Энэ онд нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан авлаа.
Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэд техник, технологи, үрийн шинэчлэл, тариаланчдын маань нөр их хичээл зүтгэлийн үр дүнд бид сүүлийн 20 жилд гарч байгаагүй ажлын амжилтыг гаргалаа. Тухайлбал, нийт хураан авсан үр тариа, улаанбуудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн амжилтыг үзүүлжээ. Мөн нэгжээс хураан авсан ургацаар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд авч байгаагүй өндөр ургацаар ойн жилдээ бэлэг барьсан байна. Шинэ ургацаас 14 аймгийн 896 аж ахуйн нэгж, иргэн 340.0 мянган тонн буудай гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн нь 1991 оны түвшинд хүрч зөөлөн буудайн гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар байгаа юм. Нийтдээ 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь мөн сүүлийн 20 шахам жилд хүрч байгаагүй амжилт аж.
Тариаланчидад учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөлөх, технологийн ажилбаруудыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор зөвхөн 2014 онд шатахуун, үр, ургамал хамгаалалын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн байна.