Мах, махан бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөж байгаа компаниудын үнэлэмж өсч, уруудах нь өнөө цагт “ширхэг үсээр” хэмжигдэх болов. Энэ нь иргэдийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт хийгээд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага үлэмж нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн өрсөлдөөнийг илүү өндөр түвшинд гаргасан ердөө наад захын жишээ. Үүнээс илүү өргөн хүрээнд харвал дотоодын мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь гол түүхий эд болох мал сүргийн байдлаас түлхүү хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль цаг уурын нөлөөлөл, гоц халдварт өвчин зэргээс шалтгаалан тухайн үйлдвэрлэлийн ашиг орлого хэлбэлзэж байгаа юм.
Тэгвэл байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын мах, махан бүтээгдэхүүний 60 гаруй үйлдвэр бодит байдал дээр хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдгээрийн зах зээлийн өрсөлдөөн болоод эрэлт хэрэгцээ, эрүүл ахуйн шаардлага хэрхэн уялддаг вэ гэдэгт хариулт олохоор бид “Траст трейд” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Хиам, махан бүтээгдэхүүн, эрчимжсэн гахайн аж ахуй, ангилсан махны үйлдвэр гэсэн үндсэн гурван төрлөөр үйл ажиллагаа явуулдаг тус компани зах зээлийнхээ 40 орчим хувийг дангаар бүрдүүлдэг гэнэ.
Зорилго ба зарчмаа бүү алд
Аль ч салбарт компани оршин тогтнох үндэс суурь нь зорилго, зарчим хоёроос шууд хамааралтай гэдгийг тус компанийн менежер Төрболд хэллээ. Хөлдүү мах хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх үйлдвэрийн “схем”-тэй өдөржин танилцах боломж олгосон тэрбээр “2000 оны зургадугаар сард ОХУ-ын тоног төхөөрөмжөөр хоногт 500 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хиамны цех байгуулагдсан нь одоогийн гахайн аж ахуй, мах ангилах үйлдвэр, хиамны үйлдвэр бүхий мах боловсруулалтын тогтолцоог бий болгож чадсан үндэсний үйлдвэрлэгч компани болтлоо өсөж дэвжсэн” гэж компанийнхаа хөгжлийн тухай яриаг эхлүүлсэн юм. Тухайн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх 15 жилийн уналт, сэргэлтийг нарийн дурдах боломжгүй ч зорилго ба зарчмын замаас хазайхгүй байх нь тэдний ил “нууц” аж. Ялангуяа зорилго, зарчмыг энгийн нэг уриа үг гэдгээс илүүтэй, хэрэглэгчийн хүсэл сонирхол, компанийн ажилчдын дотоод уур амьсгал зэргийг өөрсдийн зах зээлийн онцлогтой уялдуулан тодорхойлох нь чухал гэнэ. Тухайлбал, тэд нэн түрүүнд ажиллагсдын амьдралын түвшин, хувь хүний хөгжлийг ямагт ахиулах нь ажилчид өөрсдийн хариуцсан ажилд сэтгэлээ шингээхэд гойд нөлөөлдөг гэж томьёолжээ. Харин хоёрдугаарт, цэвэр, цэгцтэй ил тод байх нь эрүүл ахуйн шаардлагатай шууд холбогдох үндсэн зарчим аж. Бид ч үйлдвэрийн дамжлагатай танилцахын тулд ээмэг, бөгж, зүүлт, гар утас зэрэг гадны материалыг үлдээн, нэг удаагийн нөмрөг, амны болон үсний хаалт, зориулалтын гутал зэргээр “зэвсэглэж”, ариутгалын өрөөгөөр дамжин ажлын талбарт нэвтэрсэн юм.
Маханд металл агуулагдах боломжгүй
Ингээд “Траст Хээм” хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцсан бөгөөд бүтээгдэхүүний гол түүхий эд нь “Траст Мийт” ангилсан махны үйлдвэрээс ирдэг байна. Тэд эхлээд түүхий эдээ 20 тонны багтаамжтай хоёр зооринд хүлээн авсныхаа дараа 12 дамжлага дамжуулан эцсийн бүтээгдэхүүн болгодог. Жигнэх, пүүлэх, чанах зэрэг энгийн технологийг хасвал, металл илрүүлэх дамжлагыг онцолж болох юм. Энэ нь бэлтгэгдэн ирсэн махны аль нэг хэсэгт өчүүхэн бага хэмжээтэй металл байсан ч илрүүлэх боломжтой төхөөрөмж аж. Харин нэгэнт махнаас металл илэрсэн бол дамжлага шууд зогсдог бөгөөд махыг нядалж аль хэсэгт металл байгааг илрүүлдэг ч дараагийн дамжлагад ашиглан, бүтээгдэхүүн болгодоггүй байна. Тус үйлдвэр өдөрт 15 тонн төрөл бүрийн хиам, элэгний нухаш зэргийг үйлдвэрлэх боломжтой ч иргэдийн эрэлтэд үндэслэн өдөрт дунджаар 3.5-5 тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ “Траст Хээм” хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн гол баталгаа нь ангилсан махны болон гахайн аж, ахуйгаас шууд хамаарч байдаг аж. Өөрөөр хэлбэл, хиамны гол түүхий эдийг өөрсдөө боловсруулж, түүхий эдээс хараат бус байдал тогтоосон нь хиам, махан бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлдөг байна.
Ганц байдаг гахайн ферм тэднийх
“Траст трейд” компани 2006 оноос гахайн махыг өөрсдийн фермдээ бэлтгэх зорилгоор Жаргалан эрчимжсэн гахайн аж ахуйг байгуулжээ. Ингээд Дани улсын цэвэр цусны “Ландерс” болон ОХУ-ын “Том цагаан” үүлдрийн гахайг үржүүлж, европ стандартын гахайн махыг ханган нийлүүлэх болсон байна. Үүнээс гадна дотоодын “Баатрууд Тэнгэр”, “Стандарт мах”, “Соотон” зэрэг мах бэлтгэлийн үйлдвэрүүдээс түүхий эдээ “Траст Мийт” ангилсан махны үйлдвэр нийлүүлдэг аж. Харин ангилсан махны үйлдвэр нь өөрийн болон бусад үйлдвэрээс нийлүүлсэн махаа 1000 тонн багтаамжтай мах хадгалах хөргүүрт хадгалж, өдөрт 10 тонн мах шулж ангилан, савлаж хэрэглэгчийн гарт хүргэдэг юм. Мэдээж, үүний өмнө бүтээгдэхүүн, түүхий эдийн эрүүл ахуйн шаардлагыг нэн түрүүнд чухалчилдаг. Тухайлбал, технологийн зөвлөл, чанарын хяналтын баг, лабораторын хэсэг, өмчийн хяналтын баг, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл нь дотоод хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болох үе шатанд дотоод хяналтыг тасралтгүй явуулах ёстой гэж үзэж байна. Учир нь, зөвхөн эрүүл ахуйн тал дээр олон хэсэг, хэлтсийг ажиллуулах нь хүнсний баталгаат байдал хангагдах гол үндэс гэж үздэг талаар тус компанийн менежер бидэнд хэлсэн юм.
Харин энэ бүх хяналтын системийг бүрдүүлэхийн тулд хүний нөөцийн асуудлыг чухалчлан авч үзсэн байна. Тухайлбал, “Траст трейд” компанийн гол нэрийн бүтээгдэхүүн болсон хиамыг үйлдвэрлэхийн тулд гахайн аж ахуйн хүний нөөцийн бүрдүүлэлтийг 2006 оноос эхлэн нарийн төлөвлөж эхэлжээ. Ингээд тухайн оноос эхлэн компанийн малын эмч болон мал зүйч нарыг ОХУ-ын “Николаевский” компанид сургалтад суулгаснаас гадна БНХАУ-ын Дайлан хотын үржлийн аж ахуйд зохиомол хээлтүүлгийн чиглэлээр сургалтад хамруулжээ.
Гахай үржүүлэх нь ямар ашигтай вэ
Гахайн аж ахуй эрчимтэй хөгжсөн орнуудын жишгээр “Траст трейд”, “Ландерс” болон “Том цагаан” үүлдрийн гахайг үржүүлдэг. Мэдээж, гахай үржүүлснээр мэгжийн аж ахуйд ашиглах чадамжийг дээшлүүлэх, бодонг эрчимтэй ашиглах, нэг мэгжээс өсөх чадвар сайтай олон тоорой бойжуулах зэргээр жилд үйлдвэрлэх махны хэмжээг нэмэгдүүлэх наад захын ач холбогдолтой. Гэхдээ тус компани цэвэр цусны “Ландерс” үржүүлснээр үржлийн сүрэг бүрдүүлэх зорилго тавьсан байна. Учир нь, гахайн аж ахуй эрхлэлтийн хамгийн том бэрхшээл нь Монгол Улсад гахайн цус ойртолт болоод байгаа аж. Тиймээс эрлийз сүрэг бий болгосноор цус ойртолтын ашиггүй зардлыг бууруулах замаар ашигт ажиллагааны түвшинг салбарын хэмжээнд 20-30 хувиар өсгөх боломжтой гэж үзжээ. Манай орны ихэнх гахайн аж ахуй нутгийн гахай үржүүлж байгаа бөгөөд тэднийг 100 кг-д хүргэхийн тулд 1-1.5 жилийн хугацаа зарцуулдаг байна. Гэтэл сайн чанарын эрлийз үүлдрийн гахайг адил зардлаар үржүүлэхэд энэ хугацааг 2-2.5 дахин багасгах боломж байдаг аж. Юутай ч, “Траст трейд” компани өөрийн гахайн аж ахуйгаас чанартай гахайн мах бэлтгэн эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа бол цаашид дотоодын гахайн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах замаар нийтээрээ чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байгаа юм байна.