Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Дэмбэрэл: Айл өрхүүд орлогоосоо илүү зарлагатай байна


Нийгмийн гол баялаг бүтээгчид бол хувийн хэвшил. Гэтэл энэ онд 54 мянган аж ахуйн нэгж дампуурсан гэж байгаа. Хэрэв ийм олон аж ахуйн нэгж дампуурсан бол эдийн засагт “цунами” болсон гэсэн үг.
Статистикийн мэдээллээс үзвэл манай улсад аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд нэмэгдсээр иржээ. Сүүлийн хоёр жилийн аж ахуйн нэгжийн бүртгэлээс үзвэл 2012 оны эхэнд нийт 76 мянган аж ахуйн нэгж байж. Гэтэл оны төгсгөлд 90.5 мянга болжээ. Ингээд өнгөрсөн онд 99.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол энэ жил 110 мянган аж ахуйн нэгж байна.  Эдгээрийн 56 мянга нь үйл ажиллагаа явуулж 54 мянга нь ямар нэг ажил, үйлчилгээ эрхлээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тэр олон мянган аж ахуйн нэгжийн  дөнгөж тал хувь нь үйл ажиллагаа явуулж буй юм. Үндэсний статистикийн газрын судалгаанаас үзвэл сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар өсч байгаа ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг, татвар төлдөг, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн тоо 49-54 мянга байна.
Тэгэхээр 50 гаруй мянган аж ахуйн нэгжийг хэн нэгэн нь хэрэг болж мэднэ гээд байгуулсан, ажил олдвол хийнэ гэсэн зорилготой аж. Нэг ёсондоо аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэг хэрэгтэй гээд цүнхэлж явдаг хүн олон байна гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа гэсэн яриа гаргахад хүргэсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд хэлж байна.
Аливаа аж ахуйн нэгж  1.6 жилийн хугацаанд татварт Х тайлан гаргаж өгсөн бол үйл ажиллагаа эрхлээгүй, түр зогссон гэж үздэг аж. Харин түүнээс илүү хугацаанд х тайлан гаргаж өгсөн бол үйл ажиллагаа нь бүрэн зогссонд тооцдог  байна.
Ингээд Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сургалт, сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэлээс аж ахуйн нэгжийн бүртгэл, сарын дундаж цалин, өрхийн орлого, зарлага ямар байгаа талаар тодрууллаа.

-Эдийн засгийн хям­ралын нөлөөгөөр 54 мянган аж ахуйн нэгж дампуурсан гэж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт хэдэн аж ахуйн нэгж байна. Үүний хэд нь дампуурсан юм бэ?
-Хямралын нөлөөгөөр нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тал нь дампуурлаа гэсэн яриа гарах болсон. Энэ бол худлаа. Жил бүр л олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоодог юм. Учир нь, үйл ажиллагаа явуулдаггүй, татварт “Х” буюу чагтан тайлан гаргаж өгдөг  компани маш олон байдаг. Иймд жил тутам маш олон компани татан буугддаг юм. Түүнээс биш эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалсан зүйл биш. Одоогоос хоёр жилийн өмнө 90.5 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. Үүний 38.6 мянган аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа зогсоож байсан судалгаа бий. Тэгвэл өнгөрсөн онд 99.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байлаа. Гэвч 44.6 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 110 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа ч эдгээрээс 56 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй юм. Үлдсэн 54.3 мянган аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ аж ахуйн нэгжүүд ямар ч ажил, үйлчилгээ эрхлээгүй эсвэл  улирлын чанартай ажилладаг гэсэн үг. Жишээ нь, энэ онд 16.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эхлээгүй бол 30.6 мянга нь түр зогсоод байгаа. Үүнээс гадна үйл ажиллагаа нь бүрэн зогссон 1029, хаяг байршил нь тодорхойгүй 6036 аж ахуйн нэгж бий гэсэн судалгаа гарсан. Эндээс аж ахуйн нэгжийн бүртгэлд анхаарах засч залруулах зүйл байгаа нь ажиглагдаж буй юм. Түүнээс биш эдийн засаг хямарч олон арван мянган аж ахуйн нэгж дампуурсан явдал гараагүй.

-Хэрэглээний үнийн индекс 10 хувьтай статистик гарсан. Энэ нь өнгөрсөн оныхоос буурчээ.
-Статистикийн тооцоогоор хэрэглээний үнийн индекс 2012 онд 13.1 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн онд 11, энэ жил 10.1 хувийн өсөлттэй гарч байна. Эндээс үзэхэд хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хурд саарсан ч өндөр хэвээр байгаа юм. Энэ жил төгрөгийн ам.дол­лар­тай харьцах ханш ог­цом өссөн. Одоогоор нэг ам.доллар 1870 төгрөгт хүр­сэн. Валютын ханшийн энэ өсөлт хэрэглээний үнийн индекст тодорхой хэмжээгээр нөлөөлж буй юм. Өөрөөр хэлбэл импортын барааны үнэд шууд нөлөөлдөг. Бараа бүтээгдэхүүний нэр төрлөөр нь аваад үзвэл гутал, хувцас, бөс барааны үнэ өндөр өсөлттэй байна.

-Өнөөдөр сарын дундаж цалин хэдэн төгрөг байна вэ?
-Сарын дундаж цалин 750 мян­ган төгрөг болсон. Энэ бол бодиттой гарч  байгаа тоо­цоо. Бид сүүлийн жилүүдэд ста­тистикийн мэдээллийн үнэн бо­дит чанарыг сайжруулах ажил чамгүй хийж байна. Ту­хайл­бал энэ онд Нийгмийн даат­галын га­зарт бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг хам­руулж са­рын дундаж цалин­гийн тоо­цоо судалгаа хий­сэн. Тэгэх­­дээ бид ажилчдын тооны ан­­ги­лал, бүс нутгаар нь маш дэл­гэрэнгүй гаргадаг болсон юм.

-Тэгэхээр сарын дундаж цалинг урьд нь яаж тооцож байсан юм бол?
-Урьд нь сарын дундаж цалинг  тогтмол үйл ажилла­гаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын цалин­гаас  түүвэр­лэн тооцдог бай­сан юм. Тэгвэл энэ оноос эхлээд Нийгмийн даатгалын газрын мэдээллийн санд тулгуур­лаж шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж бай­гууллагыг хамруулан тоо­­цож сарын дундаж цалин­гийн хэмжээг гаргаж бай­на. Жишээлбэл, энэ оны гурав­дугаар улиралд сарын дундаж цалинг тооцоход 34 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан.

-Тэгвэл сарын дундаж цалин амьжиргаанд хүрэл­цэж байгаа болов уу. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Бид өрхийн орлого зарла­гын судалгааг улирал тутамд хийдэг. Уг судалгаагаар энэ онд өрхийн зарлага 7-8 хувиар өссөн. Айл өрхүүд орло­гоосоо илүү зарлагатай байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан