Үе үе өндөр барилга шатдаг ёр шүглэсэн мэт хотын төвд 20 гаруй давхар хоёр ч барилга ар араасаа галд өртөв. Эхлээд “MCS” группийн “Шангри Ла”, өчигдөр “Бэст Вестерн примьер Туушин” зочид буудал... Хоёр удаагийн галыг хэлж ирдэггүй хийсч ирдэг гай гамшиг мэтээр ойлгоод өнгөрч болох ч ээлж дараалсан энэ гал цаагуураа нэг зүйл хэлж, сануулаад байх шиг.
Өчигдөр өглөө хотын төв цэг буюу “Чингис”-ийн талбайн зүүн хойно байрлах “Бэст Вестерн примьер Туушин” зочид буудалд гал гарч, азаар хүний амь эрсдэлгүй өнгөрөв. Хохирлын хэмжээ, галын шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын Гал унтраах Х ангитай холбогдож тодруулбал “Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Хуулийн хүрээнд буюу 14 хоногийн дотор энэ тухай мэдээлэх үүрэгтэй байдаг. Ямартай ч галаас болж хүний амь эрсдээгүй. Шалтгааныг нь удахгүй тогтоох болно” гэсэн хариу өгөв. Юутай ч “Туушин”-гийн гал хүний аминд хүрсэнгүй. “Шангри Ла” ч эд материалын гарз дагуулснаас, эрүүл мэндийн хохирол учруулаагүй. Гэвч...
Сануулга 1
Одоогоос дөрөвхөн сарын өмнө буюу өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Шангри Ла” зочид буудал шатсан нь эхний сануулга, эхлэл байсан гэж хэлж болно. Тухайн үед барилга угсралтын ажил 80 хувьтай байсан нь аз дайрсан хэрэг болсон. Учир нь, барилгын дотоод заслын ажилчдаас 19 хүн үлдэж бусад нь үдийн цайндаа гарсан байж. Долоон давхраас дүрэлзсэн галд хэт халалтын улмаас цонхны шил хагарч, улмаар гадна фасадны чийгнээс хамгаалах зориулалттай резин шатаж дээд давхрууд руу хээрийн түймэр шиг л хурдан тархсан. Галд боогдож гарцгүй болсон 19 хүн дээвэрт гарч онцгой байдлынхныг иртэл хүлээж амь хэлтэрснийг уншигчид санаж байгаа байх. Барилгын ажил дуусч ашиглалтад орчихсон байсан бол хэдий хэр хохирол учирч, хэчнээн хүний алтан амийг аймшигт гал авч одох байсныг хэлж мэдэхгүй.
Энэ эхний сануулга бидэнд хангалттай сургамж болохоор байсан ч ингэж тэгсгээд асуудал намжсан. Дараа нь, Нийслэлийн онцгой байдлын газраас галын шалтгаан болоод гал унтраах үеийн үйл явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд “Хуульд заасанчлан есөн давхраас өндөр барилгад байвал зохих гал унтраах бүрэн тоноглолт автомат систем байгаагүй нь гал гарах, богино хугацаанд тархах шалтгаан болсон” гэж үзсэн.
500 сая ам.долларын өртөгтэй, таван одтой өндөр зэрэглэлийн зочид буудал гал унтраах системээ шийдээгүй байхад бусад нь яах вэ. Ингээд бодохоор “Шангри Ла”-гийн гал тун ойлгомжтой сануулга байв.
Сануулга 2
Өчигдөр өглөө 09:46 минутад утас дуугарч “Туушин зочид буудалд гал гарч байна” гэх мэдээг зочид буудалд байсан эх сурвалж дуулгав. Зочид буудлаас холгүй байсан манай сурвалжлах баг галын цэгт Нийслэлийн онцгой байдлын Гал унтраах X ангийнхантай зэрэг шахам очсон ч буудлын хамгаалалтын алба хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлсэнгүй. Биднийг очих үеэр галын шалтгаан болоод хэдээс хэдэн давхарт гарсан, зочид буудалд хэчнээн хүн байгаа тухай ямар ч мэдээлэл өгсөнгүй. Нүдэнд ил харагдсан нь 17 дугаар давхраас хар утаа суунаглаж, цонхоор нь ганц нэг хүн цээжээ гаргасан байх нь харагдав.
Гал унтраах ангийнхан дуудлага хүлээн авснаас хоёр минутын дараа ирсэн ч буудлын ар тал руу машинтайгаа орох гэж багагүй саатав. Учир нь, “Туушин” зочид буудлын зүүн талын туслах зам дагуу зай завсаргүй машин байрлуулсан нь том оврын галын машин эргэж ороход тээг болж байлаа. Улмаар 17 гал сөнөөгч багаж хэрэгслээ чирсээр зочид буудлын арын хаалга руу яаран гүйв. Гал унтраах Х ангийн 1, 2 дугаар тасаг галын цэгт ажилласан ба 11:30 цагт галыг бүрэн унтрааж дууссан юм.
Гал сөнөөгчдийн хэлж буйгаар хонгилд байрлах зочид буудлын радио узелийн өрөөнөөс гал гарсан аж. Улмаар утаа ихтэй байсан учир агааржуулах хоолой болоод явган шатаар утаа богино хугацаанд тархаж, 25 давхар зочид буудлыг хэдхэн хоромд эзэлсэн байна. Гал сөнөөгчдийн нэг хэсэг хонгилд гарсан түймрийг унтраасан бол бусад нь 1-25 давхар хүртэл явган шатаар гарч галын өөр голомт байгаа эсэхийг шалгасан аж. Барилга руу гал сөнөөгчид орсоор цаг орчим болсны дараа буудлын давхар бүрийн цонх онгойсон нь утаа хэр их байсныг илтгэнэ.
Ямартай ч гал сөнөөгчдийн шуурхай ажиллагаа хонгилын өрөөнд гарсан түймрийг газар авахуулалгүй, цаг тухайд нь унтрааж чадсан юм. Гэвч хачирхалтай нь 09:30 минутын үед зочид буудлын галын дохиолол дуугарч эхэлсэн ч Онцгой байдлынхныг иртэл буудлын удирдлага, ажилчдын зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй тухай эх сурвалж мэдэгдсэн. Тэр ч бүү хэл утаа мэдрэгч, ус шүршигч нь ч ажиллаагүй тухай хэлж байв. Галын дохио дуугарсаар арав орчим минут өнгөрсний дараа дөрөвдүгээр давхарт байсан хүмүүс гал гарсан тухай мэдээгүй байсан аж. Гал сөнөөгчдийн хэлснээр утаа бүх давхарт дамжсан гэх ч дөрөвдүгээр давхрынхан мэдээгүй байсан нь сонирхолтой. Буудлын гаднаас харахад 17 дугаар давхрын цонхоор утаа гарч байсан нь тэр давхарт л гал гарсан гэж ойлгохоор байсан.
Үзэмжээс цаашгүй өндөр барилгууд
Сая гаруй оршин суугчтай Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, өндөр барилгуудаар өнгө нэмсээр. Гэвч хот төлөвлөлтийн наад захын стандарт, шаардлагад нийцээгүй өнөөх өндөр барилгууд энэ мэтчилэн эхнээсээ аюулын харанга дэлдэж эхэллээ. Эмх цэгцгүй их бүтээн байгуулалт эрсдэл ихтэйг ч энэ явдал нотлов бололтой.
Нэг хэсэг том толгойлсон төрийн түшээд хаа хамаагүй газар олгосноос зам руугаа шахаж зах замбараагүй барилга байшин барьсан. Улмаар хотын хүн ам, тээврийн хэрэгсэл өсөн нэмэгдэхийн хэрээр автозамын ачаалал хэрээс хэтэрч өнгөрсөн жил цөөнгүй уулзвар, зам талбай өргөсгөн зассан. Ийнхүү зам, барилга хоёрын завсар явган хүний зам шахагдсаар эцэстээ хотын төвийн гудамжинд хоёр хүн ч зөрж өнгөрөхөд бэрх болов. Эл эмх цэгцгүй бүтээн байгуулалтын эзлэн түрэмгийлэлд өртөж хохирсон нь иргэд. Барилгаас төмөр унаж хэд хэдэн хүний амийг авч одсон. Зогсоолын хүртээмжгүй байдлаас болж авто машины дугаарын хязгаарлалт ч хийж үзэв. Энэ бүхний эхлэл эмх цэгцгүй төлөвлөлтийн балаг.
Умгар давчуу газар зай талбай ихтэй өндөр барилга барьсан нь ч галын аюулгүй байдал хангаж чадахгүйд хүрээд байна. 24, 25 давхар хоёр ч зочид буудалд гал гарахад гал унтраах ангийнхан гар хоосон шахам нүүр тулж байна. Тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нь шинэчлээгүйн гайгаар өдий хүртэл 12 давхраас өндөрт хүрч ажиллах машин, шатгүй хэвээр. Ийм байтал иргэд, оршин суугчдын амь нас, аюулгүй байдлыг гал сөнөөгчид маань хэрхэн бүрэн хангах билээ.
Сануулга 3
Муу ёрлосон болох вий гэсэн ч хэлэхгүй, бичихгүй өнгөрч болохгүй нь. Хотын хамгийн өндөр барилгуудын хоёр нь галд автах дөхлөө. “Шангри Ла”-гийн хувьд чамгүй хохирол амсч ашиглалтад орох хугацаа нь ч хойшилсон.
Аз болоход “Туушин” гайгүй өнгөрөв. Ер нь, Улаанбаатар хотод үе үе томоохон гал түймэр гарч зарим барилга, обьект доторхтойгоо ор мөргүй шатаж дууссан жишээ олон бий. “Алтжин”, “Нарантуул” гээд ар араас нь дурдаж болно. Харин ойрхон хугацаатай 20 гаруй давхар хоёр барилгад гал гарсан нь нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсныг хэлээд байх шиг. Олон хавар нэгэндээ гэдэг, аз олон дайрахгүй.