“Ардчилал” сонины хамт олон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүрэг болоод Манжуур хотоор аяллаа. Редакцын маань уламжлал болсон аяллаа энэ удаа хилийн цаана хийж, биднийг үндэс угсаа, мэргэжил нэгтэй нөхөд маань халуун дотно хүлээн авсан юм.
Дорнодоос Хайлаар хүрэх зам
Аялал маань бусдад хуваалцах сонин сайхнаар дүүрэн өрнөсөн. Бид булган эдлэл, гэрлэн чимэглэлээрээ алдартай Манжуур руу хүрэх замаа сүүлийн үед хурдацтай хөгжиж буй Хайлаар хотыг үзэх маршрутаар хийсэн юм. Бидний аялал хот хоорондын автобусаар Дорнодыг зорихоос эхлэв. GPS-ээр хурдыг нь хянадаг, жигдхэн хурдтай автобусаар хотоос 600 км-ийн алс Дорнод аймгийн Чойбалсан хотод үүрээр буулаа. Өвлийн хүйтэн шөнө халуу дүүгсэн автобуснаас буусан бид наран ургах нутгийн жихүүн амьсгалтай хамгийн түрүүнд нүүр тулж, тэндээ бага ч гэсэн нойр авцгаагаад дараагийн аялалдаа гарав. Чойбалсан хотын нисэх буудлаас ганцхан цагийн нислэгээр хилийн дээс давж, Хайлаарт буулаа. Онгоцны цонхоор Хайлаар хотыг хараад сэтгэл хамгийн ихээр татсан зүйл бол мод. Шугамдсан мэт тарьсан модод эгнээ залган харагдана. Чойбалсантай харьцуулвал Хайлаарт хүйтэн юм. ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал биднийг угтаж, Хайлаар хотын төвд байх Чингисийн талбайд зочлуулав. 25 га газрыг хамруулан бүтээн босгосон энэ цэцэрлэгт хүрээлэнд өвөлдөө мөс, цасны хотхон сүндэрлэх. Амралтын өдөр очсон учраас ч тэр үү хаа сайгүй хүүхдүүд гулгаж, хөгшид салхилан алхах аж. Алхам тутамд үзэж сонирхох, нэхэн асуух зүйл мундахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны Чингис хааны тухай хэлсэн үгийг хүртэл энд чулуун хөшөөн дээр монгол бичгээр хичээнгүйхэн сийлжээ.
Аяллын төлөвлөгөө анх Хайлаарт буугаад шууд Манжуур руу хөдлөх байсан ч замын халтиргаа гулгааг тооцон тэндээ хоноод өглөө эрт Манжуурыг зорихоор боллоо. Тиймээс бид Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын музейгээр зочиллоо. Манай Гандантэгчинлэн хийдийн загварыг дууриалган хийсэн гэж хөтчийн тайлбарласан, хотын захиргааны байрны ард байх гурван давхар байшин бол хотын музей нь. Нүүдэлчдийн зан заншил, ахуйг харуулах бүх л төрлийн үзмэрийг энд дэлгэжээ. Янз бүрийн хийцийн эмээл, монголчуудын ахуйн хэрэглээний эд өлгийн зүйлс тус музейд төрөл бүрээрээ тавигджээ. Энэ нь Хайлаар орчим нутаглаж байсан өвөрмонголчууд гарын ур дүйгээрээ алдартайг нотлох аж.
Зүүн Азийн цонхоор харахуй
Хайлаараас дөрвөн цаг гаруй автобусаар давхиад хүрэх БНХАУ-ын их газрын хамгийн том боомт хот болох Манжуурыг аялалынхаа хоёр дахь өдөр зорилоо. Зүүн хойд Азийн төвд орших, Евроазийн эх газрын чухал холбоос болох хамгийн дөт энэ боомт хотыг “Зүүн азийн цонх” хэмээн нэрлэдэг билээ.
Зам зуур орос хэв маяг агуулсан байшин барилга бүхий бяцхан суурингуудтай үе үе таарах нь аян замын уртыг мартуулна. Арслан зааны өлгий нутаг гэдгээрээ энэ нутгийнхан бахархах аж. Тийм ч учраас арслан зааны бүхэл бүтэн сүргийн баримал босгожээ. Бас зам дагуу төрөл бүрийн мод тарьжээ. БНХАУ-д мод тарих бүрт урамшуулал олгодог гэнэ. Тарьсан газрынх нь хэмжээ, модны ургацаас хамаарч олгодог энэ тэтгэлэг эрэлттэй нь илт.
Үдээс өмнөхөн Манжуурт хүрч очлоо. Манжуур хот 732 ам.км нутаг дэвсгэртэй 400-гаад мянган хүн амтай аж. 2010 онд Манжуур хотын хөгжлийн зорилтыг олон улстай чөлөөтэй харилцах туршилтын бүсээр баталснаар өнөөг хүртэлх хугацаанд “Бүх улсын боловсон хот”, “Хятадын үзэсгэлэнт хот”, “Хятад улсын шилдэг аялал жуулчлалын хот”, “Улсын экологийн дууриал хот”, “Бүх улсын иргэдийн чийрэгжүүлэх дууриал хот” зэрэг олон нэр цол хүртжээ.
Сүүлийн 20 гаруй жил Манжуур боомтын импорт, экспортын бараа эргэлт 220 гаруй сая тоннд хүрч, улсад тушаасан тариф, татварын хэмжээ нь 60 тэрбум гаруй юаньд хүржээ. Уулга алдуулсан ийм мэдээлэлтэйгээр Манжуурт хөл тавилаа.
Бид нэгэнт зорьсон газраа ирсэн учраас амрахыг урьтал болгосонгүй. Манжуур хоттой танилцах аяллаа эхэллээ. Манжуур бол БНХАУ-д аль ч улиралд хамгийн хүйтэн цаг агаартай хот аж.
Хойд талаараа ОХУ, баруун хэсгээрээ Монголтой хил залгадаг энэ хотод булган эдлэлийн худалдаа маш өргөн. Түүгээр нь ч монголчууд, оросууд андахгүй. Байн байн зорьж ирдэг. Энд БНХАУ-ын улсын үйлдвэр, ӨМӨЗО-ы улсын үйлдвэрийн булган эдлэлийг авчирч худалдаалдаг төдийгүй Хонгконгоос ч ирдэг аж. Газар газрын худалдаа төвлөрсөн учраас хаа хаанаас хямд үнээр сэтгэлдээ нийцсэн булган эдлэл худалдаж авах боломжтой гэсэн үг. ОХУ-д рублийн ханш унаж, эдийн засаг хүнд байгаагаас Манжуурын гол худалдан авагч болох оросуудын цуваа саарчээ. Тиймээс худалдааныхаа эргэлтийг бодсон наймаачид хэлсэн үнээр маань л наймаа хийх нь элбэг аж. Манжуур бол үнэн хэрэгтээ эх газрын Орос хот гэж хэлж болох. Оросууд энд хөнгөвчилсэн журмаар ирдэг. Уг нь бараг бүх наймааг рублиэр хийдэг байсан ч ханш нь унасан оросын мөнгөн дэвсгэртийн хэрэглээ сүүлийн үед огцом хумигдаж буй бололтой. Гэхдээ л “Бүх бараа 80, 100 рубль” гэсэн дэлгүүрийн хаяг хэд алхаад л таарна. Дэлгүүр болгоны чанга яригчаар “Дологие улусискийе дүлүүзя” , “дооблоо пажаалооваат”, “саамыы дечээвыы”, “ пилииежжайтээ наам” хэмээсэн орос үйлчлүүлэгчдээ урин дуудсан бичлэг тасралтгүй хангинуулна. Орсон ямар ч дэлгүүрийн эзэн хальт мулт оросоор ярихаас эхлээд л эндэхийн гол худалдан авагчид оросууд гэдгийг илтгэнэ. Бэлэг дурсгалын дэлгүүрт нь матрешкагаас эхлээд орос сувенир, самовар, зураг тэргүүтэн байх. Хаа нэгтээ таарах оросууд ч гэсэн орон нутгаасаа авч болох зүйлээ энд ирээд сонирхож зогсоо нь сонин.
Бид Манжуур хотын төвд Манжуур буудлын 20 давхарт тухласан юм. Эндээс Манжуурын шөнийн үзэмжийг хангалттай бахдан харж болохоор ажээ. Орос загварын бүх байшин барилга шар гэрлээр ижилсэн гоёсон Манжуурын хот төлөвлөлтийн зарчим нь бүх барилгаа тавдугаар зэрэглэлд нийцүүлж “охь, гоё, харь” гэсэн онцлогийг баримтлах гэнэ. Манжуурын түүх, соёлтой ууссан гудамжууд, Европ загварын барилгууд дур булаам шөнийн үзэмжийг бий болгох зорилготой аж. Нэгэнтээ ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэргүүн Манжуур хотод зочлоод “Манжуурын гэрэлтүүлэг шүлэг шиг, дуу шиг уянгалаг” хэмээн дуу алдсан удаатай гэнэ.
Шинэ долоо хоногийн эхний өдөр бид Манжуур хотын Хэвлэл мэдээллийн төвд зочиллоо. Арван нэгэн давхар сүрлэг байшинд Манжуур хотын өдөр тутмын сонин, сэтгүүл, телевиз, орос хэл дээр гардаг сонины редакц байрлах аж.
Биднийг Манжуурын өдөр тутмын сонины ерөнхий редактор хүлээн авч уулзаад, байгууллагаа танилцуулав. Монголын өдөр тутмын сонины төлөөлөл болж очсон учраас бид хамгийн түрүүнд “Манжуурын өдрийн сонин”-ы редакцаар зочиллоо. Дөрвөн нүүрээр өдөр тутам хэвлэгдэн гардаг сонинд 73 хүн ажилладаг тухай мэдээ бидний чихэнд хамгийн тод туссан юм. Эхний хоёр нүүртээ шинэ мэдээгээ багцлаад, үлдсэн хоёр нүүртээ хавсралт материал гаргадаг. Хамгийн сүүлийн дугаарт нь Манжуур хотноо зохион байгуулсан гоо бүсгүйн тэмцээний талаар нийтэлсэн байлаа. Энэ тэмцээнд Монголын гоо бүсгүйчүүд олноор оролцдог болоод уджээ. Хамгийн сүүлд мисс Монголын Н.Ану монгол бүсгүйн гоо сайхныг гайхуулан тэмцээнийг манлайлсан юм.

“Манжуурын өдрийн сонин” мэдээ, нийтлэл, сурвалжлагаа чанараар нь гурван зэрэглэлд үнэлээд самбарт хандсан нь манай тогтмол хэвлэлийнхний үндсэн зорилготой төстэй харагдана. Найман мянган хувиар хэвлэгдэж, үнэгүй тараадаг энэ сонин дэргэдээ сард нэг удаа хэвлэгддэг “Торгоны зам” сэтгүүлтэй. Энэ нь дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдод хүрэхээс гадна зочид буудлуудад үнэгүй тараагддаг аж. Мөн тус сонин дэргэдээ блог сайт ажиллуулдаг байна. Ерөнхийдөө манай сонины үйл ажиллагаа ойролцоо учраас зовлон жаргалаа ярилцаж, ойлголцоход амар байв.

Орос хэлээр хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Маньчжоулибао” сонинг Орос хэлний орчуулгын товчооныхан гаргадаг. Тус сонин нь Манжууртай ойролцоо Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг хотод үнэгүй тараагддаг аж.

Үүний дараа Манжуурын “MZLTV” биднийг хүлээн авлаа. Тус телевиз Манжуур хот, ӨМӨЗО, БНХАУ-ын мэдээ нэвтрүүлэхээс гадна боомтын үйл ажиллагааг харуулсан болон тогтмол төлөвлөгдсөн нэвтрүүлгүүд цацдаг. Манжуур телевизийн дэргэд радио үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Хаа газрын мэргэжил нэгтнүүдийн хувьд бидэнд ижил төстэй тал олон ч редакцын бодлого, хөрөнгө санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан манай хэвлэлийн салбарыг тэндэхийн төрийн мэдлийн хэвлэлтэй харьцуулахад сэтгүүлчдийн цалин хөлс, нийгмийн асуудлын хувьд тэнгэр газар шиг ялгаатай аж. Гэхдээ бид хэнээс ч хараат бусаар хэвлэж нийтлэх эрхтэй гэдгээрээ давуугаас давуу талтай хэмээн тодотгож болох юм.




Манжуур хотын Хэвлэл мэдээллийн төвийнхөн биднээс сонирхож асуух зүйл олон байсан шиг бид ч тэдний ажил байдалтай танилцаж, туршлага судалсан сайхан уулзалт болов. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа өнөө үед хэвлэл мэдээллийнхэн бид ч үүргээ биелүүлж, Манжуур хотын хэвлэл мэдээллийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр тус төвийн дарга Бао хатагтай “Монгол болон БНХАУ улс төр, эдийн засаг, соёл, боловсролын нөхөрсөг харилцаатай. Бид хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн хамтын ажиллагаагаар дээрх харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна. Манай хоёр гүрний даргын айлчлал хамтын ажиллагаанд түлхэц боллоо” гэсэн юм.

“Манжуурын өдрийн мэдээ” сонин болон Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин цаашид соёл, боловсрол, эдийн засгийн агуулга бүхий мэдээллээ тогтмол хугацаанд солилцон, хамтран ажиллахаар болсноо энэхүү санамж бичгээр баталсан юм.


Бидэнд барилгын талбай гэж танилцуулсан байгууламж нь эхэндээ ойлгомжгүй байв. Хүүхэд хөгшид холхисон тус газар нь спорт заал эсвэл эмчилгээний төв шиг харагдаж байсан ч эцэстээ бидний хэлдгээр СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг олонтоо тайлбарлуулсны эцэст ойлгов. СӨХ гэхээр мөнгө хурааж, орцны жижүүр цалинжуулдаг, подвальд оффис нь байдаг, байх, байхдаа ийм л байх ёстой юм шигээр санагддаг бидэнд хилийн цаана өчнөөн том орон зайг эзлэн, жинхэнэ оршин суугчиддаа хүртээмжтэй оршдог гэдгийг ойлгоход бэрх. Юу гэвэл, нийлүүлэлтээ давсан орон сууцтай Манжуур хотод 500 метр тутамд “Барилгын талбай” байх ёстой аж. Бидэнд жишээлэн үзүүлсэн Барилгын талбай нь өөрийн хариуцсан хэсэгтээ 9000 гаруй иргэнд үйлчилж нэг цэгээс олон үнэгүй үйлчилгээ авах боломжоор хангаж ажилладаг аж.

Тухайлбал, Барилгын талбайд утас, байрны төлбөр хураан авдгаас гадна
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дасгал хийх талбай
• Байрны иргэд чөлөөт цагаа ашиглан хаягдал материалаар хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн танхим
• Иргэд ашиглах боломжтой бүрэн тохижуулсан хурлын заал
• Сагсны талбай бүхий спорт заал
• Ширээний теннисний талбай
• Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр
• Энгийн иргэдэд зориулсан дасгалын талбай
• Барилгын талбайд хамрагдах хэсэгт гарсан маргааныг таслан, шийдвэрлэх хэсэг зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлдэг юм байна.
Өөрийн амьдарч байгаа хэсэгт харьяалагдах Барилгын талбайд очоод л спортын, эрүүл мэндийн гээд нийгмийн олон үйлчилгээг нэг дороос үнэгүй хүртэнэ гэхээр иргэдийн эрүүл мэндийн асуудлыг ч ухаалгаар шийдсэн нь харагдаж байгаа юм.

Хятадын Уламжлалт анагаах ухаан ургамал, амьтан, эрдэс бодисын гаралтай эм, танг эмчилгээнд үр дүнтэйгээр ашиглаж ирсэн олон мянган жилийн түүхтэй. Өдгөө хатаах, чанах, хандлах, нунтаглах, архинд “дарах” зэрэг тан бэлтгэх арга барил нь нарийсч илүү үйлдвэрлэлийн шинжтэй болсон бөгөөд 10 мянга гаруй ургамал, амьтан эмийн бодисын тоонд бүртгэгдсэн байна. Гэхдээ Өвөр Монгол, Уйгар зэрэг БНХАУ-ын Засаг захиргаанд багтдаг үндэстнүүд нь уламжлалт анагаах ухааны давтагдашгүй шинж чанартай гэж тооцогддог байна. Энэ утгаараа тус улсын Эрээн, Манжуур зэрэг боомтод уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд цар хүрээгээ улам бүр тэлсээр байна.
Бид боомтод түшиглэсэн Манжуур хот (Өвөрмонголын зүүн хойд талд байрлах боомт)-той танилцах үеэрээ тус хотын “Хятад Монгол эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцсан. Үүсэн байгуулагдаад 60 жил болсон дээрх эмнэлэг нь Манжуур хотын цорын ганц “А2” зэрэглэлийн Хятад Монголын эмчилгээ хавсарсан эмнэлэг гэж нэрлэгддэг байна. Одоогоор 140 ажилтантай бөгөөд 25 өндөр зэрэглэлийн, 40 дунд зэрэглэлийн эмч, ажилчинтай аж. Хэвтэн эмчлүүлэх 100 ортой, 12 мянган ам.метр талбайтай. Эмчилгээ хийх, нөхөн сэргээх, физик эмчилгээ, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг тасагт хуваагдан ажилладаг ч Хятадын бүх үндэстний анагаах ухааныг эмчилгээнийхээ үндэс болгож, Монгол болоод Хятадын эм, эмчилгээний онцлогийг баримтлан хөгжүүлж, эм, эмчилгээний соёлыг уламжилж сурталчлах чиглэлээр түлхүү ажилладаг байна.

Түүнчлэн тус эмнэлэг Манжуур хотын газар зүйн байрлалыг ашиглан ОХУ-ын Иркутск, Улаан-Үд, Чита болон Монголын Улаанбаатар хот, Дорнод аймгуудтай эм, эмчилгээний харилцааг өргөжүүлж, олон удаа туршлага солилцон Орос, Монголын анагаах ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудад дадлага олгожээ. Нөгөөтэйгүүр, ургамлын гаралтай эм нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа орчин үеийн химийн аргаар гаргаж авсан эмтэй харьцуулахад хор багатай, хүний биед шат дараалан нөлөөлж, физик, зүү төөнүүр зэрэгтэй хавсран эмчилгээ хийдэг гэнэ. ОХУ болон манай улсаас тус эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэх сонирхолтой иргэд нэмэгдэж байгаа аж.




