Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдрөөс хуралдаж эхэлжээ. Ингээд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улсын төсөв, төв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын уялдааг харгалзан үзэж бодлогын хүүгээ нэмэх, эсвэл хэвээр хадгалж үлдэх эсэхийг шийдэх юм. Уг зөвлөл 2-3 удаа хуралдаж байж, бодлогын шийдвэрээ гаргадаг аж. Тэгэхээр ирэх долоо хоногийн эхээр ямар шийдвэр гаргах нь тодорхой болох нь. Хамгийн гол нь улсын төсвийн сахилга бат, бодлогоос ямар шийд гарах нь ихээхэн хамаарна. Учир нь төсвийн бодлогоор мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байвал төв банк бодлогын хүүгээ өсгөнө. Төсвийн тэлэх бодлого нь татвар бууруулж, эдийн засаг дахь худалдан авалтыг дэмждэг. Мөн Засгийн газрын татаас өснө. Энэ бүгд нь эдийн засагт бараа бүтээгдэхүүний эрэлт өсгөж инфляц хөөрөгддөг. Тэгвэл төсвийн хумих бодлого эдийн засагт үүний эсрэг үйлчлэл үзүүлдэг билээ. Гэтэл манай улсын төсөв жил бүр тэлж орлого, зарлагаа өндрөөр төсөөлсөөр ирсэн.
Тухайлбал, энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувьтай тэнцэнэ хэмээн төсөөлөв. Зарлага нь 7.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37 хувьтай тэнцэх тооцоо хийсэн. Өнөөдөр төсвийн орлого тасарч буй тул тодотгол хийж, нийт зарлага нь 5.3 их наяд төгрөгөөр хэмжигдэнэ хэмээн тооцсон. Ингээд алдагдал нь 416 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байлаа.
Гэтэл төсвийн орлого энэ оны эцэст нэг их наяд төгрөгөөр тасарч магадгүй бололтой. Ирэх онд төсвийн орлогыг 1.3 тэрбум төгрөг нэмж тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 7.1 их наяд, зарлага нь 7.6 их наяд төгрөг байна гэж үзлээ. Ингээд төсвийн алдагдал 478 тэрбум төгрөг гарах тооцоо хийв. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас үзвэл төсвийн орлого ингэж нэмэгдэх боломжгүй гэдгийг эдийн засагчид судлаач нар хэлж буй юм. Ирэх жилийн төсвийг танасан гэдэг. Жишээ нь аймаг орон нутгийн төсвийн цалингаас бусад бүх зардлыг 30 хувиар танаж буурууллаа гэсэн. Мөн төрийн албаны илүү орон тоог цомхотгох, гадаад томилолтын зардлыг 50 хувиар бууруулах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж буй. Гэвч эдийн засагчдын үзэж буйгаар төсвийн зардлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж байж хямралыг сөрсөн эерэг үр дүн гарна хэмээж байгаа юм. Тэгэхээр төсвийг энэ хэмжээнд танаж чадаагүй тул Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргах магадлал тун өндөр байна.
Учир нь, ирэх онд улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй юм. Хэрэв Монголбанк бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаа хумигдана. Иймд бизнес, хөрөнгө оруулалтын идэвхжил буурч, царцанги байдалд ордог. Өөрөөр хэлбэл, бид бүсээ бүр чангалж эдийн засаг сайжраасай хэмээн залбирах гарц л үлдэх юм. Товчхондоо арилжааны банкууд зээлд гаргах мөнгөнийхөө дийлэнхийг төв банкинд өндөр хүүтэй хадгалуулна. Эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгө төв банкинд очиж царцана гэсэн үг. Төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэл 10.5 хувьд хэвээр хадгалж байв. Харин долдугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг хазаарлах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн билээ. Ингээд мөнгөний бодлогын хүү 12 хувь болсон. Үүний дүнд инфляцын түвшин тогтворжиж байна гэж эдийн засагчид хэлдэг. Энэ бүгдээс үзэхэд инфляцыг бууруулах улмаар дунд хугацааны зорилтот түвшин долоон хувьд байлгахын тулд нэг талаас улсын төсвийг тодотгож, төсвийн зардлыг бууруулж зохистой болгох учиртай. Үүнээс гадна эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцлийг ашигтай болгох шаардлага Засгийн газарт тулгараад буй юм.