй саарал үнэгэн малгай 100 мянган төгрөг гэв. Ер нь үсэрхэг малгайнууд багадаа 100 мянган төгрөгөөр борлуулагдаж байв. Харин шляпан малгай 25-50 мянган төгрөгийн хооронд байгаа нь нэлээд боломжийн санагдсан. Дээлтэйгээ хослуулж өмсөх гутал багадаа 100 мянган төгрөгөөс эхлэх аж. Энд нохой гутал, хром, бакал гээд л 550 мянган төгрөг хүртэл үнэ хэлэв.

Бэлэн болсон дээл худалдаалж байгаа лангуугаар орлоо. Хүн ихтэй байх бөгөөд хөл гишгэх зайгүй шахам байв. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд дээлийг төрөл бүрээр өнгө өнгөөр нь солонгоруулан тавьжээ. Үүнээс нүдэнд хамгийн ихээр туссан шаргал торгоор хийсэн эмэгтэй дээлийг сонирхвол 180 мянган төгрөгөөс яриад өгнө гэв. Үүнтэй ижилсэхээр бор шаргал даавуун эрэгтэй дээл  300 мянган төгрөг гэв. Өнөөх худалдагч хос дээл сонирхож байвал тэр гээд заав. Тус лангууны дараагийн хэсэгт хос дээлийг өнгө ижилсүүлэн өлгөжээ. Үнийн хувьд багадаа 370 мянган төгрөг гэх бөгөөд сая төгрөг хүртэл үнэтэй. Хийцийн хувьд нэг их ялгараад байхгүй энгийн ижил дээлнүүд харагдсан. Шилбийг нь урт оёсон эсвэл хүннү зах, ханцуйтай гэдгээр ялгарахаас бусадаар нэг их содон зүйл байхгүй ч эдгээр дээл бусдаасаа арай үнэтэй. Хантаазтай дээлнүүд нь сүр жавхаатай ч үнийн хувьд мөн л торго, даавуунаас нь  хамаараад 80-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх нь тэр. Дээл худалдан авахаар сонирхож яваа хижээл насны эр хантааз сонирхож байхтай тааралдан цөөн хором ярилцахад тэрээр “Цагаан сар, Үндэсний их баяр наадамаар л үндэснийхээ хувцсаа өмсөөд гангарах үе гарах юм. Гэтэл үнэ нь жил ирэх тусам нэмэгдээд байна. Баяр дөхөөд ирэхээр бүр үнэд орох юм. Би түрүү жил даавуун дээлээ 120 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл энэ жил 120 мянган төгрөгөөр захаас зээл олдохгүй шинжтэй. Хийдэг хүн нь ховордоод байдаг юм уу материал нь үнэд ороод байна уу  бүү мэд. Үнэ нь л нэмэгдээд байх юм. Үнэ өндөр байвал хүн бүр үндэснийхээ хувцасыг өмсөөд байж чадахгүй. Тиймээс үндэснийхээ хувцасны үнийг өргөөд тэнгэрт гаргаад байх биш хүн бүр өмсөх хэмжээний болгох хэрэгтэй. Нэг дээл гэхэд 150 мянган төгрөг байна. Энэ мөнгөөр ноолууран цамц, эсвэл бусад төрлийн хоёр цамц аваад дараа ээлжиндээ өмсөх боломжтой. Дээлийг тэр бүр өмсөөд байхгүй шүү дээ“ гэсэн юм.

0 Сэтгэгдэл
zaaval deel umsuj yadag ym mglchuud hyamraad hetsuu bn gecheed tagaan sard zoruilj deel hiilgeed ter aimar unetei
deel bitgii av,daraad baigaa shuu.
Хамгийн их уншсан