Монгол Улсын 21 аймгийг нийслэлтэй автозамаар холбохоос дутахааргүй дэд бүтцийн тулгамдсан асуудал нь мэдээллийн технологийн салбарын дэд бүтэц юм. Ихэнх улс орнуудын хувьд өөрсдийн бий болгосон дэд бүтцэд тулгуурлан энэ салбараа улам өргөжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж чаддаг. Цаашлаад мэдээллийн технологийн салбар нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болж, улс орны хөгжил ч үүгээр хэмжигдэж байна. Тэгвэл манай улсын Засгийн газар энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлж, ирээдүйн ямар төсөөлөлтэй байгаа талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.
-Хэдэн сарын өмнө би Баянхонгор аймгийн Галуут суманд очоод ирсэн. Тэгэхэд сумын харилцаа, холбооны газрын үүдэнд хүүхдүүд дараалал үүсгээд зогсож байхыг хараад очиж үзэхээр шийдсэн юм. Тэгсэн хүүхдүүд “Фэйсбүүк”-д орохын тулд дараалаад зогсож байсан нь тэр юм байна. Миний хувьд хамар хашааны хүүхдүүд нэгэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээс илүү цахим ертөнцөөр нэгнээ олж харах нь их сонин, шинэлэг болж дээ, гэсэн дүгнэлт хийсэн. Харин та дээрх жишээг ямар өнцгөөс харж байгаа талаарх хувийн бодлоо хуваалцахгүй юу. Ажил мэргэжпийн талаасаа ч хариулж болох юм?
-Тухайн улсын уугуул хүний цусны онцлог гэж нэг зүйл байдаг даа. Хар арьст иргэд урлагийн их мэдрэмжтэй байдаг бол монголчууд шинэ зүйлийг сонор, соргог маш хурдан хугацаанд хүлээж аваад, дасан зохицох чадвартай байдаг. Хэдийгээр интернэт технологи аливаа улсад өндөр хөгжиж, энгийн хэрэглээ болсон ч нүүдэлч соёлтой, түүнийгээ өвлөн хамгаалдаг манай улсын хувьд мэдээллийн технологийн хэрэглээг төдийлөн өндөр түвшинд хүртэж чаддаггүй. Ялангуяа, аймгийн төвөөс алслагдмал, улиралдаа тааруулан нүүдэллэж байгаа малчдын хувьд зөөврийн болоод суурин компьютер хэрэглэх нь боломжгүй зүйл. Гэсэн ч хүүхдэд, багачууд хичээл сургуулийн цаг ирэхээр сум, суурин бараадаж, технологийн дэвшлийг хүртэх, түүгээр дамжуулан найз нөхөдтэй болох, харилцаа хамаарал үүсгэх зэргээр эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж байна. Тэгэхээр би таны хэлсэн дээрх жишээг яг үүнтэй адилтган харж байна.
Харин нөгөө талаасаа, Монгол Улсын 21 аймаг 339 суманд үндсэндээ маш том дэд бүтцийг хийгээд интернэт холбосон байна. Газар нутгийнхаа зайнаас хамаараад 26 сум л интернэтийн шилэн кабелд холбогдоогүй. Гэхдээ энэ нь интернэтгүй гэсэн үг биш. Дээрх 26 сум VSAT (бага оврын хиймэл дагуулын антенн)-аар интернэт авах боломжтой байгаа. Тэгэхээр 339 сум, 21 аймгаас 26-хан сум шилэн кабелд холбогдоогүй байна гэдэг нь яах аргагүй мэдээллийн технологийн дэд бүтэц хурдацтай хөгжиж байгааг илтгэнэ.
-Дэд бүтэц хөгжил авчрах ёстой. Тэгвэл энэ үл харагдах мэдээллийн технологийн дэд бүтэц ямар хөгжил авчрах ёстой вэ. Бидэнд яг юу өгсөн байна?
-Мэдээллийн технологийн дэд бүтцийг бид замтай адилтгаж болно. Засмал зам хурдан шуурхай явах, аюул осол бага гарах, тайван тухтай зорчих, эдийн засгийн хэмнэлт авчрах, төв суурин газрын төвлөрлийг багасгах гээд олон ашигтай байдаг. Яг үүн шиг бидний орон нутагт холбосон зам буюу шилэн кабел олон талын ашгаа өгч байгаа. Тухайлбал, мэдээлэл авах, дамжуулах, төрийн үйлчилгээг ойртуулах, мөн түүгээр дамжуулан бизнес эрхпэх зэрэг боломжийг иргэдэд олгож байна. Түүнчлэн бид Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэссэн, залуучууд орон нутагт амьдрахгүй гэж их шүүмжилдэг байсан. Одоо энэ шүүмжлэл харьцангуй багассан ч иргэдийн дунд яригдсаар байна. Гэхдээ зам болон шилэн кабелын дэд бүтэц сайжирснаар энэ шилжилт хөдөлгөөнийг багасгахад их үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, улсын нийслэл эсвэл сумын төвд байхаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар хүртэх, мэдээллийг хором ч алдалгүй хүлээн авах, мэдэх эрх, мэдээлэх, харилцаа хамааралтай амьдрах боломжтой болж байгаа юм. Мэдээлэлтэй байна гэдэг, мэдээлэлтэй иргэн байна гэдэг баялагт ойрхон байна гэсэн үг шүү дээ. Бид энэ зарчмаар л ажиллаж байна. Бидний хийж байгаа дэд бүтэц, цаашид бүр боловсронгуй болгох дэд бүтэц үүнд л чиглэж байгаа.
-Бид мэдээллийн технологи нь өндөр хөгжсөн бусад улсын араас алхаж байна. Таны бодлоор бидний хооронд хэдэн алхмын зай байгаа бол?
-Хүн амын тоондоо харьцуулан гар утас, интернэтийн хэрэглээ буюу технологийн нэвтрэлтийг үзвэл бид зэрэгцээд л алхаж байна. Ганцхан жишээ авахад л, “IPhone-6” утас Азид өнгөрсөн сарын 19-нд нээлтээ хийхэд Монголд 21-нд нь буюу 48 цагийн дараа л дэлгүүрийн лангуунд зарагдаж байх жишээтэй. АНУ-д нээлтээ хийхэд ч хувийн хэвшлийнхэн асар богино хугацаанд Монголын зах зээлд нэвтрүүлж чаддаг шүү дээ. Тэгвэл технологийн нэвтрэл яагаад ийм хурдан байгаа вэ, гэдэг асуулт гарна. Үүний хариулт нь миний яриад байгаа дэд бүтэц л дээ. Энэ дэд бүтэц, хөдөлгөөнт болон суурин интернэт байхгүй бол мянган “IPhone”, сая “Samsung Galaxy” байгаад ч ашиглагдахгүй, технологийн шийдлээ гүйцэд илтгэж чадахгүй. Тиймээс бид араас нь алхаж эхэлсэн ч дэлхийн бусад улстай адил технологийг хэрэглэж, түүнийг өргөн хүрээнд ашиглаж байна. Сүүлд хийсэн судалгаа харахад л Монголын хүн амын 90.3 буюу 2.5 сая нь гар утас, ашиглаж байна.
-Таны хэлсэн статистик бол манай улс гар утасны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг гэх үзүүлэлт. Тэгэхээр бид энэ өндөр хэмжээний технологийн нэвтрэлийг ашиглан интернэт түгээх буюу “ЗG” сүлжээг өргөн хүрээнд ашиглавал, интернэт хэрэглэгчдийн тоог өсгөж, түүгээр дамжуулан олон янзын шийдэл гаргах боломжтой?
-Сум болгоныг “3G” сүлжээтэй болгох ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа. Энэ ажилд дан ганц бид гэхгүй үүрэн холбооны оператор компаниудын хөрөнгө оруулалт, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага чухал нөлөө үзүүлж байгаа гэдгийг тодотгон хэлэх нь зөв. Учир нь, Монгол Улсын нэг суманд 4000 гаруй хүн оршин суудаг. Тэдний насжилтын байдал болоод “3G” сүлжээг ашиглах байдал харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны оператор компаниуд тухайн сумдад өөрийн үйлчилгээ буюу “3G” сүлжээг оруулах нь бизнесийн эрсдэл юм. Гэсэн ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж үзээд бизнесийн хөрөнгө оруулалт хийж байгаа оператор компаниудын ажил үнэлүүштэй том зүйл.
-Засгийн газраас илүү хувийн хэвшлийнхэн энэ салбарыг толгойлж, чиглүүлээд байх шиг. Гэтэл хувийн хэвшлийнхэн 20 гаруйхан жилийн түүхтэй шүү дээ. Ер нь эрх баригчдын зүгээс Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраар дамжуулан ямар бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм бэ. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш л энэ салбарт төсөл хөтөлбөр хэрэгжиж, бага зэргийн хөдөлгөөнд орсон юм шиг санагддаг?
-Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл нь мэдээллийн технологийг ашиглах гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдпэгт суурилсан нийгэм байгуулах зорилт тавьж эхэлсэн. Тиймээс Засгийн газар, УИХ гээд эрх баригчид мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг зөвшөөрч, өөрчлөлт оруулж эхэлсэн юм. Тэр утгаараа 2004 онд манай тохируулагч агентлаг үүсгэн байгуулагдсан. Бид төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх ерөнхий чиг үүрэгтэй. Тиймээс үүсгэн байгуулагдсанаасаа эхлээд Засгийн газартай харилцаа, хамааралтай ажиллаж ирсэн. Тиймээс өмнөх удирдпагууд, эсвэл өмнөх Засгийн газар салбартаа юу ч хийгээгүй гэвэл худал болно. Өөрөөр хэлбэл, Төрийн түгжрэлгүй үйлчилгээ гээд байгаа технологийн шийдлүүд маань явсаар байгаад энэ Засгийн үед биеллээ олж байна гэсэн үг.
Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын чиг үүрэгт багтдаг мэдээллийн технологийн салбарт илүү их ажил өрнөсөн гэдэг таны бодлыг бас няцаах шалтгаан байхгүй. Үнэхээр 2-3 жилийн дараа биеллээ олох учиртай байсан зарим нэг төслийг шахаж, хэрэгжүүлсэн зүйл байгаа. Тиймээс энэ Шинэчлэлийн Засгийн газар мэдээллийн технологийн салбарт онцгой анхаарч байгаа. Өнөөдөр ч гэсэн анхаарч байгаа нь Монгол гэдэг өргөн уудам улсыг нэг системд зангидах ажлын явцаас харагдах юм.
-Бодлогын баримт бичиг гэдэг Засгийн газраас тухайн салбарт баримтлах бодлого, ирээдүйн төсөөллийг тусгасан байдаг. Тэгвэл бидэнд ямар хэмжээний төсөөлөл байна?
-Манай салбарын бодлогын баримт бичиг 2021 он гэж хийгдэж байсан бол одоо 2020 он хүртэлх төсөөлөлд үндэслэн боловсруулагдаж байна. Магадгүй тав, зургаахан жилээ харсан баримт бичиг гэж харж болох ч технологийн салбар маш хурдацтай хөгжиж байгаа учраас бидэнд ойрын таван жилийн төсөөлөл л байгаа юм. Бусад улс орны хувьд ч ялгаагүй, түүнээс дээш технологийн хөгжлийг нарийн тааварлан ярих бололцоогүй байна. Таван жилийн дараа гэсэн зүйл хоёр жилийн дараа хэрэгжихийг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй дэлхийн бусад улс технологийн салбарыг аваад явчихдаг учраас тэр хэмжээгээр бид дагаж хөгжих, эсвэл бид өөрчлөлтийг угтаж зарим нэг шийдлийг гаргах боломжтой юм. Тиймээс дотооддоо 10 эсвэл 20 жилийн цаадахыг харах боломжгүй.
-Өмнөх бодлогын баримт бичигт ямар зүйлс тусгагдаж байсан юм бэ. Өнөөдөр үр дүн, хэрэгжилт нь ямар байна?
-“Цахим Монгол” гэдэг хөтөлбөр байсан. Засгийн газрын хэмжээнд 96.5 хувь хэрэгжсэн гэж үздэг. Энэ нь Засгийн газрын түүхэнд хамгийн өндөр хэмжээнд хэрэгжсэн хөтөлбөр болж чадсан. Өрх бүрт компьютер, айл бүрт интернэт гээд яриад эхлэхэд бараг л боломжгүй зүйл гэж үзсэн бол өнөөдөр энэ нь боломжтой зүйл байсан гэдэг нь батлагдсан байна.
-Тэгвэл ирэх таван жилийн төлөвлөгөөнд ямар зүйлс хэрэгжих вэ. Иргэд дахиад л боломжгүй гэж харж болохоор тийм төсөөллүүд багтсан уу?
-Бид долоон зорилтыг дэвшүүлээд харж байна. Хамгийн нэгдүгээрт хиймэл дагуулыг гол зорилго болгосон. Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Сансрын үндэсний зөвлөл”-ийг байгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд Олон улсын цахилгаан холбооны байгууллагад хиймэл дагуул хөөргөх байршлын хүсэлт явуулсан юм. Хүсэлтийн дагуу бидэнд тус газраас Монгол Улсад хиймэл дагуул хөөргөх зүүн уртрагийн 74, 113.6 градусыг хуваарилсан. Бид энэ байршилд цаасан сателлит (дагуул) хөөргөсөн. Одоо Монгол Улсын Засгийн газар болоод Үндэсний аюулгүй байдпын зөвлөлөөс хамаарсан ажил үлдсэн. Энэ нь ямар улсаар үйлдвэрлүүлэх, ямар улсаар хөөргүүлэх, бидэнд ямар төрлийн хиймэл дагуул, ямар зарчмаар хэрэг болох вэ, гэдгийг дээрх газрууд шийдэж өгнө гэсэн үг юм.
-Яагаад заавал 2020 оны зорилтод хиймэл дагуул орж байгаа юм бэ. Бэлтгэл ажил болоод эдийн засгийн хувьд чадамжтай юм уу?
-Шууд л төгс, төгөлдөр зүйл хийнэ гэвэл цаг хугацааны хүлээлт үүснэ. Гэхдээ бид зорилтыг наашлуулснаараа цаашид хөгжүүлэх боломжийг нээж байгаа юм. Алсаа харвал, хиймэл дагуул хөөргөснөөр өөрсдийн хэрэглээг хангаад зогсохгүй бус нутгийнхаа хэрэгцээг хангадаг, транспондероо (хүлээн авч, дамжуулдаг төхөөрөмж) түрээслүүлдэг, бизнес хийдэг байж болно. Ингэснээр эдийн засагт технологийн салбараас үзүүлж байгаа томоохон хувь нэмэрт тооцогдох ёстой. Өнөөдөр “DDISH” гэдэг компани Засгийн газраас жилд нэг сая орчим ам.доллар авдаг. Яагаад гэхээр бид тус компанийн транспондерыг түрээсэлж, улс даяар 10 сувгийг үнэгүй нэвтрүүлдэг. Тэгэхээр адаглаад бид нэг жилийн түрээсэнд өгч байгаа нэг сая ам.доллараа өөрсдийн транспондерт зарцуулах, Оросын өмнөд, Хятадын хойд зэрэг газарт хэрэгцээтэй байгаа харилцаа холбоо, Broadband (дуу, дүрс, өгөгдлийг нэгэн зэрэг өндөр хурдтайгаар дамжуулах сүлжээ) үйлчилгээг өөрийнхөө хиймэл дагуулаар хангах чиглэлийн ажлыг хийх бүрэн боломжгой. Бас хэрэгцээ шаардпага байгаа.
-Төрийн түгжрэлгүй үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд хэд, хэдэн технологийн дэвшлийг ашиглан иргэдэд төрийн үйлчилгээг хүргээд эхэллээ. Энэ хөтөлбөр мөн л ирэх таван жилийн төлөвлөгөөнд багтаж байсан. Гэхдээ илүү дэвшилтэт болгох Олон Улсын жишигт хүргэх талаарх ямар төсөөлөл байна?
-Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинд хурууны хээгээ уншуулаад иргэний үнэмлэхээ хийгээд олон төрлийн үйлчилгээ авч байгаа. Харин цаашид онлайнаар төрийн үйлчилгээг хүргэх боломжийг харж байна. Сингапур гэхэд 1000 орчим үйлчилгээг цахимаар өгдөг. Бараг л өөрөө цахим улс болчихсон байгаа биз. Цаас хэрэглэхээ больж, төрийн үйлчилгээний хүнд суртал арилж, цаг хугацаа хэмнэж байна.
-Бид тэгвэл одоогийн байдлаар цахим үйлчилгээг ашиглаад иргэдийн цаг хугацаа, төрийн хүнд суртлыг багасгаж чадсан уу. Та бодитой жишээ хэлээч?
-Яамдын бүх үйлчилгээ цахим болоогүй учраас нарийн тоо хэлэх боломжгүй. Гэхдээ зөвхөн ТҮЦ машин дээр жишээ авч хэлж болох юм. Өнөөдөр ТҮЦ машинаар 15 орчим төрийн үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрийн ихэнх нь Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс үзүүлдэг үйлчилгээ байна. Дэлхийн банкны судалгаанаас харвал, Монгол Улсын нэг иргэн хамгийн хурдтайгаар бичиг баримт хөөцөлдөхөд дунджаар 1.45 минут зарцуулж, 7.5-10 мянган төгрөг зарцуулдаг гэсэн байна. Тэгвэл ТҮЦ машин ашигласнаар дараалалд зогсох, хүлээх хугацааг оруулаад 15 минут, 500-1000 төгрөг зарцуулах юм. Үүгээр тооцвол, мэдээллийн төхнологийн давуу талыг ашигласнаар бүтэн цаг хэмнэж, 7-9 мянган төгрөг хэмнэгдэж байгаа юм.