Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35 мянгаас давжээ.
Энэ нь өмнөх сараас 4.7 хувиар өссөн хэмээн Хөдөлмөрийн төв биржээс мэдэгдлээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33 орчим хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой ч энэ онд аж ахуйн нэгжүүд тавих шалгуураа өндөр болгосон хэмээн албаныхан тодотгож байна. Мөн иргэд давхар ажил хийхээс гадна оюутнууд цагийн ажил хийх нь ихэсчээ. Нийт ажилгүй иргэдийн насыг бүтцээр нь үзвэл 25-34 насны иргэд зонхилж байгаа бол 40-өөс дээш насны иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байна. Эхний 11 сарын хугацаанд хувийн хөдөлмөрийн биржүүдэд 109 мянга 144 ажлын байрны захиалга ирснээс барилга, үйлчилгээний салбарын боловсон хүчин хамгийн өндөр эрэлттэй байжээ. Түүнчлэн улсын хэмжээнд зарласан ажлын байрны 45.3 хувьд нь иргэдийг зуучилснаас тал хувь нь ажлынхаа хажуугаар давхар ажилд оржээ.