Барилгын салбар хөгжиж байгаатай хүн бүхэн санал нийлэх байх. Сайны хажуугаар саар гэгчээр стандартын дагуу баригдахгүй байгаа барилга олширч, барилгад мөрдөгдөх ёстой стандартууд хэрэгжихгүй байгаагаас болж иргэд ихээр хохирч байна.
Тухайн нэг стандарт нь зөвхөн нэг л салбарт хамаатай гэж ойлгож болохгүй юм. Учир нь Харилцаа холбооны салбар, эрчим хүчний салбарт мөрдөгдөж байгаа стандартууд нь барилгад давхар мөрдөгддөг. Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2005 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт MNS 5471:2005” стандартыг барилга баригдах явцад мөрдөж байх ёстой. Энэ стандартыг мөрдөж ажилласан барилгад ямар ч интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон олон сувгийн КаТВ-ын үйлчилгээ эрхлэгч үйлчилгээгээ хүргэхэд чөлөөтэй байдаг. Гэтэл сүүлийн үед ялангуяа 2012 оноос хойш баригдаж байгаа барилгууд кабелийн угсралтыг дутуу хийснээс, өөрөөр хэлбэл КаТВ-ийн монтажыг зориудаар хийгээгүйгээс болж ард иргэд хүссэн үйлчилгээгээ ашиглаж чадахгүйд хүрч байгаа юм.
Энэ нь барилгын захиалагч, гүйцэтгэгч нар үгсэн хуйвалдах замаар ганц компанийн үйлчилгээг хэрэглэгчдэд тулгачихаад бусад компанийн үйлчилгээг шууд хааж байгаа нь өөрөө шууд хууль зөрчсөн үйлдэл болж өндөр үнэтэй сонголтгүй үйлчилгээг иргэдэд шахаж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.
Шинээр баригдаж байгаа барилгад товчхон хэлвэл UTP кабель буюу интернетийн шугам болон коаксиаль кабель буюу кабелийн телевизийн шугам сүлжээ байх ёстой атал, зөвхөн UTP кабелиар шугамаа татан “Барилгын тухай” хуулийн 17.1.4 дэх заалтын дагуу зургийн зохиогчтой зөвшилцөн коаксиал кабелийн сүлжээг хийлгүй, хэрэглэгчийн шугамыг хос UTP кабелиар хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан байна. Хуулийн дагуу зураг төсөлд өөрчлөлт оруулж болох ч стандарт зөрчин өөрчлөлт оруулна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ цаагуураа та бидний хүссэн үйлчилгээ авах эрхийг шууд хааж нөгөө л өндөр үнэтэй монопол үйлчилгээгээ шахаж иргэдийг хохироосоор байна.
Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Мэргэлжлийн хяналтын газрууд нь кабелийн телевизийн сүлжээ хийгээгүй байруудыг хүлээж авдаг явдлаа зогсоох хэрэгтэй юм. Энэ нь нэг талаараа тоон технологийн телевиз гэдэг ойлголтыг мэдэхгүй төрийн албан хаагчид манай мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллагад ажилласаар явааг илтгэж байна.
Барилгынхан IPTV үйлчилгээ үзүүлэгчийн захиалгаар холбоо, кабелийн угсралтыг дан ганц UTP кабелиар хийж байгаа нь хэмнэлт гэхээсээ илүү зардал гарах болдог тохиолдол их бий. Барилгыг Улсын комиссид барилгын компани хүлээлгэж өгдөг болохоос IPTV хүлээлгэж өгдөггүй юм. Стандартын дагуу Коаксиал кабелийн угсралт хийсэнгүй гэж акт тогтоон торгууль ноогдуулахад барилгын компани харицлагыг нь үүрэхээс IPTV хариуцахгүй үүнийг бас манай барилгын салбарт ажиллагсад болон хөрөнгө оруулагчид ойлгодог болмоор байгаа юм.
Энэ нь олон сувгийн кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашиг, цаашлаад интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниудийн үйлчилүүлэгчдийн эрх ашигийг ноцтой хохироогоод зогсохгүй Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал болоод байна. Үүнд:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан “Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах
2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12.9-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчдийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг илт зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Иймэрхүү стандартаа мөрддөггүй 10 гаран компанийн барилга бий. Энэ нь 10 барилга гэсэн үг биш шүү. 1 компанийн барьсан хороолол л гэхэд 3-10 блок бүхий 200-1200 гаруй айлын орон сууцууд байдаг. Тэгэхээр доод тал нь 5-10 мянган хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэсэн үг. Жишээ нь. ЭмСиЭс-ын захиалгаар барилгдсан ВиВа Сити хороолол, Ханхур холдингийн Залуус хороолол, Ар Ий Си компанийн захиалгаар баригдсан Шинэ-Өргөө хороолол, Витавит компанийн захиалгаар барилгдсан Анар хотхон, Сүмбэр орд, Энканто таун, Саруул хотхон гэх мэт газрууд байна. Холбооны сувагчлалыг нарийн хоолойгоор хийснээс өөр КаТВ-ын сүлжээ орох нөхцөлгүй дүүрчихсэн ИхМонгол хороолол байна.
Эхнээсээ ашиглалтанд ороод иргэд тухайн барилгад орсон хойноо ч энэ тухай гомдолсоор холбогдох байгууллагуудад утасаар удаа дараа мэдэгддэгч Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын 18001284 утас нь энэ талын гомдолыг манайх хүлээж авахгүй гэх тойруу байдлаар хариулт хэлж хариуцлагаас зайлсхийж, шинэчлэлийн засгийн газрын гэх иргэдийн санал хүсэлт авах 1111 утас нь Засгийн газартай холбоотой асуудал биш байна гэж бас л өөрсдөөсөө зайлуулан эсвэл бүр "өөр кабель авч яах гээд байгаан, байгаа үйлчилгээг нь аваач дээ" гэх зэргээр хэрэглэгчддийг үл хүндэтгэн харилцдаг нь нууц биш болжээ. Бүхэл бүтэн засгийн газрын өмнөөс иргэдийнхээ дуу хоолойг сонсож нийгэмд байгаа буруу үйлдэлүүдийг таслан зогсоох байтал тоомжиргүй хариулт хэлээд байж байна. Та бидний эрх хохирсоор байхад, холбогдох төрийн байгууллагууд нь чихээ таглаж суугаад төр төвхнүүлсээр байна.
Энэ тал дээр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хаяналтын газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн газарууд анхаарлаа хандуулах цаг нэгэнт бий болоод байна.