Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Уянга: Бид хөгжилд нэн чухал салбарт технологийн шинэчлэл хийж, компаниудад өндөр ашигтай ажиллах боломж бүрдүүлдэг


Уул уурхайн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч “Катерпиллар” корпорацийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийг өнөөдөр Монголд мэдэхгүй хүн ховор.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том компани. 1996 онд байгуулагдсанаасаа хойш өдгөө “Вагнер Ази” групп болж өргөжин, Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, зам, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ техник тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр байгаа билээ.
“Вагнер Ази” групп нь “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, “Вагнер Ази Индастриал” ХХК, “Вагнер Ази Автоматив” ХХК, “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Вагнер Ази Технологи” ХХК гэсэн таван компаниас бүрддэг.
Хамгийн отгон компани болох “Вагнер Ази Технологи” нь байгуулагдаад удаагүй ч Монголын уул уурхай, барилга замын салбарт технологийн хувьсгал хийж, хүнд машин механизмыг автоматжуулах цоо шинэ технологийг амжилттай нэвтрүүлж байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа тус компанийн гүйцэтгэх захирал Х.Уянгааг урилаа.

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас  Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагыг жил бүр онцлон өргөмжилдөг. 2014 оны босгон дээр  “Вагнер Ази Технологи” компанийг “Инноваци, дэвшилтэт технологи, know-how нэвтрүүлэгч –Оны онцлох Энтрепренер”-ээр шалгаруулсан. Тэгэхээр танай “ноу-хау”-гаас яриагаа эхлэх үү?
-За тэгье, юуны өмнө компанийнхаа тухай товч мэдээлэл өгөх нь зөв болов уу. “Вагнер Ази” групп нь “5 компани 1 стандартаар Монголд Бизнесийн Төгс Шийдлийг нийлүүлнэ” гэсэн зорилготой ажилладаг. Өнөөдөр бид мэдээлэл технологийн зуунд амьдарч байна. Тэгэхээр аль ч салбарын ирээдүйг мэдээлэл технологигүйгээр төсөөлөх аргагүй. Ийм учраас бид “Вагнер Ази Технологи” компаниараа дамжуулан уул уурхай, зам барилга зэрэг манай улсын хөгжилд нэн чухал ач холбогдолтой хүнд аж үйлдвэрийн салбарт технологийн шинэчлэл хийж, зардлаа бууруулан өндөр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр бид зөвхөн сайн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлээд зогсохгүй түүнийгээ өндөр бүтээмжтэй, бүрэн ашиглах машин удирдлагын технологи болон тэдгээрийг худалдан авах санхүүжилтын хамтаар цогцоор нь шийдвэрлэж өгсөн. Ингэснээр харилцагч үйлчлүүлэгч нарынхаа бизнест төгс шийдэл нь болж чадсан гэж үзэж байна.

-Тэгэхээр яг ямар дэвшилтэт шинэ технологиудыг уул уурхайн болон барилга замын салбарт оруулж ирж байгаа вэ?
-“Вагнер Ази Технологи” компани нь “GPS”- байршил тогтоох хиймэл дагуулын технологоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Тримбл” компанийн барилга замын технологийг нийлүүлдэг олон улсын “SITECH” сүлжээний Монгол дахь албан ёсны дилер.
“Тримбл” компани нь Катерпилларын технологийн түншээр олон жил хамтран ажиллаж байгаа юм. Сүүлийн үед Катерпилларын машин төхөөрөмжүүд үйлдвэрээсээ төрөл бүрийн хялбаршуулсан технологийн суурь системтэй ирдэг болсноор хэрэглэгчдийг технологийн эрин рүү эргэлт буцалтгүй хөтлөн оруулж байна.
Тэгэхээр замын салбарын хувьд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чамгүй их ажил амжуулж чадсан. Жишээлбэл, 2012 онд баригдсан Оюу Толгой уурхайн Хан бумбат олон улсын стандартын нисэх онгоцны буудлын онгоц хөөрөх зурвасын барилгын ажил, Samsung-ийн ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа Хөшигтийн хөндийн шинэ олон улсын нисэх буудлын барилгын ажил болон Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтын хүрээнд хийж байгаа нийт 5400 гаруй км авто замын ажил зэрэг маш олон томоохон бүтээн байгуулалтын ажилд “Тримбл”-ын машин удирдлагын технологийг амжилттай ашиглаж байгаа юм.
Харин уул уурхайн хувьд 2012–2013 онд Оюу Толгой уурхайн хамгийн том 10 машин механизмыг (Caterpillar electric shovel 6060 – 2ш, Caterpillar hydraulic shovel 7495– 2ш, Komatsu wheel loader WA1200 – 2ш, Atlas Copco drill PV351 – 4ш) Катерпилларын уул уурхайн автоматжуулалтын “Мinestar - Terrain” системд оруулсан ба энэ ондоо багтаад ахин Sandvik DR580 өрмийн машин дээр нэмж суурилуулахаар ажиллаж байна.

-Тэгвэл Оюу Толгой энэхүү техно­логийг ашиглаж эхэлснээр бусад уурхайдаа жишиг болж байгаа юм байна даа?
-Тэгэлгүй яахав. Катерпилларын уул уурхайн автоматжуулалтын “МineStar” системийг олон улсад уул уурхайн бизнес эрхэлдэг “Rio Tinto”, “BHP Billiton” зэрэг томоохон компаниуд өөрсдийн уурхайд сонгон ашигладаг. Хэдийгээр өнөөдөр ма­найд уул уурхайн салбарын хөгжил удаашралтай байгаа ч удахгүй асууд­лууд шийдвэрлэгдээд сэргэх нь ойлгомжтой. Тэр үед хамгийн түрүүнд хэрхэн хямралаас хурдан гарч, ашигтай, аюулгүй ажиллаж эхлэх вэ гэдэг асуудал тавигдана. Шийдэл нь мэдээж уурхайн автоматжуулалтын технологи байх болно.

-Саяхан замын нэг компанийн захиралтай ярилцаж суухад гур­ван жил барьсан ч дуусгаж чадаагүй замыг аваад гурван сарын хугацаанд бариад хүлээлгэж өглөө гэж байсан?
-Энэ жил Монголд автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаа. Автозамын салбарт ажиллаж байсан ахмадуудаас сонсоход жилдээ 20-30 километр автозам тавьдаг байсан гэсэн. Харин өнөөдөр жилд 2000 км автозамын ажил яригдаж байна. Үүнээс ч олон километр автозамын ажлыг илүү чанартай гүйцэтгэх боломж бидэнд бий. Манай улсын газар нутгийн хэмжээ том, барьж байгуулах замын хэмжээ их. Гэтэл замын ажил хийх хугацаа, хөрөнгө мөнгө, ажиллах мэргэжилтэн хомс байгаа нь замын чанарт муугаар нөлөөлдөг. Харин бид энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр олон улсад стандарт болсон машин удирдлагын системийг Монголын зам барилгын ажилд нэвтрүүлэхээр гүйцэтгэгч компаниуд болон замын салбарынхантай хамтран ажиллаж байна. Үр дүн нь ч эхнээсээ гарч байгаа. Жишээлбэл, “Монроуд”, “Арж капитал”, “Арц суврага”, “ND”, “Насны зам” зэрэг олон компани машин удирдлагын технологийн тусламжтай сантиметрээс миллометрийн нарийвчлалтайгаар замын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр бидэнтэй хамтран ажиллаж байна. Ажлын бүтээмж 30-70 хувь дээшилж, зардал мөнгө, цаг хугацааг төдий хэмжээгээр хэмнэн ажлаа илүү хялбар байдлаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болсон.

-Эдийн засгийн хямралтай өнөө үед энэхүү шинэ технологийг худалдан авахад ихэнх компанид хүндрэлтэй байгаа байх. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав, түрүүн дурьдсанчлан бид “Вагнер Ази лизинг“ компаниараа дамжуулан харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг шийдэж өгдөгөөрөө давуу талтай. Иймд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас Катерпилларын шинэ болон ашиглагдаж байсан машин тоног төхөөрөмжийн хамтаар технологийг лизингээр худалдан авч болно. Мөн “Вагнер Ази Индастриал” компаниас Шандонг брэндийн машин мехнизмын хамт лизингээр худалдан авах бүрэн боломжтой. Учир нь манай машин удирдлагын технологийг бүх төрлийн брэндийн шинэ, хуучин  машин механизмд суурилуулах боломжтойгоороо хэрэглэгчдэд илүү хялбар болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй төрөл бүрийн түрээсийн нөхцлийг бий болгоод байна.

-Зөвхөн санхүүгээс гадна манай уул уурхай, зам, барилгын салбарт боловсон хүчний асуудал ихээр хөндөгддөг. Ялангуяа энэ шинэ технологи, хүнд машин механизм дээр?
-Тийм ээ, уул уурхай 92, замын салбар маань 85 жилийн урт түүхтэй ч бие даан хөгжиж, эрчимтэй үйл ажиллагаа явуулсан нь сүүлийн 10 гаруй жил.  Үүнтэй холбоотойгоор орчин үеийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмж орж ирэхэд ажиллуулах боловсон хүчин дутагдалтай байдаг. Манай компани өөрөө сургалтын албатай. Хүнд машин механизмын оператор бэлтгэх мөн засварлах механик инженерийн сургалт явуулж, харилцагч нартаа тоног төхөөрөмжөө бүрэн ашиглаж сурахад тусалдаг. Гэсэн ч хэдэн зуун мянга, сая доллараар үнэлэгддэг хүнд машин механизмын сул зогсолт асар их зардалтай байдаг. Иймд машиныг эвдэлгүй, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадах туршлагатай мэргэжлийн оператор эрэлттэй байдаг. Ний нуугүй хэлэхэд энэ хэрэгцээ өдий хүртэл бүрэн хангагдаагүй л байна. Туршлагатай операторын хомсдолоос болж машин техникээ сул зогсоох, осол гэмтэл учруулах, ажлыг чанаргүй олон давтан хийж хугацаа алдан зардал мөнгө өсөх олон асуудлууд их. Харин машин удирдлагын систем нь хиймэл дагуултай холбогдон хөрс шорооны ажлыг төлөвлөгөөний дагуу алдаагүй автоматаар нэг удаагаар шууд гүйцэтгэснээр операторын аж­лыг хөнгөвчилдөг. Ийнхүү Монго­­лын залуучууд орчин үеийн шинэ технологийг ашиглан ажил мэргэ­жилтэй болж, давхар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм.
Оюу Толгойн уурхай дээр ашиглаж байгаа Катерпилларын “MineStar” “Terrain” систем болон Тримблын “SPS” байршил тогтоох геодизийн хэмжилзүйн багажнуудын програм хангамжийг Монгол хэл дээр орчуулан гаргаж сургалт, зөвлөгөө өгч хэрэглэхэд хялбар болгосон юм.
Ингэснээр манай Монголын залуучууд эх орондоо орчин үеийн технологийн дэвшлийг эх хэл дээрээ бүрэн дүүрэн ашиглаж жинхэнэ орчин үеийн мэргэжилтэнгүүд болж чадаж байна.

-Эдийн засгийн хямралтай энэ цагт зардал төсөв хэмнэх арга замыг л бүгд эрэлхийлж байна. Та энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Монгол Улсын эдийн засгийн байдал маш тогтворгүй хэцүү байгааг бүгд л мэднэ. Нөгөө талаараа эдийн засгийн яг ийм хямралтай үед хүн бүр зардлаа бууруулах, мөнгөө хэрхэн зөв зарцуулах арга ухаанд идэвхитэй суралцдагаараа бизнесийхэнд дархлаа суулгаж, эдийн засаг эргээд сэргэхэд улам бүр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг эерэг талтай байж болох юм. Үүний нэг жишээ нь та бүтээмжээ дээшлүүлснээр гурван машинаар хийдэг ажлыг нэг машинаар, гурван өдөрт хийх ажлыг нэг өдөрт хийж бага зардлаар, их ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж сурах явдал юм. Өнөө үед эдийн засаг нь тогтвортой өндөр хөгжсөн улс оронд ч бага нөөцөөр, их баялгийг бүтээх арга замыг эрэлхийлж шинжлэх ухааны дэвшлийг өргөнөөр ашиглаж байна. 

-Тантай уулзахаар ирэхдээ танай лабораторийг харсан л даа?
-Манай бас үзүүлдэг үйлчилгээний нэг хэсэг байгаа юм. Энэ бол машин тоног төхөөрөмжийн ашигласан шингэний иж бүрэн шинжилгээ хийдэг лаборатор. Машины тос болон хөргөх шингэн дээр төрөл бүрийн нарийн шинжилгээ хийдэг. Машины тос бол хүнийхээр цус нь. Хүн цусгүй нэг секунд ч амьдарч чадахгүйтэй адил машин тосгүйгээр нэг секунд ажиллахгүй. Бас бид эмнэлэгт очиж цусны дэлгэрэнгүй шинжилгээг жилдээ 1-2 удаа тогтмол өгч биеийнхээ дотоод эрхтнүүдийн эрүүл мэндийн байдлыг хянаж шаардлагатай эмчилгээ хийлгэдэгтэй адил машины тосноос дээж авч шинжилгээ хийж, машины дотор эд ангиуд дээр хаана ямар элэгдэл, гэмтэл үүсч байгааг эрт үед нь олж тогтоон, том эвдрэл болохоос нь өмнө засварын ажлыг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайн үнэтэй тоног төхөөрөмжийн төлөвлөгдөөгүй сул зогсолт болон гэнэтийн эвдрэлийн зардлаас урьдчилан сэргийлдэг машины эрүүл мэндийн амин чухал үйлчилгээ юм. Монголд Катерпилларын “SOS” брэндийн иж бүрэн шинжилгээний лабораторийг байгуулснаас хойш тав дахь жилээ угтах гэж байна. Катерпилларын “SOS” брэндийн иж бүрэн шинжилгээний лаборатори нь олон улсад 50 шахуу жил хэрэгжиж байгаа дэлхийн жишигт нийцсэн стандарт үйлчилгээ. Катерпилларын хамгийн томоохон дилерүүд л хэрэгжүүлдэг нарийн мэргэшсэн лабораторийн үйлчилгээ юм. Мөн манайх явуулын бичил OSA-3 лабораторийн үйлчилгээг Өмнөговь дахь салбараараа дамжуулан хүргээд гурван жил шахуу боллоо. Энэхүү хоёр лабораторийг Монголдоо анх амжилттай ажиллуулж, хэрэглэгчдийнхээ засвар үйлчилгээ, техник ашиглалтын зардлаа бууруулж, үйл ажиллагааныхаа ашгийг нэмэгдүүлэх боломжоор ханган ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Мөн бид GPS- байршил тогтоох хиймэл дагуул болон гар утасны сүлжээ ашиглан машины компьютертэй холбогдон алсаас машины эрүүл мэндийн болон ажлын бүтээмжийн талаархи бодит мэдээллийг интернэтээс бүрэн хянах орчин үеийн тоног төхөөрөмжийн менежмэнтийн үйлчилгээг цогцоор үзүүлж байгаа.

-Та ямар мэргэжилтэй вэ. Өөрийн­­хөө тухай товч танил­цуулаач. Залуу эмэгтэй Монголын уул уурхай, зам барилгын салбарт технологийн маш олон шинэчлэл хийж байгаа нь сонирхол татаж байна?
-Баярлалаа. Би Машины Механтроник ба Мэдээлэл Техно­логийн мэргэжлээр баклавр, магист­рын зэргээр сурч төгссөн. Сургуулиа төгсөөд л одоог хүртэл 7 дахь жилдээ “Вагнер Ази” компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Мэргэжилдээ хайр­тай, ажилдаа дуртай залуу инженер хүн гэж танилцуулья даа товчхондоо.

-Механтроник гэж юу гэсэн үг вэ. Шинэ мэргэжил үү. Та энэ мэргэжлээ хаана эзэмшсэн бэ. Монголд энэ чиглэлээр мэрэгжилтэн бэлтгэж байгаа болов уу?
-Механтроник нь Меха­ник Электроник гэсэн хоёр мэргэжлийн нийлбэр юм. Учир нь өнөөдөр дан механик ажиллагаатай зүйл гэж бараг байхгүй болсон. Бүх юм автоматжиж электрон удирд­лагатай болсноор ийм инженерийн шинэ чиг­лэл үүсгэсэн. Мэдээж бас Мэдээл­лийн технологигүй зүйл гэж байхгүй болсон учраас энэ гурван чиглэлийн нийл­бэр маш орчин үеийн эрэлттэй мэргэжил болсон. Миний мэдэхээр Монголд яг энэ чиглэлээр ШУТИС мэргэжилтэн бэлтгэж байгаа. Гэхдээ би анхны Механтроник инженерүүдийн нэг байх. Герман, Солонгост суралцаж байсан. Эцэст нь хэлэхэд, манай компанийн технологийн салбарт хийж байгаа ажлууд нь Монголдоо  төдийгүй хуучнаар хамтын нөхөрлөлийн улсуудын бүсийн хэмжээнд анхлан эх­лүүлсэн гэдгээрээ Монгол хүний хувьд  бахархалтай сайхан байдаг шүү.

-Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан