Хүн төрөлхтөн анх мөнгөн тэмдэгт ашиглаж эхэлсэн цагаас хойш түүнийг хуурамчаар үйлдвэрлэх явдал гарч, өнөөг хүрсэн. Анх манай эрний өмнөх 600 онд Грект алт, мөнгөн зоос гүйлгээнд ашиглаж эхэлсэн гэдэг. Үүнээс хойш 13 дугаар зуунд Монголын Юань гүрний үед анхны цаасан мөнгө гүйлгээнд нэвтэрсэн. Хуурамч мөнгө их хэмжээгээр гүйлгээнд оруулбал эдийн засаг хямарч уналтад орох нь тодорхой. Ийм учраас дэлхийн түүхэнд дайсныхаа мөнгөн тэмдэгтийн ханшийг унгахын тулд хуурамчаар үйлдвэрлэж гүйлгээнд оруулсан тохиолдол ч бий. Тухайлбал, АНУ-ын Тусгаар тогтнолын дайны үед Их Британи их хэмжээний доллар хуурамчаар үйлдвэрлэж гүйлгээнд нэвтрүүлж байж. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед Германууд маш их фунт стерлинг, ам.доллар хуурамчаар хийж байсан аж. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэл нэмэгдэх аюул бий. Манай улсад төгрөгийг хуурамчаар хийсэн тохиолдол мэр сэр гардаг.
Монголбанкны судлаач, эдийн засагчдын хийсэн тооцоогоор 2003 оноос өнгөрсөн жилийг хүртэлх хугацаанд нийт 39 сая 296 мянган төгрөгийн хуурамч дэвсгэрт илэрчээ. Тухайлбал, 2006-2008 онд төгрөгийн хуурамч дэвсгэрт хамгийн их гүйлгээнд гарсан байна. Төв банкнаас хийсэн судалгаанаас үзвэл 2007 онд нийт 9014 ширхэг хуурамч дэвсгэрт илэрч байж. Үүний 8533 ширхэгийг нь 500 төгрөгийн дэвсгэрт эзэлжээ. Энэ үед хуурамчаар үйлдсэн 500 төгрөгийн зоосон мөнгө их хэмжээгээр илэрч байсан удаатай. Тэгвэл 1000-т найм, 5000-т 101, 10000-т 182, 2000-т найман ширхэг байгаа юм. Сүүлийн жилүүдэд 20000 төгрөгийн дэвсгэрт хуурамчаар хийх нь нэмэгдсэн аж. Жишээ нь, 2011 онд нийт есөн сая 520 мянган төгрөгийн хуурамч дэвсгэрт гүйлгээнээс илэрчээ. Эдгээрийн 418 ширхэг нь 20000 төгрөгийн дэвсгэрт байна.
Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн 20 гаруй хувийг шатахуун түгээгүүр, иргэдийн гар дээрээс илрүүлжээ. Үлдсэн хуурамч дэвсгэрт нь арилжааны банкны гүйлгээнээс илэрсэн аж. Хуурамч мөнгөн дэвсгэртийн хийц загвар нь болхи тул иргэд анхааралтай байж шууд илрүүлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл гэрийн нөхцөлд скайнердаад хэвлэжээ. Тэгэхдээ ялтсан утас, усан хээг нь хоёр цаасны голд зурж наасан тохиолдол гарсан. Цагдаагийн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хуурамч мөнгөн дэвсгэртийн цаас гөлгөр зөөлөн, ихэвчлэн хуучирсан байж. Мөн усанд норгоход будаг нь уусчээ. Тухайн дэвсгэртийн суурь өнгөний хээ, зураас нь ямар ч товгоргүй аж. Бас дэвсгэртийн өнгө тод биш, ар талд нь тасалдаж харагдах нууцлалын метал утасгүй, нүүрэн талын мөнгөлөг метал суурь дээрх соёмбо үсэггүй, нэрлэсэн үнэ нь солигдож харагдаагүй байна. Үүнээс гадна шинээр гарсан 20 мянган төгрөгийн дэвсгэртийн нэмэлт нууцлал тунгалаг цонх болон холограммыг дуурайлган хийжээ. Гэвч тэр цонхон дээр МБ гэсэн үсэг болон 20000 гэсэн тоо харагдахгүй, гялгар холограммын туузын бичгүүд харагдахгүй юм. Өөрөөр хэлбэл, зүгээр л гялгар мөнгөлөг цаас наасан байжээ. Мөн дэвсгэртийн нүүрэн талын баруун доод буланд байх морьтон баатрын дүрс гарт мэдрэгдэхгүй, товгор биш аж. Бас ижил серийн дугаартай дэвсгэртүүд олон илэрч байгаа нь мөнгөн тэмдэгт зохион байгуулалтай хуурамчаар хийж байж болзошгүй хэмээн үзэж буй юм.
Ингээд бусад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх явдал ямар байгааг сонирхъё. Европын төв банкны мэдээллээс үзвэл нэг сая ширхэг еврогийн дэвсгэрт тутамд 30 ширхэг хуурамч дэвсгэрт байна. Энэ нь хуурамч еврогийн тоо хэмжээ өсөх хандлагатайг илтгэж байна гэж үзжээ. Герман улсын мөнгөн тэмдэгтийн нэг сая ширхэг тутамд 53 нь хуурамч байгаа бол Канадынх 500 ширхэгт хүрчээ. Гэвч эдгээр мөнгөн тэмдэгтийн зарим нууцлалыг дуурайлгаж маш өндөр түвшинд үйлдвэрлэсэн байдаг аж. Үүнээс гадна монголчуудын хамгийн их худалдаа хийдэг урд хөршийн мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдол гарч байсан удаатай. Жишээлбэл 2010 онд хятадын цагдаа нар 1.1 тэрбум хуурамч юанийн хэрэг илрүүлсэн байдаг.
Мөн хойд хөршид ч гэсэн хуурамч рубль их хэмжээгээр илэрч байсан. Иймд бусад улсын мөнгөн тэмдэгтийг авахдаа сайтар шалгах, банк болон эрх бүхий байгууллагаас сонгож авах нь чухал юм. Тэгвэл Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд 2012 оны судалгаагаар нэг сая дэвсгэртэд 2.6 ширхэг хуурамч дэвсгэрт байгаа юм. Гэвч 2007 онд 500 төгрөгийн зоосон мөнгө их хэмжээгээр илэрсэн. Энэ үед нэг сая дэвсгэртэд 68 ширхэг хуурамч мөнгө ногджээ. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж томоохон үнийн дүнтэй мөнгөн дэвсгэртээ сайтар шалгах нь зүйтэй юм.