Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Бат-Эрдэнэ: Жижиг зах зээлд олон өрсөлдөгч хэрэггүй


Хөгжил дэвшлийн хамгийн хурдацтай салбарт хүч үзэж байгаа төрийн оролцоотой компани бол “Монголын цахилгаан холбоо” юм. Техник, технологийн ахиц дэвшлээс хоцорчихвол энэ салбарт ялагч байх боломж хомс. Гэвч тал талд хүч тарамдахын оронд хамтарч, нэгдэж чадвал бүгдээрээ ялагч байж чадна гэдгийг “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

-Та хоёр жилийн хугацаанд “Монголын цахилгаан холбоо” компанийг удирдаж ажиллалаа. Энэ компанийн талаарх таны бодол, дүгнэлтийг сонсъё?
-“Монголын цахилгаан холбоо” компани гэдэг их айл бол 90 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсад айл өрхөд харилцаа холбооны анхны үйлчилгээг хүргэхээс эхлээд салбарын хөгжилд ч их үүрэг гүйцэтгэсэн. Тэр ч утгаараа манай компани салбарынхаа бусад аж ахуйн нэгжээс арай өөр, өвөрмөц юм. Монголын нийт нутаг дэвсгэрт сум хүртэл үйлчилгээгээ хүргэсэн үндэсний хэмжээний компани байхын сацуу нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг байгууллага шүү дээ. Компанийн 54 хувийг нь Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг нь Солонгосын Korea Telecom корпораци, зургаан хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. “МЦХ” ХК үндсэн дөрвөн үйлчилгээ эрхэлдэг. Суурин утас, интернэт, лавлах үйлчилгээ, кабелийн телевиз. Эдгээрийг орон нутаг, суманд хүртэл өргөн хүрээ хамарч үйлчилдэг. Гэхдээ технологийн хувьд нэлээд хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөг хүртэл шинэ технологийн бизнес эрхлэх бололцоо манай компанид төдийлөн олдож байсангүй ээ.

-Гэхдээ технологийн шинэчлэл хийх гэсэн оролдлого, үйл ажиллагаа олон биз дээ?
-Харилцаа холбооны зах зээл дэлхий даяар маш их өрсөлдөөнтэй. Монголд ч ялгаагүй. Тэгэхээр энэ өрсөлдөөн дунд оршин тогтнох шаардлагатай. Гэвч манай компанийн өрсөлдөх чадвар сүүлийн жилүүдэд ихээхэн дордсон. Өрсөлдөөнд оролцох ямар боломж, бололцоо байгааг олж хэрэгжүүлэх нь манай менежментийн багийн гол зорилт юм. 2007 онд компанид томоохон бүтцийн өөрчлөлт хийсэн. Түүгээр Монгол Улсын төрийн эзэмшлийн бүх сүлжээ, дэд бүтцийг  тусгаарлан МХС ТӨК-ийг байгуулж, МЦХ ХК-ийг уг сүлжээнд үйлчилгээ явуулах эрхтэйгээр үлдээсэн. Ингэхдээ шинэ технологийн буюу үүрэн холбооны бизнес эрхлэх бололцоог хангана гэж Монголын Засгийн газар “Korea Telecom”-тэй гэрээ байгуулсан. Гэвч энэ нь одоог хүртэл хэрэгжээгүй, хуучин технологиороо л бизнесээ үргэлжлүүлж байна.
Жил гаруйн өмнө “Korea Telecom”-ийн 40 мэргэжилтэн, манайхаас 20 гаруй мэргэжилтэн оролцсон төслийн баг байгуулж, Ерөнхий сайдтай харилцан яриад 4G технологийг Монголд нэвтрүүлэх, үндсэн дэд бүтцийг байгуулах төслийг боловсруулсан. Төслийн тооцоо ёсоор хамгийн орчин үеийн технологийг манай оронд нэвтрүүлэхээс гадна эдийн засгийн хувьд ч чамгүй ашигтай байхаар гарсан. Ашигтай гэдэг нь хөрөнгө оруулагчдад ч, хувьцаа эзэмшигчдэд ч, Монголын хэрэглэгчдэд ч ашиг тустай. Харамсалтай нь, Засгийн газар бүтэн жилийн дотор тодорхой шийдэл гаргаж чадаагүй байна. Мэдээж бодолцох, судлах шаардлагатай зүйл байсан болов уу. Юутай ч зогсонги байдалд орчихлоо.

-2014 он дуусах дөхөж байна. Энэ жилийн төлөвлөгөөт ажил ямар шатандаа байна?
-Одоо бид интернэтэд тулгуурласан бизнесийг хөгжүүлэх чиглэлд нэлээд хүч, анхаарал тавьж байна. Лавлахын үйлчилгээг орон даяар хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн. Зарим газарт шинэ холболт хийж, бизнесээ нэвтрүүлэх боломж хайж байгаа. Жишээ нь, Багахангай дүүрэгт компанийн маань салбар үйлчилгээ байгаагүй учраас шинээр нээлээ.
Энэ онд эхлүүлсэн өөр нэг том төсөл бол өмнө нь өндөр хурдны шилэн кабельд холбогдсон сумдаас гадна 135 сумыг нэмж холбоод иргэд, байгууллагуудад интернэтийн үйлчилгээ хүргэх тухай ярьсан. Зургадугаар сараас Засгийн газрын оролцоо, дэмжлэгтэйгээр аймаг, сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмж, шилэн кабель, видео хувиргагч, хэрэглэгчийн хандалтын сүлжээ үүсгэх зэрэг ажил үргэлжилж байна. Манай компанийн хувьд сүүлийн жилүүдэд ийм төрлийн томоохон төсөл хэрэгжүүлж байсан түүх бараг үгүй. Хэдийгээр хамт олон, Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ төслийг хийж байгаа ч хугацааны хувьд хожигдож байна. Есдүгээр сард дуусгана гэсэн боловч амжсангүй, харин ондоо багтаагаад хүлээгээд авчих байх.

-Монголчуудын интернэт хэ­рэг­лээ өсөн нэмэгдэж байгаа ч сумдад хэдийнэ интернэт хүр­чихсэн шүү дээ. Онцлог нь юу вэ?
-Суманд ямар нэг хэлбэрээр интернэт хүрсэн байна л даа. Гэхдээ маш бага хурдтай. Бидний энэ төсөл өндөр хурдны шилэн кабель гэдгээрээ их онцлог. Хүний мэдээлэл авах, судалж танин мэдэх, хоорондоо мэдээлэл солилцох хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлнэ. Уг төсөл маань сумын ЗДТГ, эмнэлэг, сургууль, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг төрийн байгууллагыг шилэн кабелиар холбохоос гадна гэр хорооллын иргэдийн хэрэглээг утасгүй интернэтийн технологи ашиглаж хангана. Төслийн маань санхүүжилт хамтарсан хэлбэртэй. Аймаг, орон нутгийг хөгжүүлэх сан, МЦХ ХК хамтарч интернэт үйлчилгээг сум бүрт хүргэж байгаагаараа онцлог. Манай компани иргэдэд харилцаа холбооны үйлчилгээ хүргэх үүрэг хүлээж байгаа бол орон нутаг 5 жил энэ бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулсан.

-“Намайг зорилготой томилсон” гэж ажлаа авсныхаа дараа та ярьсан байна лээ. Тэр зорилго чухам юу байсан, өнөөдөр хэр биелсэн бэ. Нөгөө талаас та өөрөө ямар зорилго дэвшүүлж байсан бол?
-Мэдээж зорилго байлгүй яахав. Энэ компанийн бизнесийн орчин нь муудчихсан учраас хувьчлалын ажлыг хурдасгая гэдэг зорилго байлаа. Боломжтой гарц, үнэ цэнийн хувьд аятайхан дүр зураг харагдаагүй. Тийм учраас Ерөнхий сайдад хоёр хувилбар танилцуулсан. Нэгдүгээрт, одоо байгаа хэлбэрээр нь шууд хувьчлах. Тэгвэл үнэ цэнэ ямар байх, нийгмийн хариуцлагын хувьд төрд ямар ачаалал ирэх зэргийг судалсан. Хоёрдугаарх нь, хөгжүүлж үнэ цэнэд хүргэж байгаад хувьчлах тухай. Хүмүүсийг нь ажилтай байлгаж, нийгмийн хариуцлагыг нь цааш авч явъя гэсэн. Манайхаас өөр бүх нийтийн үйлчилгээний үүргийг одоо шууд хүлээгээд авах аж ахуйн нэгж ховор байгаа гэдэг үндэслэлээр МЦХ ХК-ийг хөгжүүлээд яваандаа хувьчлах чиглэл гаргасан юм. Нэг чухал зүйл бол манай компанид ажиллаж байгаа 1000 гаруй хүний ажил амьдралын асуудал. Энэ компанийг өнгөтэй өөдтэй явуулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа техник, технологи, үйлчилгээний албан хаагчдыг ажилтай байлгана гэдэг өөрөө нийгмийн хариуцлага. Үүнээс гадна компани амьдрах чадвартай байх ёстой. Бизнесийнх нь орчинг нэлээд тэлэх, үр ашгийг нь дээшлүүлэх талаар өдөр болгон ажиллаж байна. Ер нь, шинэ технологийн болон үүрэн холбооны бизнес эрхлээгүй бол харилцаа холбооны салбарт компани оршин тогтноход амаргүй л дээ. Тиймээс бидний цаашид орших үндэс бол нэгдүгээрт, шинэ технологийн бизнес эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох юм. Хоёрт, ийм чиглэлээр ажиллаж буй компаниудтай хамтарч ажиллах боломж эрэлхийлэх. Товчхондоо, нэгдэж нийлэх, конвержэнс хийх, дэд бүтцээ нэгтгэх шийдэл рүү хандах цаг болж. Зах зээлийнхээ хувьд ч, эдийн засаг, хүн хүчнийхээ хувьд тэр.
Одоогийн дэд бүтцээ сайжруулах, үйлчилгээгээ чанаржуулахад нэлээд түлхүү анхаарлаа. Ер нь, бизнесийн гэхээс илүү нийгмийн хариуцлагаа үүрсэн компани болж харагдаад байгаа шүү. Харилцаа холбооны салбарт шинэ технологи нэвтрүүлэхгүйгээр өрсөлдөнө гэдэг амаргүй. Тийм учраас бид үргэлж энэ чиглэлд анхаарч ирсэн. Дараагийн чухал зүйл бол IPTV-гийн үйлчилгээ эрхлэх. Энэ бүхэн маань шийдэгдчихвэл МЦХ ХК-д цаашдаа энэ зах зээл дээр хамтарч ажиллах боломж дүүрэн бүрэлдэнэ гэж хэлэх байна.

-Монголын цахилгаан холбоо ХК-ийг хувьчилна гэж байсгээд л ярьдаг. Таны хувьд үүнийг хойшлуулаад өгөөч гэж хүссэн гэсэн. Яагаад заавал 2016 он гэж?
-Монгол Улсын Засгийн газар, КТ хоёр 1995 онд онцгой эрхтэй гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ 2015 оны долдугаар сард дуусах юм. Өөрөөр хэлбэл, МЦХ ХК-ийн хувьчлал, бизнесийн асуудал бүх зүйл дээрх гэрээгээр зохицуулагдсан. Тийм болохоор түүнийг давж шууд хувьчлах тухай ярих нь зохистой биш, эрх зүйн хувьд боломжгүй. Сүүлийн 10 гаруй жил компанийн хувьчлал яригдаад ирэхээр хөрөнгө оруулалт ч хийгдсэнгүй. Маш хортой туссан. Хөрөнгө оруулалтгүй болохоор бизнесийн загвар, тоног төхөөрөмж, техник технологи, дэд бүтцийн элэгдэл хорогдол ихэсчихсэн хэрэг. Тийм болохоор цаашдаа компанийг юу авч явах вэ гэх асуулт гарна. Тэр бол одоогийн хүний нөөц, чадамж, бүтэц юм. Гэхдээ харилцаа холбооны салбарт хамтарч ажиллах, нэгдэн нийлэх ажлын эхлэлийг МЦХ ХК тавих зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр хувьчлал ч тэр, бизнестэй ч холбоотой өөрчлөлтийн асуудал 2015 оны 7 дугаар сараас хойш эрх нь нээгдэнэ гэсэн үг. Түүнээс өмнө хувьчлах тухай ярих гэвэл дийлэнх хувьцаа эзэмшигч хоёр зайлшгүй тал хоорондоо зөвшилцөх үүрэгтэй.
Бие биедээ хувьцаагаа худалдах шийдэл 20 жил бүтээгүй иржээ. Тэгвэл бүтэмжтэй ямар хувилбар байх вэ гэхээр нэмэлт хувьцаа гаргах. Ингэж хөрөнгө оруулагчдыг татах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох боломжтой. Ийм чиглэл рүү МЦХ ХК-ийн хувьчлалыг хийж болох юм. Энэ чиглэлээр саналаа боловсруулаад Засгийн газарт танилцуулаад явж байна. Яг өнөөдрийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдэг эргэлзээтэй. Шинэ технологийн бизнес эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болчихвол арай өөрөөр харж магадгүй.

-Нэг бол хувьчилна гээд эсвэл больё гээд ярьдаг байсан нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэрэг боллоо гэж байна. Нэгэнт ийм гэрээгээр тохирчихсон байсан зүйлийг яагаад ингэж савчуулаад байсан юм бол оо?
-Хувьчлал нь өөрөө бодлогын асуудал л даа. Яаж хувьчлах вэ гэдэг аргаа олоход л нэлээд хүндрэлтэй байсан юм болов уу гэж боддог. Жишээ нь, нөгөө тал буюу КТ-д санал тавихдаа ямар хэмжээтэй, үнэлгээтэй, яаж тавих тухай их бодсон биз. 2007 оны гэрээнээс өмнөх, хойших гэж авч үзэхээс өөр аргагүй зүйл юм. Тийм учраас хувьчлалыг хийж чадахгүй, аргаа олохгүй удсан тал ажиглагддаг. 2007 оноос өмнөх үеийн хувьчлалын яриа их төвөгтэй. Хувьчлахын тулд эхлээд заавал КТ-д санал болгоно. Ингэхдээ өмчийг нь санал болгож болохгүй, яагаад гэвэл бусдынх болчихсон. МЦХ ХК чинь өмчгүй компани учраас бизнесийн өртөг дээр л тулгуурлаж хувьчлал яригдана. Энэ нь бүтлээ гэхэд 20 жилийнхээ гэрээг яах вэ, бизнесийн үнэ цэнийг хэрхэх, цаашдын үйл ажиллагааг яаж зохион байгуулж төлөвлөх гээд олон асуудал тулгарч байсан.

-Өнөөдөр гурвалсан үйлчилгээ, IPTV гэгчийн суурийг нь танай байгууллага тавьж байсан шүү дээ. Техник, хүн хүчний хувьд ч хангалттай. Одоо хүмүүс орон нутагт гурвалсан, дөрвөлсөн үйлчилгээ хүсч байна?
-Ер нь, одоогийн гурвалсан үйлчилгээ нь тусдаа технологиор хүргэгдэж байгаа болохоос МЦХ компанийн үндсэн бизнес шүү дээ. Гэхдээ манай компани энэ зах зээлд оръё гэвэл технологийн шинэчлэл зайлшгүй шаардагдана. Тийм боломж бий юу гэвэл байгаа. Өнөөдөр МЦХ ХК-ийн хамгийн том хохирол бол энэ IPTV гэдэг бизнесээс болж байгаа шүү дээ. Ялангуяа нийслэлийн хэрэглэгчид маань гурвалсан үйлчилгээг сонгож, манайхтай гэрээгээ цуцалж байна. Шалтгаан нь технологийн хоцрогдол. Тийм болохоор цаашдаа IPTV-гийн төсөл хэрэгжүүлэх шаардлага бий нь мэдээж. Боломж байна уу гэвэл байна. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь бас ярих ёстой асуудал. Гарц нь гэвэл тусдаа гуравдагч IPTV-гийн оператор болоод явах уу, бусадтай хамтраад ажиллах уу гэдгийн аль нэг. Өнөөдөр IPTV-гийн бизнес эрхэлж буй компаниуд ч эдийн засгийн хувьд хэцүү байгаа. Энэ бол 3 сая хүнтэй Монголд бүү хэл 50 сая хүнтэй Солонгост ч ашиг гараад байдаг бизнес биш шүү дээ. Хэрэглэгчдэд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, гэхдээ бизнесийн хувьд ашигтай юу гэдэг нь өөр асуудал. Давхардсан хөрөнгө оруулалт ордог, давхардсан сүлжээ байгуулдаг, яг нэг төрлийн ажлыг гурван хүн хийнэ гэхээр ашиг нь юу билээ. Тийм учраас МЦХ ХК бусад операторуудтай хамтрах санаачилга гаргана. Тэгэхгүй бол нэр, хэлбэр нь өөр болохоос яг адилхан ажлыг гурван талд хийгээд байгаа юм. Гурван тусдаа зардал гаргахын оронд нэг болгочихъё л гэж хэлээд байгаа юм. IPTV-гийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд контентын зардалд жилдээ 3 сая ам.доллар зардаг. Манайх дахиад тийм мөнгө төлөх үү. Хэн хэндээ хохиролтой, хэрэглэгчдэд ч хохиролтой юм. Харин ч хамтдаа төлдөг болоод явчихвал үйлчилгээ хямдарна шүү дээ. Бизнест үргэлж гарц байдаг учраас хоорондоо ойлголцож, учраа олох боломж үргэлж бий гэж би итгэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан