Гэрэл, сүүдрээс бүтэх урлагийн бүтээлийг гэрэл зураг хэмээнэ. Урлагийн эл төрөл хүн төрөлхтний хөгжил дэвшлийн явцад бий болсон технологийн гайхалтай шийдэл, ололт амжилтын нэг. Алганы завсраар урсан асгарах ус адил ахиж ирэхгүйгээр биднээс алсрах цаг хугацааны цорын ганц аргамжаа нь ч гарцаагүй гэрэл зураг.
Ганц зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Энэ ч утгаараа гэрэл зургийг түүх, соёл урлаг, сэтгүүлзүйн салбараас ангид авч үзэх боломжгүй. Тэр тусмаа “Мэдээллийн” хэмээн тодотгож буй XXI зуунд гэрэл зураг дангаар түүхэн баримт, мэдээллийн хэрэгсэл ч болж байна.
Одоогоос 80 жилийн тэртээ буюу 1935 онд Монгол Улсад гэрэл зургийн алба албан ёсоор байгуулагдсан нь монгол хүн, монгол зурагчид үүх түүхээ өөрсдөө бичиж мөнхлөхийн эхлэл байв. Гэрлээр бичсэн 80 жилийн түүхийг дэнслэх тэгш ой энэ онд тохиож, гэрэл зурагчид, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй агентлаг, студи продакшн, сан, сонирхлын бүлгүүд, хувь хүмүүс хуран чуулж, нэгдэж эхэллээ. Эл ажлын эхлэл нь “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны II их хурал байв.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр тохиосон ээлжит их хурлаар 80 жилийн ажил үйлс, амжилтаа дүгнэж, Монголын гэрэл зургийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлаа хэлэлцсэнээс гадна холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдээ ч сонгосон юм.
200 орчим гэрэл зурагчид, гэрэл зурагтай ажил, амьдралаа холбосон хүмүүсээс бүрдсэн их хурлын дүнд “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны (МГЗНХ) ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг сонгосон. Харин Удирдах зөвлөлд Соёлын гавьяат зүтгэлтэн, “Улаанбаатар хотын музей”-н захирал С.Цацралт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зурагчин Л.Элбэгзаяа, “inet.mn” сайтын захирал Ц.Батбаатар, “Батзориг” сангийн тэргүүн н.Очгэрэл, “Ардчилал” сонины гэрэл зурагчин Ш.Отгонжаргал тэргүүтэй 16 хүн сонгогдон ажиллахаар болсон юм. Түүнчлэн Удирдах зөвлөлд ахмад гэрэл зурагчдын төлөөлөл болох таван хүнийг сонгосноор нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Мөн гэрэл зургийн ертөнцөд шинэ, залуу гэрэл зурагчид, уран бүтээлчид хүч түрэн орж буй учир Хяналтын зөвлөлд залуу гэрэл зурагчдын төлөөллийг түлхүү багтаасан юм.
“Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо” нь 2005 оны арванхоёрдугаар сарын 13-нд албан ёсоор байгуулагдаж, дараа оны нэгдүгээр сарын 5-нд анхдугаар их хурлаа хийж байсан билээ. Үүсгэн байгуулагдсаар хэдий арван жилийг ардаа үдсэн ч үйл ажиллагаа нь хараахан жигдрээгүй, гишүүнчлэлийн асуудал ч нэг мөр цэгцрэлгүй явсаар энэ жилтэй золгосон юм. Тиймдээ ч гэрэл зурагчид 80 жилийн тэгш ойгоо угтаж дээрх асуудлуудад ээлжит их хурлаараа цэг хатгаж, нэг мөр цэгцэлсэн нь энэ. Цаашид их хурлаас гаргасан шийдвэр, тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж, гишүүнчлэлээ өргөжүүлэх, гадаад, дотоодын гэрэл зурагчид, агентлагуудтай харилцаа холбоогоо сайжруулах, орон нутгийн гэрэл зурагчдыг сургалт, семинарт хамруулах, мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд тогтмол уралдаан тэмцээн зохион байгуулах, дээд шагналтай болох, салбарыг хөгжлийг шат ахиулан өндөр түвшинд хүргэх, дэлхий дахинд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн, уран бүтээлч, гэрэл зурагчдыг бэлтгэх зэрэг цөөнгүй зорилт төлөвлөсөн.
Мөн хурлын дүнд гэрэл зурагчдын эрх ашиг ноцтой зөрчигддөг хэлбэр болох оюуны өмчийг хууль бусаар ашиглах, хувилан олшруулах, зарж борлуулах зэрэг асуудлыг хэрхэн шийдэх тухай Оюуны өмчийн газрын төлөөлөлтэй харилцан тохиролцсон явдал байв. Оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчигдсөөр ужгирч, улмаар нийгэм нийтээр гэрэл зургийг хувь хүний өмч, оюуны өмч, урлагийн бүтээл гэдэг талаас нь бус энгийн, ахуйн хэрэглээ мэтээр сэтгэж, ойлгох нь их болсон. Энэ асуудлыг шийдэж, нийгэмд тогтсон ойлголтыг өөрчлөх, жигдрүүлэх тухайд Оюуны өмчийн газартай хамтран ажиллахаар болсон юм.
Товчхондоо, хөсөр хаягдсаар удсан гэрэл зурагчдын үнэлэмж, үнэ цэнийг өөрчлөх тухай хэлэлцлээ. Мөн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд цөөнгүй санал, санаачилга гаргаж, комисс байгуулан ажиллахаар болов. Ойн хүрээнд гэрэл зургийг шүтэн бишрэгч үзэгч олондоо үе үеийн зурагчдын шилдэг бүтээлийн дээжийг өргөн барихаар зэхсэн.
Ийнхүү Монголын гэрэл зурагчид гэрлээр бичих ирээдүй, их түүхийн өмнө эвлэлдэн нэгдлээ.