ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед төрийн ажил урагшлахгүй байна хэмээн иргэд шүүмжлэх болсон. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл бодит байдал дээр хэдэн хувь хангаад байна вэ?
-Засгийн газрын өвөлжилтөд бэлтгэх тогтоол гарсан. Үүний дагуу бүх аймаг сумдад өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хийгээд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл хангасан тайлангаа оруулсан. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангасан гэсэн дүн гарсан. Малчид хадлан тэжээлээ 1,2 сая тонн буюу маш өндөр түвшинд бэлтгэсэн. Хүндрэл үүссэн тохиолдолд өвс тэжээл худалдан авах хөрөнгөө ч байршуулсан. Улсын хэмжээнд энэ жил 142,5 мянган малчин өрхөд 49,5 сая толгой мал өвөлжинө. Малчид зун, намрын отор нүүдлээ сайн зохион байгуулснаар нийт малын 93,8 хувь нь дундаас дээш тарга тэвээрэг авсан. Мөн нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй байх учраас бэлчээр муутай орон нутгийнханд отроор байх зохион байгуулалт хийлээ.
-Эдийн засаг хүндхэн байна гэж ярьж байгаа. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын байдал хэр байгаа вэ?
-Яамны хувьд оны сүүлээр ачаалал ихтэй ажиллалаа. Ургац хураалтын дүн, ноосны урамшууллын дүнгээ нэгтгэх гээд олон ажил хийсэн. Ер нь, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарын мал өссөнөөс гадна сүүлийн 20 гаруй жил хурааж аваагүй их ургац хураасан. Малын тоо толгой өссөн зэрэг нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн нэлээд хувь нь энэ салбарт ногдож байгаа учир хүндэрсэн юм байхгүй. Харин уул уурхай болон бусад салбарт эдийн засгийн байдал хүнд тусч байгаа юм билээ.
-Энэ жил арвин ургац хурааж авсан байна. Гэтэл манай буудайны цавуулаг чанар муу, шууд гурил хийхэд бэрх байдаг гэж гурил үйлдвэрлэгчид хэлдэг. Энэ жилийн буудайн чанар хэр байгаа вэ?
-Энэ жилийн буудайн цавуулаг сайн байгаа. Өөрөөр хэлбэл 23-аас дээш үзүүлэлттэй цавуулагтай улаан буудай нийт таваарт тушаасан улаан буудайн 70 гаруй хувийг эзэлсэн. Өнгөрсөн намар улаан буудайн цавуулгийн хэмжээ бага байна хэмээн хэлсэн болохоор салбарын мэргэжилтэн эрдэмтэдтэйгээ хамтран шалгалт хийсэн юм. Энэ үед тухайн бүс нутгуудад хур тунадас их байснаас цавуулаг нь тодорхой хэмжээгээр угаагдсан, хөрсний үржил шимээс цавуулаг бүрдүүлэхэд ордог эрдэс, химийн бодисууд дутагдалтай байсан. Мөн тариалалтын технологи алдагдсанаас зарим бүс нутагт тариалсан буудайн цавуулаг багатай гарсан. Гэхдээ энэ буудайнууд дангаараа буудай болохгүй бусад буудайнуудтай хольж байж гурил болдог учраас гайгүй байх. Иймээс гурилын чанар бидний санааг зовоох асуудал биш болж, иргэд урсдаггүй сайн гурил хэрэглэх боломж бүрдсэн.
-Энэ жил ОХУ хэдий хэмжээний буудай хураан авч байгаа вэ. ОХУ-д буудай их авахаар гурил үйлдвэрлэгч нар хойд хөршөөс буудайгаа аваад дотоодын үйлдвэрлэгч нар хүнд байдалд ордог шүү дээ?
-Бид энэ жил их ургац хураасан учраас дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн. Тэгэхээр гурил бол стратегийн хүнсэнд орсон байдаг. Иймээс экспортлох, импортлохыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл салбар яам, квотын дагуу шийддэг. Дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрэлдсэн энэ үед гаднаас буудай авах шаардлага байхгүй. Харин тодорхой хэмжээний улаан буудай буюу 26-гаас дээш цавуулагтай хатуу улаан буудай авч чанар сайжруулах зорилгоор ашиглах шаардлагатай. Дээр нь гурилын хувьд онцгой тухайлбал, торт, нарийн боовонд ордог, манайд гаргах боломжгүй гурилыг импортоор оруулж ирдэг. Мөн баруун таван аймагт өөрсдийн гурилын үйлдвэр байхгүй. Тиймээс энэ бүс нутгуудад цаанаас нь тодорхой хэмжээгээр гурил оруулж ирнэ. Энэ нь нийслэлээс гурил зөөгөөд аваачихаад тэр үнэнээс нь бага байх хэрэгтэй.
-Жил бүр л улаан буудайн урамшууллыг цаг тухайд нь олгохгүй байна гэдэг. Энэ жилийн хувьд хэзээ олгох вэ. Буудайн урамшуулалд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Буудайн урамшууллыг сүүлийн хоёр жил он гараад Цагаан сарын өмнө олгосон. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор урамшуулал олгох буудайн дүнг гаргаад тариаланч, гурилын үйлдвэр хоёрын тооцоо нийлсэн актыг харж тооцоо гаргадаг. Энэ жилийн хувьд 340 гаруй мянган тонн улаан буудай гурилын үйлдвэр болон ТЭДС-д тушаагдсан. Тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллын мөнгө тариланчдын гар дээр он гарахад очно. Тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөлөх технологийн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор энэ онд шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангалтад 20,4 тэрбум төгрөг зарцуулсан.
-Энэ жилийн хувьд нөөцийн мах хэзээнээс худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Цагаан сарын өмнө худалдаанд гаргана. Ингэхдээ өмнөх жилүүдээс үнийн хувьд арай хямд борлуулахыг зорьж байгаа. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэх компаниуд мах бэлтгэх хөрөнгөнийхөө 40 хувийг өөрсдөө гаргадаг. Үлдсэн 60 хувийг “Монголбанк”-ны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгоно.