Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжил уур амьсгалын өөрчлөлт, хөрс, ус, агаарын бохирдол, хүлэмжийн хий зэрэг нь байгаль орчинд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд дэлхий нийтээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн тухай ярьж, дэмжих болсон. Өөрөөр хэлбэл байгаль орчин, хүн амд ээлтэй технологи, төсөл, хөтөлбөр, бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг хаана ч дэмжиж буй. Манай банк санхүүгийн байгууллагууд ч үүнд нэгдэн ирэх оны эхний өдрөөс байгаль орчинд ээлгүй бизнес, төсөл хөтөлбөрт санхүүжилт олгохгүй, өндөр шаардлага тавихаар тохиров. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбар, боловсруулах үйлдвэрт зээл өгөх, төслийн санхүүжилт хийхдээ арилжааны банкууд байгаль орчны үнэлгээ хийх аж. Хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологитой төсөл бол зээл, санхүүжилт авна гэж горьдолтгүй юм.
Монголын банкуудын холбооноос санаачлан боловсруулсан Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт найман зарчим бий. Үүнд байгаль орчин, хүний эрх, соёлын өвийг хамгаална.
Мөн “ногоон эдийн засаг”-ийн өсөлт, санхүүгийн хүртээмж, ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглал, ил тод байдал, хариуцлагыг дэмжих аж.
Монголчууд эрт дээр үеэс байгаль орчинтойгоо зөв зохистой харьцаж нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Гэвч энэ зууны эхнээс уул уурхайд суурилсан эдийн засагтай болсон билээ. Тухайлбал, манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлж буй юм. Энэ нь байгаль орчин сүйдэх, хүний эрх зөрчигдөх, ядуурал нэмэгдэх, нүүдэлчин өв соёл устахад хүргээд байгаа билээ. Өнөөгийн байдлаар 20 аймгийн хэмжээнд 699 газарт 4256 га талбай эвдрэлд орсон байна. Үүнд нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд ургамлын гарц 25 хувиар буурч цөлжилт нүүрлэжээ. Энэ бүхнээс үүдэн манай улсын нутаг дэвсгэрт 1940 оноос хойш цаг агаар 2.16 хэмээр дулаарсан судалгаа бий. Мөн нийт нутаг дэвсгэрийн 65.1 хувь цөлжсөн. Улаанбаатар хотын агаар чанарын стандартаас 2-10 дахин их бохирдолтой ч гэдэг. Иймд банк санхүүгийн байгууллага байгаль орчин ээлтэй ногоон эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс Тогтвортой хөгжлийн санхүүжилт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм. Ингээд уг хөтөлбөрийн талаар албаны хүмүүс юу ярьсныг хүргэе.
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос тогтвортой санхүүжилт болон зээлийн шалгуурын талаар тодрууллаа.
-Дэлхий нийтээр ногоон эдийн засаг гэж ярьж байгаа. Үүнийг арилжааны банкууд хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна вэ?
-Тогтвортой санхүүжилтийн хөдөлгөөн дэлхий даяар өрнөөд 10 гаруй жил болж байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ тухай ярьж ирсэн. Сүүлийн хоёр жилд тогтвортой санхүүжилтийн найман зарчмыг боловсрууллаа. Өөрөөр хэлбэл, байгаль орчин болон ард олонд ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдгийг нь илүү нарийвчлан судалж тодорхой шаардлагууд тавьж эхэлнэ. Байгаль орчинд ээлгүй хор хохирол учруулах төсөл байвал зээлийн шаардлагууд чангарна гэсэн үг. Нөхөн сэргээлт хийхийг уул уурхайн компаниудаас шаардах, байгаль орчинд ээлгүй үйл ажиллагааг огт санхүүжүүлэхгүй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд ухуулан таниулах, зөвлөх, сурталчлах ажлууд хийнэ. Тэгээд шаардлагуудаа чангаруулах ёстой. Банк санхүүгийн байгууллагын энэ санаачлагыг төр засаг, хяналтын байгууллагууд дэмжиж байгаа. Цаашид зөвхөн банк санхүүгийнх бус эдийн засгийн бүхий л салбар тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлэн ажиллана гэж найдаж байна.
-Ингэснээр бизнесийн чөдөр тушаа нэмэгдлээ гэсэн гомдол гарах байх. Ер нь, ямар сорилт бэрхшээл тулгарна гэж та бодож байна вэ?
-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэхээр манай хувийн хэвшлийнхэн одоо бизнес эрхэлж буй арга барилаа өөрчлөх нь мэдээж. Мөн тухайн төсөлд илүү хөрөнгө оруулалт шаардаж болзошгүй. Нөгөө талаар уул уурхайн компаниудад нөхөн сэргээлт байнга хийх шаардлага тулгарна. Хэрэв нөхөн сэргээлт хийгээгүй, түүнд зарцуулах хөрөнгө мөнгөө тооцоогүй бол банкууд зээл олгож санхүүжилт хийхгүй. Тэгэхээр нэг талаас бизнесийг шахаанд оруулж байгаа ч байгаль орчноо хамгаалж ногоон эдийн засгийг дэмжиж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр арилжааны банкууд байгаль орчны үнэлгээ бас хийнэ гэсэн үг үү?
-Тийм. Банкууд зээл олгох, санхүүжилт хийхдээ байгаль орчны үнэлгээг өөрийн хэмжээнд хийнэ. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагуудын туслалцаа авах юм.
-Олгож буй зээлийн хүү ямар байх бол. Байгаль орчинд ээлтэй гэдгээрээ ямар нэг хөнгөлөлт эдлэх үү?
-Байгаль орчин, хүн ардад ээлгүй төсөл байвал зээлийн нөхцөл чангарна. Мөн зээлийн шаардлага өндөр болж тухайн төслийн үйл ажиллагааг урамшуулахгүй.
-Эдийн засгийн хямралтай өнөө үед арилжааны банкууд ямар байдалтай байна. Ирэх онд эдийн засгийн байдал ямар байх бол гэж дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн өсөлт ирэх онд тийм ч сайнгүй байх дүр зураг ажиглагдаж байна. Үүнд тохируулж бид үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт удаашрахаар зээл олгох хэмжээ буурах нь тодорхой.
-Энэ хөтөлбөр арилжааны банкуудын зээл гаргалт, ашигт сөрөг нөлөөлөх магадлал байгаа юу?
-Өндөр шаардлага тавьснаас шалтгаалж арилжааны банкуудын ашиг буурч болно. Гэхдээ арилжааны банкуудын орлого бол цорын ганц эрх ашиг биш. Үүнээс илүү эрх ашиг бол байгаль орчин, хүн ард эрүүл аюулгүй байх явдал. Өөрөөр хэлбэл хордож бохирдоогүй цэвэр байгаль орчинд амьдрах нь бидний гол зүйл юм.
-Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт Монголбанк хэрхэн оролцож байна вэ?
-Монгол Улс өнөөдөр хөгжлийн шатанд гарсан гэдэг. Тэгэхээр хөгжлийн асуудал ярьж буй ийм үед байгаль орчин хүн ам, нийгэмд ээлтэй, өгөөж хүртээмжтэй төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлэх нь чухал юм. Энэ бол зөвхөн манай улсад хийж буй ажил биш. Дэлхийн улс орон ийм тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт нэгдэн орж байгаа юм. Манай арилжааны банкууд ч үүнд нэгдлээ. Төв банк судалгаа шинжилгээ хийх, банкуудыг мэдээллээр хангах байдлаар оролцоно. Ялангуяа банкуудынхаа идэвхийг сэргээх хөшүүрэг болгох үүднээс хяналт шалгалтын бодлогоо хандуулна.
-Арилжааны банкууд байгаль орчны үнэлгээ хийхээр болж байх шиг. Тэгвэл тэд ийм үнэлгээ хийх бааз суурь хэр байна вэ?
-Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр өнөөдөр гарын үсэг зурж албажиж байна. Гэвч гурван жил орчим хугацаанд бэлтгэлээ хангаж ирсэн. Энэ хугацаанд тухайн төсөл, хөтөлбөр байгаль орчинд ямар хөнөөлтэй эсвэл ээлтэй байна вэ гэдгийг үнэлэх аргачлалыг Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд, БОНХЯ, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч боловсруулсан байгаа.
-Тэгэхээр байгаль орчин, хүн амд ээлтэй төсөл, хөтөлбөрт олгох санхүүжилтийн хүү бага байна гэсэн үг үү?
-Хүүний хөнгөлөлт үзүүлэх нь гол зүйл биш. Энэ бол бизнесийн зээл. Ийм учраас нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан бага хүүтэй зээлийн хөтөлбөр биш юм. Юуны түрүүнд зээлийн хүү, санхүүгийн хөнгөлөлт гэхээс илүү тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанк, олон улсын санхүүгийн байгууллагууд дэмжиж ажиллана.