Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бараг хоёр дахин унаж нэг баррель нь 60-аас доош ам.доллараар зарагдаж байна. Энэ нь манай улсад эсрэг тэсрэг нөлөөтэй. Учир нь, бид хэрэгцээнийхээ газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор хангадаг. Иймд үнэ нь буурах эерэг нөлөөтэй. Манай эдийн засаг хямарч ам.долларын ханш өсч эхэлсэн үед Монголбанк, Засгийн газартай хамтарч “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор уг хөтөлбөрт төв банкнаас 220 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Үүний 50 хувь нь эргэн төлөгдөөд байгаа юм. Энэ хөтөлбөр ирэх оны аравдугаар сарын 26 хүртэл хэрэгжинэ. Манай улс газрын тос экспортлогч билээ. Улсын төсөвт төвлөрөх газрын тосны экспортын орлого жил бүр нэмэгдэж буй. Энэ онд л гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл үнийн энэ уналт төсвийн орлого тасрахад ташуур өгөх нь тодорхой. Тухайлбал, үнийн энэ уналтаас манай улс 19 сая ам.доллар алдах тооцоо гараад буй.
Ингээд Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүтэй шатахууны импорт, газрын тосны экспортын талаар ярилцлаа.
-Газрын тосны үнэ бараг хоёр дахин буурлаа. Энэ нь манай улсад яаж нөлөөлж байна вэ?
-Олон улсын бирж дээрх газрын тосны үнийг бид байнга ажиглаж байгаа. Энэ уналт манай улсад нэг талдаа сайнаар, нөгөөтэйгүүр муугаар нөлөөлж байна. Манай улс газрын тос экспортолдог орон. Тэгэхээр үнэ унахаар газрын тосны орлого буурна. Манай улс ОХУ-ын “Роснефть”, Хятадын “Чайна ойл” компаниас газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээтэй. Тэгэхдээ зах зээлийн тухайн үеийн ханшаар авах үнийн томъёолол тохирсон. Иймд олон улсын бирж дээр газрын тосны үнэ хямдарч буй тул дагаад буурч байгаа. Энэ хоёр компани манай улсын шатахууны хэрэглээний 70 орчим хувийг хангадаг. Үлдсэнийг нь бусад нийлүүлэгчээс авч байна. Тэд үнэ ханшаа төдийлөн буулгаагүй. Буурсан ч гол хоёр нийлүүлэгчийн үнээс тонн тутамдаа 100-150 ам.доллараар өндөр байгаа.
-Тэгэхээр шатахууны үнэ буурах боломж байна гэсэн үг үү?
-Монгол Улс 2012 онд нэг тонн шатахуунаа дунджаар 1300 ам.доллараар авч байлаа. Өнгөрсөн жил 1200 ам.доллар болсон. Энэ онд 1000 ам.доллараар авч буй тооцоо байна. Хамгийн гол нь, сүүлийн хоёр сард импортолж буй шатахууны үнэ буурч ирлээ. Бид 2012 оноос Монголбанктай хамтарч шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайн үед нэг тонн шатахуун дунджаар 1390 ам.долларын үнэтэй болж өсч байв. Иймд дотоодын жижиглэн худалдааны үнийг тогтвортой барих шаардлага тулгарсан. Тэгээд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин өнгөрсөн оны сүүлчээр л нэг тонн шатахууны үнэ буурч эхэлсэн. Өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн манай улсад ам.долларын ханш өсч эхэлсэн шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд үнийн зөрүүний энэ ачааллыг ард түмэн, хэрэглэгчдэд үүрүүлээгүй. Шулуухан хэлэхэд уг ачааг Монголбанк л үүрсэн юм.
-Эндээс үзэхэд ам.долларын ханш одоо өндөр байгаа учир шатахууны үнэ буурахгүй нь гэж ойлгож болох уу?
-Сүүлийн хоёр сард нийт хэрэглээний шатахууны 70 хувийнх нь үнэ буурлаа. Энэ нь нэг литр шатахууны үнэ хямдрах боломж харагдаж байгаа юм шиг боловч ам.долларын ханш өндөр хэвээр байгаа. Иймд валютын зах зээлийн өнөөгийн ханшид шилжих хэрэгтэй гэж бодож байна. Гэвч газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цаашид байнга буурна гэдэг баталгаа байхгүй. Үүнийг хэн ч хэлж чадахгүй юм. Тэгэхээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байсан нь дээр. Хэрэв боломж гарвал татвараа нэмэх нь илүү дээр байх. Манай шатахууны үнэ Азийн бусад оронтой харьцуулахад тийм ч өндөр биш. ОХУ, Хятадад гэхэд нэг литр шатахууны үнэ манайхаас өндөр байгаа. Иймд бид өнөөдөр зах зээлээ дагаад буулгадаг. Маргааш нь огцом өсгөдөг тогтворгүй байдал үүсгэх нь зохимжтой асуудал биш юм.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байгаа вэ?
-Үүнийг Монголбанкныхан сайн мэдэж байгаа. Санхүүгийн асуудлыг төв банк хариуцдаг. Бид бодлогын хүрээнд шатахууны жижиглэн худалдаалах үнийг тогтвортой барих үүрэгтэй. Уг хөтөлбөрөөр шатахуун импортлогч компаниудыг тогтмол ханштай валютаар хангаж ирсэн. Тэгэхдээ санхүүгийн форворд хэрэгслийг ашигласан. Анх нэг ам.долларыг 1441 төгрөгийн ханшаар тооцож байлаа. Жишээлбэл үүний нөлөөгөөр АИ-92 бензин нэг литр нь 1660 төгрөг дээр тогтсон юм. Үүнээс хойш валютын ханш буурсангүй, өссөөр байна. Энэ хугацаанд бид зүгээр суугаагүй. Газрын тосны зах зээлийн үнэ ханшид зохицуулж шатахуун импортлогч компаниудад нийлүүлж байгаа ам.долларын ханшаа үе шаттай өсгөлөө. Гэвч яг зах зээлийн өнөөгийн нөхцөлд хүрээгүй байгаа.
-Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж байгаа. Бүр ТЭЗҮ-ийг нь хийсэн. Гэтэл одоогоор хаана барихаас эхлээд асуудал ундарч гацаанд орсон гэдэг. Энэ үйлдвэрийн сураг ойрын хугацаанд гарах уу?
-Энэ бол миний сайн мэдэх асуудал биш. Хэрэв газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдвал түүхий эдээ дотоодоосоо авах байх. Гэвч газрын тосны үнэ ингэж буурч буй үед хөрөнгө оруулалт зогсоно. Бүтээгдэхүүний үнэ өндөр зүйлд л хөрөнгө оруулах сонирхол байдаг шүү дээ. Тэгэхээр манай улс ч гэлтгүй олон улсад газрын тосны томоохон төсөл хөтөлбөрүүд зогсч байж магадгүй.
-Эдийн засгийн хямралын нөлөөгөөр уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Манай шатахууны гол хэрэглэгч нь энэ салбар. Тэгэхээр шатахууны импорт ямар хэмжээнд байна вэ?
-Шатахууны импортын хэмжээ буураагүй. Өнгөрсөн онд 1.2 сая тонн шатахуун гадаадаас худалдаж авсан. Энэ жил хэмжээ нь өөрчлөгдөөгүй байна.
-Газрын тосны үнийн уналтын гол шалтгаан нь юунд байна гэж шинжээчид болон та бүхэн үзэж байна вэ?
-Үнийн энэ удаагийн бууралт бол зах зээлийн жам ёсны үзэгдэл, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйл биш улс төрийн бодлогын шинж чанартай гэж шинжээчид дүгнэсэн. Ийм учраас газрын тосны үнэ богино хугацаанд эргээд өсөх магадлал маш өндөр, эрсдэл их байгаа юм. Тэгэхээр нь үнэ буурсан энэ боломжийг ашиглаж бид үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөв голдиролд нь оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголбанкны үүрч буй алдагдалыг тодорхой хэмжээгээр бууруулах ёстой.
-Газрын тосны үнийн уналтаас шалтгаалж манай экспортын хэмжээ буурсан уу?
-Манайх экспортолж буй газрын тосоо олон улсын биржийн үнээр худалдаалдаг. Газрын тосны экспортын хэмжээ буураагүй. Энэ онд өссөн. Гэвч үнэ нь дэлхийн зах зээл дээр хямдарсан манайд орж ирэх ам.доллар багасах нь тодорхой. Өнөөдөр газрын тосны үнэ бараг хоёр дахин хямдарлаа. Тэгэхээр манайд орж ирэх гадаад валют энэ хэмжээгээр буурна л гэсэн үг.
-Ирэх онд хэдэн тонн газрын тос экспортлох боломж байгаа юм бол. Манай улсын экспортын орлогоос хэр чангаах шинж байна?
-Төлөвлөгөөгөөр бол ирэх жил нэг сая тонн газрын тос экспортолно. Энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 мянган тонныг буюу зургаан сая гаруй баррель газрын тос экспортод гаргана. Одоогоор улсын төсөвт газрын тосноос 270 орчим тэрбум төгрөг оруулаад байгаа. Уг нь үнэ өсвөл бидний улсын төсөвт оруулах хэмжээ нэмэгдэх юм. Газрын тосны үнэ цаашид яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Энэ жилийн орлогын төлөвлөгөөгөө биелүүллээ. Өнөөгийн нөхцөл байдлыг ажихад ирэх онд төлөвлөсөн орлогоо оруулж чадах эсэх нь хүнд л байна. Учир нь ирэх онд нэг баррель газрын тос 100 ам.доллар байна гэж тооцсон. Гэтэл өнөөдөр нэг баррель нь 60 ам.доллараас доош ороод ирлээ.
-Газрын тосны үнэ цаашид хаашаа хөдлөх төсөөлөл байгаа вэ?
-Шинжээчид янз янзын л дүгнэлт хийж байна. Тухайлбал, Саудын Арави “АНУ-ын занарын үйлдвэрлэлийг зогсоох зорилго тавьж байна” гэж тайлбарладаг. Гэтэл газрын тосны орлогоор амьдардаг Венусель, ОХУ-ын эдийн засаг хүндэрсэн. Ихэнх шинэжээчид зах зээлийн эрэлт багассанаас үнэ хямдарсан гэж үзэхгүй байгаа.
-Олборлох зардлыг нь бусад улстай харьцуулахад ямар байдаг юм бол?
-Манай газрын тосны олборлох өртөг өндөр биш. Дэлхийн дундаж хэмжээнд байдаг. Өөрөөр хэлбэл олборлох нөхцөл хүнд ч гарах зардал нь дэлхийн дунджаас давдаггүй юм.