Аливаа улс оронд далд эдийн засаг тэлэх тусам татварын орлого буурах, статистик тооцоо буруу гарах, эдийн засгийн бодлогыг гажуудуулах сөрөг үр дагавартай. Ийм учраас улс орон бүр далд эдийн засгийн хэмжээ ямар байгааг судалж өсөлтийг нь саармагжуулах арга хэмжээ авдаг. Далд эдийн засгийг тодорхойлсноор эрх баригчид, бодлого боловсруулагчид эдийн засгийн эрүүл орчин бүрдүүлэх, зөв шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлнэ. Татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл, бизнесийн орчин нөхцөлийг муутгасан төр засгийн тушаал, шийдвэр, хүнд суртал зэргээс шалтгаалж далд эдийн засаг үүсдэг аж. Үүнээс гадна хуулиар хориглосон хар тамхи, биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом, хүний наймаа, мөнгө угаах, хулгайлагдсан барааг худалдаалах, залилан, авлигад эргэлдэж буй мөнгө ч далд эдийн засагт хамаардаг. Далд эдийн засгийн хэмжээг нарийн тооцож тогтооход хүндрэлтэй. Гэвч судлаачид татварын ачаалал хамгийн бага болон их байх үеийн бэлэн мөнгөний эрэлтийг харьцуулан судалж далд эдийн засгийн хэмжээг тогтоодог байна.
Учир нь, далд эдийн засгийн төлбөр тооцоо нь ихэвчлэн бэлэн мөнгөөр хийгддэг аж. Судлаачид дээрх аргаар дэлхийд өнөөдөр жилд нэг их наяд ам.доллар далд эдийн засагт эргэлддэг гэсэн тооцоо хийжээ. Харин манайхтай адил хөгжиж буй орнуудад далд эдийн засгийн хэмжээ дунджаар 35-44 хувьтай байдаг хэмээн үзэж буй юм.
Манай улсын ДНБ энэ онд 20, ирэх жилд 23 их наяд байна хэмээн улсын төсөвт тусгаад байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад далд эдийн засаг ямар хэмжээтэй байгаа талаар чамгүй судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын эдийн засагч Д.Энхзаяа хоёр жилийн өмнө хийсэн судалгаандаа манай улсад далд эдийн засаг ДНБ-ий 35 хувьтай тэнцүү байгаа бөгөөд 2000 оноос хойш өсөх хандлагатай байна гэж дүгнэжээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөөр тооцож үзвэл 37 хувьтай гарч буй аж. Үүнээс гадна Үндэсний статистикийн хорооноос 2005 онд хийсэн судалгаагаар манай улсад далд эдийн засаг ДНБ-ий 27 хувьтай тэнцүү гэсэн тооцоо хийсэн байдаг. Энэ үед манай улс далд эдийн засаг ДНБ-нд эзэлж буй хувь хэмжээгээрээ 145 орноос 34 жагсч байж. Өөрөөр хэлбэл адилхан хөгжиж буй орнуудаас далд эдийн засгийн хэмжээ хамгийн бага үзүүлэлттэй гарсан аж.
Далд эдийн засгийн жишээ манайд олон. Тухайлбал, орон сууц, үл хөдлөх хөрөнгө түрээслэнэ гэсэн зар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр маш их байдаг. Орон сууцны түрээс л гэхэд хамгийн багадаа зургаан сарын хугацаатай. Өнөөдөр орон сууцны сарын түрээсийн үнэ дунджаар 400-800 мянган төгрөг байгаа. Татварын ерөнхий газраас хийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 13 мянга гаруй иргэн орон сууцаа түрээсэлсэн байна. Эндээс үзвэл хамгийн багаар тооцоход орон сууцны түрээсийн зах зээлд сард 520 сая төгрөг эргэлдэж буй юм. Үүнээс гадна томоохон худалдааны төв, барааны захад худалдаа эрхэлдэг сард 100 сая төгрөгийн орлоготой иргэд ч олон бий гэдэг. Гэвч орлого тодорхойлох боломжгүй тул тэд сард 10 мянган төгрөгийн татвар төлдөг байна. Манай улсад далд эдийн засаг тэлэхэд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлжээ. 2006 оноос хойш нүүрс болон бусад ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсч эхэлсэн тул уул уурхайн салбарын манай улсын эдийн засагт эзлэх байр суурь нэмэгдэж ирсэн. Ингээд өнөөдөр манай улсын экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг болоод байгаа. Тэгвэл 2005 онд хийсэн судалгаагаар далд эдийн засаг ДНБ-ий 20 орчим хувийг эзэлж байжээ. Гэтэл 2006 онд Гэнэтийн ашгийн татвар авах хуультай болов. Ингээд алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн татвар авч эхэлсэн. Энэ нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг бууруулсан. Уг хууль гарахаас өмнө төв банк жилд 15 тонн алт худалдан авч байв. Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш алт худалдан авах хэмжээ буурч жил гурван тонн хүрэхтэй үгүйтэй болсон билээ. Өөрөөр хэлбэл алт олборлогчид тэр өндөр татвараас зайлсхийж хууль бусаар хил давуулан худалдахад хүрсэн гэсэн үг. Ингээд далд эдийн засаг тэлэх нэг шалтгаан болжээ. Одоо үүнийг ил болгохын тулд төв банкинд олборлосон алтаа тушаавал 2.5 хувийн татвар ногдуулах шийдвэр төр засгаас гаргаад байгаа. Үүнээс гадна барилгын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн. Энэ нөлөөгөөр бүртгэлгүй ажилчид албан бус хөдөлмөр эрхлэгчид олширчээ. Иймд уул уурхай, барилгын салбарын тэлэлт, түүнийг дагасан хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн нь далд эдийн засгийн хэмжээг өсгөхөд нөлөөлсөн гэж судлаачид үзэж буй юм.
Далд эдийн засгийн тэлэлтийг сааруулах нэг арга нь татварын өршөөл. Манай улс 2008 онд Татварын өршөөлийн тухай хууль гаргасан удаатай. Энэ хуулийг үйлчилж байх үед 4.5 их наяд төгрөг ил гарсан тооцоо бий. Тэгэхээр татварын хяналт шалгалтаас бултдаг ямар хэмжээний мөнгө манай далд эдийн засагт байгааг харуулж буй хэрэг юм. Иймээс зарим эдийн засагч, судлаачид Татварын өршөөлийн тухай хууль дахин батлах ёстой гэдэг. Ингэснээр далд эдийн засгийн тэлэлтийн хурд саарна, татварын орлого нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ хэмээж байгаа билээ. Гэвч ихэнх судлаач татварын хувь хэмжээг бууруулах, хөнгөлж чөлөөлөх нь далд эдийн засгийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг төдийлөн бууруулж чадахгүй. Харин өсөлтийн хурд тэлэлтийг нь саармагжуулна гэж үздэг билээ.