Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бусаар алт олборлож байгаад арга хэмжээ авна

Өмнөговийн мэдээ

Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” байгалийн цогцолборт газарт хууль бус аргаар алт олборлож байна гэсэн гомдол иргэд, олон нийтээс удаа дараа ирсээр байгаа. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга хууль бусаар алт олборлож байгаа зарим газарт биечлэн ажиллаж хууль сурталчлах, хууль зөрчсөн үйлдэл хийж байгааг сануулах, зогсоох шаардлага хүргүүлсэн юм.

Харин энэ удаад аймгийн ИТХ-аас санаачлан ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Өнөөдрийн уулзалтаар улсын тусгай хамгаалалттай газарт хууль бус аргаар алт олборлохтой холбоотой гарсан зөрчлүүд, тухайн зөрчлийг арилган хууль сахиулахад тохиолдож байгаа зэрэг хүндрэлтэй асуудлаар санал солилцсон байна. Мөн орон нутгийн удирдлагын зүгээс “Говь гурван сайхан” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Улсын тусгай хамгаалалттай газрын тухай болон байгаль хамгаалахтай холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, улсын тусгай хамгаалалттай газарт хууль бус аргаар алт олборлож байгаа үйл ажиллагааг таслан зогсоох тал дээр дорвитой арга хэмжээ авч ажилллахыг сануулж тодорхой хугацаанд хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Ахуй үйлчилгээний төв ашиглалтад орлоо

Даланзадгад сум/хот/-ын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн ахуйн үйлчилгээний төв шинээр ашиглалтад орлоо. Барилгын ажлыг “Эрдэнийн гүн говь” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ төв ашиглалтанд орсноор иргэд нэг дороос, цэвэр тохилог орчинд бараа материал худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ төвд 40 гаруй иргэн ажлын байраар хангагдсан байна.

Хүрмэн, Ноён сумдад ажиллалаа

Аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг бүх сумдын, бүх багт ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээл­лийг иргэдэд хүргэх, нөгөө талаас иргэдийн санал бодлыг сонсох зорилготой юм.
Ажлын хэсгийн нэг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.Жамъянхоролоор ахлуулсан ажлын хэсэг Ноён, Хүрмэн сумдад ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Ц.Өнөржаргал, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Болормаа, Үйлдвэр ХАА-н газрын хэлтсийн дарга Т.Батжаргал нарын албаны хүмүүс байлцлаа.
Хүрмэн сумын Тулга багийн хувьд багаа тохижуулж иргэд үйлчлүүлэх боломжоор илүүтэй хангаж өгсөн, багийн төвдөө гэрэлтүүлэг шийдсэн анхны баг болсон, мөн Тулга, Жанжин багуудад иргэдийн нийтийн хурлаа зохион байгуулах боломжоор хангаж хурлын үед бага насны хүүхдүүдэд сумын төвийн цэцэрлэгийн багш нар тусгайлан хичээл орж эцэг эхчүүдийг ИНХ-даа идэвхтэй оролцох боломжоор хангадаг зэрэг онцлог үйл явдал олон байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.
Мөн Эрдэнэбулагийн нүүрсний уурхайн замын тэмдэгжүүлэлт, багийн төвийн халаалттай болох, “Малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдын эрүүл мэндэд анхаарч явуулын үзлэг хийж байх зэрэг олон саналуудыг уламжилсан байна.

“Цодгор хүү-2015” тэмцээн амжилттай боллоо

Хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүү­лэх,  шатрын спортыг   дэлгэ­рүү­лэн хөгжүүлэх,  ирээдүйн мас­теруудыг бэлтгэх зорилгоор Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын 16, 17-нд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Баян-Овоо, Булган, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Гурван­тэс, Цогт-Овоо, Номгон, Ман­дал-овоо, Манлай, Хүрмэн, Даланзадгад сумын 75 хүүхэд оролцож, таван насны ангиллаар өрсөлдлөө. Тэмцээнийг Монгол Улсын шатрын спортын мастер Р.Гаадан, ХГБХХ-ийн мэргэжилтэн Б.Батболд, У.Нарангоо, Э.Сув­дан­чимэг ЗХТ-ийн зохицуулагч Н.Болор-Эрдэнэ, Э.Ууганбямба нар шүүн явуулж дүнгээ гаргалаа. Үүнд:
7 хүртэл насны ангилалд:
1. Г.Гандөл – Манлай сумын ЕБС-ийн 1б ангийн сурагч
2. Б.Маралжингоо– Эрд­мийн харш сургуулийн 1б ан­гийн сурагч
3. Э.Төгөлдөр – Баян-Овоо сумын ЕБС-ийн 1в ангийн сурагч
8-9 насны охидын ангилалд:
1) Б.Оюударь – Эрдмийн харш сургуулийн 2а ангийн сурагч
2) Ч.Энхнаран – Цогт-Овоо сумын 3а ангийн сурагч  
3) И.Хүслэн – 3-р сургуулийн 3г ангийн сурагч
8-9 насны хөвгүүдийн ангилад:
1. Ш.Жавхлантөгс - Сэврэй сумын 3а ангийн сурагч
2. Б.Наранпунцаг- Эрд­мийн харш сургуулийн 3а ан­гийн сурагч
3. Б.Отгонбаяр – 3-р сургуулийн 3г ангийн сурагч
10-11 насны охидын ангилалд:
1. Б.Оюундарь -  Эрдмийн харш сургуулийн 3а ангийн сурагч
2. Б.Урансанаа - Сэврэй сумын 5а ангийн сурагч
3. Т.Наранхишиг -  Номгон сумын 5а ангийн сурагч
М1. П.Тайванбаяр – 4-р сургуулийн 5в ангийн сурагч
2. М.Бат-Ирээдүй – 1-р сургуулийн 5в ангийн сурагч
3. Н.Наранбадрах – Номгон сумын 5а ангийн сурагч
Ангилал тус бүрт шалгарсан  хүүхдүүд 2015 оны хоёрдугаар сарын 11-12-нд Монголын хүүхдийн ордонд болох “Цодгор хүү – 2015” улсын уралдаанд оролцох эрх авлаа.

Мал сүргийн тоогоор Номгон сум тэргүүллээ

Мал сүрэг таван төрөл дээрээ өсч 1,8 саяд хүрээд байна. 2014 онд хамгийн малтай сумаар 216 мянган малтай Номгон сум тэргүүлж байгаа бол Ханхонгор 156 мянга, Баяндалай 153 мал тоолуулж эхний гуравдугаар байрт орсон байна. Хамгийн олон тэмээтэй Ханбогд сум 22 мянга, хамгийн олон адуутай Манлай сум 8100, хамгийн олон үхэртэй Ханбогд 3400, хамгийн олон хоньтой Ханхонгор 41 мянга, хамгийн олон ямаатай Номгон 171 мянгыг тус тус тоолуулжээ.

Шинэ автомашинтай боллоо

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн автомашин нийлүүллээ. Нийт 60 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр автомашиныг аймгийн Засаг даргын орлогч болон Хууль зүйн хэлтсийн дарга нарын албаны хүмүүс Цагдаагийн газрын хамт олонд гардуулан өглөө. Шинэ автомашинтай болсноор аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай арга хэмжээ авахад ард иргэдтэйгээ илүү ойр ажиллах боломж бүрдэж байгаа гэдгийг цагдаагийн албаныхан хэлж байна.

Баян-Овоо сумын Хүн эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр томоохон зорилтууд тусгагдсан байдаг. Тиймээс ч Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын тэргүүнд эрүүл мэндийн салбар тавигддаг юм. Энэ удаад Баян-Овоо сумын Хүн эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо.

Шинэ тоног төхөөрөмж гардуулан өгөх арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Бадраа болон НХХ-ийн дарга Н.Жамъянхорол нар оролцлоо. Орон нутгаас эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, орчин үеийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, мөн эмч мэргэжилтнүүдийг гадаад дотоодод сургах, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх ажлууд хийгдэж байгаа. Түүний нэг болгож Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж гардуулан өгөхдөө ард иргэдийнхээ төлөө илүү сайн ажиллахыг аймгийн Засаг дарга захилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан