Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв төрийн бус байгууллагын тэргүүн Э.Алтаншагайтай иргэн бүрт олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаар ярилцлаа.
-Иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа өгсөн. Гэтэл энэ хувьцааны сураг алдарлаа гэж асууж сурагласан хүмүүс олон байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-УИХ-д 2008-2012 онд нэр дэвшигчид иргэн бүрт 1.5 сая төгрөг эх орны хишиг гэж түгээнэ хэмээн амласан. Тэгээд сонгогдоод 500 мянган төгрөгийг нь өгсөн юм. Энэ мөнгийг өгөхдөө сар бүр 21 мянган төгрөг олгосон. Үлдсэн нэг сая төгрөгт нь “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцаа өгсөн. Уг шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр . Одоо иргэн бүр үнэт цаасны дансаа нээж хувьцаагаа өөрийн нэр дээр авах ёстой. Өнөөдрийн байдлаар 780 гаруй мянган иргэн хувьцаагаа өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэсэн судалгаа бий. Үлдсэн хоёр сая гаруй иргэн хувьцаагаа бүртгэж аваагүй байна. Үлдсэн нь яахаа мэдэхгүй явж байгаа гэж хэлж болно. Төрөөс үнэгүй өгч буй баялгийг авах хэрэгтэй. Үнэт цаасны дансаа нээсэн хүн хуулгыг нь аваад үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа орсон байгаа. Банкны дансныхаа хуулгыг авч шалгадагтай адил. Гэтэл энэ хувьцааг өгөхгүй байгаа гэсэн яриа гарч буй юм. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж буй худал мэдээлэл.
-Тэгэхээр хувьцаагаа авахын тулд иргэд хаана, хэнд хандаж болох вэ?
-Манай байгууллага болон бусад брокер диллерийн компанид хандаж болно. Бидэнд хандвал хувьцаагаа яаж авах, хэрхэн захиран зарцуулах талаар зөвлөгөө, сургалт мэдээлэл үнэ төлбөргүй өгнө. Бид орон нутгаар явах төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг, Эрдэнэт, Дарханаар явлаа. Одоо Архангай аймгаас ажлаа эхлээд байгаа. Мөн Баянхонгор аймгаар явж хувьцааны сургалт, зөвлөгөө өгнө. Иргэд хувьцааны талаар мэдээлэлгүй байгаа нь эрх нь зөрчигдөх магадлал өндөр гэсэн үг. Монголчууд “Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана” гэдэг. Үүн шиг мэдлэг мэдээлэлгүйгээс болж иргэдийн эрх зөрчигддөг юм. Хувьцаа бол тухайн компанийн эзэмшлийг хуваасан цаас. Ирээдүйд үнэд ордог тул үнэт цаас гэж нэрлэдэг. Энгийнээр хувьцааг хонь гээд аваад үзье. Тэгэхээр 1072 толгой хонь. Нэгийнх нь үнэ 933 төгрөгийн үнэтэй. Хонио авахын тулд хашаа барих хэрэгтэй болно. Хашаа нь үнэт цаасны данс. Дансаа нээж хонио хашаад авах хэрэгтэй. Жил ирэх тусам хонины үнэ өснө гэж ойлгох ёстой. Энэ үед ганц нэгээр зараад мөнгө авах боломж бий. Үүнээс гадна жил бүр хониныхоо сүү, ноосыг аваад байж болох юм. Энэ нь ногдол ашиг. Иймд иргэн та хувьцаагаа авахгүй бол гадаадын хүмүүс авах гээд байна. Авчихвал таны өмчийг хэн ч захиран зарцуулах эрхгүй гэж ойлгох хэрэгтэй.
-Хувьцаагаа авсан ч өнөөг хүртэл үр ашгийг нь хүртэж чадаагүй. Энэ нь иргэдийг хойрго хандахад нөлөөлж байж болох юм. Та ямар бодолтой байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум хувьцаатай. Үүний гурван тэрбум хувьцааг нь 2.8 сая иргэнд хувааж өгсөн юм. Энэ бол нийт хувьцааны 20 хувь. Үлдсэн хувьцааных нь 50 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Одоо үлдсэн 30 хувийг нь Хятадын “Чайна Шинхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” гэсэн гурван компанийн консерцум дөрвөн тэрбум ам.доллараар худалдан авах санал ирүүлж яриа хэлцэл хийж байна. Тэгэхээр бүх хувьцааг нь хүмүүс аваад дуусах нь гэсэн үг. Иймд иргэд өөрийн хувьцаагаа яаралтай авах нь зүйтэй юм. Эхний ээлжинд хувьцаагаа авах хэрэгтэй. Ирээдүйд үнэд орно. Наад зах нь нэгж хувьцааны үнэ 2000 төгрөгт хүрлээ гэж бодоход эргүүлээд зархад нэг сая биш хоёр сая төгрөг болох юм. “Эрдэнэс Тавантолгой” компани бол 300 жилийн настай. Тэгэхээр хувьцаа нь он жил өнгөрөх тусам илүү их үнэд хүрэх хүлээлт бий гэж бодож байна. Улстөрчид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг амь оруулах гэж ярьж байгаа нь буруу. Хувьцааны хоёр дахь зах зээлийг нээнэ гэж яриах ёстой. Энэ компанийн хувьцааг эзэмших 2.8 сая иргэний тодорхой хэсэг нь бэлэн мөнгө авсан. Тухайлбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан бэлэн мөнгө болон сургалтын төлбөр хэлбэрээр авсан байгаа. Тэд хувьцаа авахгүй. Одоо хувьцаагаа авах ёстой иргэд хувьцаагаа аваад дуусахаар зарах, бэлэглэх, барьцаанд тавих, өвлүүлэх гээд бүх эрхийг нь нээх учиртай. Засгийн газар энэ эрхийг нь нээх хуулийн заалт бий. Иргэд хувьцаагаа авч дуусаад хоёр дахь зах зээлийг нь нээе гэсэн асуудал тавихад маргааш нь нээгдэх боломжтой гэсэн үг. Иргэд хувьцаагаа бүрэн аваагүй байж арилжааны эрхийг нь нээх тухай яриад байна. Тэгвэл бантан болж хувирна. Хамгийн гол нь иргэд хувьцаагаа яаралтай авч дансандаа хийх ёстой.
-Хувьцааны оронд мөнгө авах санал өгсөн иргэд бий. Та энэ талаар дээр яриандаа дурдаад өнгөрлөө. Тэгэхээр мөнгө аваагүй, бас орон сууцны урьдчилгаанд тооцуулна гэсэн иргэд олон байгаа. Тэд хувьцаагаа эргүүлэн авах боломж бий юу?
-Хувьцаагаа авахгүй гэсэн 1.2 сая иргэн бий. Засгийн газар 2012 онд та нэг сая төгрөг бэлнээр авах уу, эсвэл орон сууцны урьдчилгаанд төлөх үү, сургалтын төлбөрөө хийх үү гэж иргэдээс санал авсан. Гэтэл иргэдийн хувьцааны талаарх ойлголт төдийлөн сайн биш учраас нэг сая төгрөг бэлнээр авах өргөдөл өгсөн юм. Өнөөдөр тэд нэг сая төгрөгөө авч чадаагүй. Тэгэхээр нэг сая төгрөгөөс татгалзаж хувьцаагаа эргүүлэн авах боломж бий. Өргөдөлийн маягт байгаа. Үүний дагуу өргөдлийг нь авч Засгийн газарт шилжүүлсэн. Засгийн газраас бидэнд нэг жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагаар дамжуулж хариу өгсөн. Энэ хариунд “Иргэд хэрэв хувьцаагаа буцааж авахыг хүсвэл өргөдлөө гаргаж өг. Хувьцааг нь эргүүлэн олгох боломжтой” гэж дурдсан. Энэ бол таатай мэдээлэл. Хэрэв нэг сая төгрөгөө авна гэсэн сонголтоо өөрчлөөгүй бол таны хувьцааг Засгийн газрын үнэт цаасны дансанд эргүүлэн татсан байгаа. Харин энэ татаж авсан хувьцааг Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авах сонирхолтой Ли, Жон овогтнуудад зарна гэсэн үг. Тэдэнд таны хувьцааг зарсны дараа нэг сая төгрөг өгнө гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ хэд хуваах эсвэл бөөнд нь өгөхийг тухайн үед нь шийдэх байх. Үүнийг би мэдэхгүй. УИХ, Засгийн газар л шийднэ. Одоогоор иргэдэд хувьцааны оронд өгөх нэг сая төгрөгийн төсвийг хэлэлцэж батлаагүй байна.
-Тэгвэл нэг сая төгрөгөөс татгалзаж хувьцаагаа авах өргөдөл гаргалаа гэхэд хэдий хэмжээний зардал мөнгө тухайн иргэнээс гарах вэ?
-Бага зэрэг зардал мөнгө гарна. Учир нь тухайн иргэн үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй. Хэрэв дансгүй бол нээлгэхэд 5000 төгрөг төлнө. Мөн иргэний үнэмлэх, ногдол ашиг хүлээж авах банкны дансны дугаараа мэдэж ирэх ёстой. Манай байгууллага иргэдийн өргөдлийн маягтыг бөглүүлж, иргэний үнэмлэхийг нь ард нь хэвлээд “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлэн өгөхөд 1000 төгрөгийн хураамж авдаг. Одоогоор манай байгууллагад 10 мянга гаруй иргэн хандсан. Тэдний 5500 гаруй нь хувьцаагаа эргүүлэн авах өргөдөл гаргалаа. Үлдсэн нь нэг сая төгрөгөө авах шийд гаргасан.
-Өнөөдөр нүүрсний үнэ унаж байна. Ойрын хугацаанд үнэ сэргэх төлөв алга гэдэг. Зарим судлаач нүүрсээ одоо ашиглахгүй бол цаашид хог болно гэж ярьдаг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны хувь заяа хаашаа эргэх бол. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн шинжлэх ухааныг судалдаг ганц асуудал бий. Өөрөөр хэлбэл нээж илрүүлж чадахгүй байгаа зүйл юм. Энэ нь хязгаарлагдмал нөөц баялгаар яаж хаязгааргүй хэрэгцээг хангах вэ гэсэн асуудал. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н зургаан тэрбум тонн нүүрсний нөөц асар их барагдахүй юм шиг сонсогдож байвч хязгаарлагдмал нөөц. Жишээлбэл, өнөөдөр нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр авч байна гэж бодъё. Тэгвэл арав, хорь, гучин жилийн дараа нэг тонн нүүрсийг та энэ үнээр авч чадахгүй. Үнэ нь 100, 200 мянган төгрөгт хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Ийм тул нүүрсний үнэ өснө. Харин богино хугацаанд өсч буураад явна. Үнийн гарфикийн ерөнхий хандлага бол өсөлт байх болно. “Холын хараагүй хүнд ойрын зовлон их” гэдэг үг бий. Тэгэхээр богино хугацааны зүйлд санаа зовох шаардлагагүй алс хэтийг нь олж харах хэрэгтэй. Нүүрсний үнэ ханш буурсан ч иргэн та “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа эзэмшинэ гэдэг нь газар нутаг, нөөц баялгийнхаа эзэн нь гэдгийг тодотгож өгч буй юм. Хэрэв хувьцаагаа зарвал Оюу толгой шиг бусдад эд баялгаа алдаж байгаатай адил. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тэр нөөц баялгийн эзэн болж байна гэсэн үг. Өнөөдөр улс орныг эзлэхдээ цэрэг дайнаар бус худалдаж авдаг болсон. Ялангуяа ашигт малтмалын нөөц ихтэй манай улсыг худалдаж авах процесс руу орсон гэхэд хилсдэхгүй.
-Хувьцаагаа алдсан, хохирсон маргаан хэр гардаг юм бол. Энэ талаар судалгаа мэдээлэл бий юу?
-Маш их байдаг. Манай байгууллага нэг жилийн өмнөөс ийм бүртгэл, судалгаа хийж эхэлсэн. Жишээлбэл, иргэн Б “Ээрмэл”-д өмч хувьчлалын тасалбараар “Өндөрхаан инвест” гэдэг брокер диллерийн компаниар дамжуулж 138 ширхэг авсан байна. Гэтэл 1996 оны арванхоёрдугаар сарын 23-нд зарагдсан байгаа юм. Энэ хүн өөрөө хувьцаагаа зараагүй. Энэ бол хууль бус үйлдэл. Ер нь хэн нэгэн хүн өмнөөс хууль бус итгэмжлэх ашигласан, ах дүү хамаатан садан нь зарсан байдаг. Мөн тухайн брокер диллерийн компани зөвшөөрөлгүй зарсан гээд олон тохиолдол гардаг. Ийм асуудал бүрт бид Санхүүгийн зохицуулах хороонд ханд гэж явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн шийдвэрлэж байгааг нь мэдэхгүй. Зарим иргэн хувьцаагаа эргүүлэн авсан тохиолдол ч байгаа. Үүнээс гадна үнэт цаасны зах зээлд гэгээлэг сайхан зүйл ч бий. Тухайлбал, Орон нутгийн “Тавантолгой” гэж компани 2013 онд нэг ширхэг хувьцаанд 766 төгрөгийн ногдол ашиг өгсөн. Ингээд нийт 40 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан юм.
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа муу байна. Борлуулалт нь уналаа. Сайн ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Үүний шалтгаан нь юунд байна вэ?
-Иргэд хөрөнгийн биржээр тэр бүр үйлчлүүлэхгүй байгаатай холбоотой. Учир нь үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг мэдлээлэл хомс байгаа юм. Өнөөдөр хувьцааны талаар анхан шатны мэдлэгтэй болж тав, 10 сая төгрөгийнхөө учрыг олж байгаа иргэн гарч ирж л байна. Өөрөөр хэлбэл ногдол ашиг төвлөрсөн, эргүүлээд зарна гэвэл өндөр үнэд хүрэх иргэд бий. Нөгөө талаас Хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтаас шалтгаалж буй асуудал ч их байгаа.