Шинэчлэлийн Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болж, үйлдвэрлэгчдэд хүү багатай зээл олгохоор болсон. Энэ хүрээнд үйлдвэржилтийг дэмжих импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл сүр дуулиантайхан шалгаруулсан билээ. Гэтэл төслийн санхүүжилт, хэрэгжилт удаашралтай байгаад үйлдвэрлэгчид бухимдаж эхлэв. Иймээс “Үндэсний үйлдвэрлэгч-888” төрийн бус байгууллага хувийн хэвшлийнхэн хамтран байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Одоогоор уг төсөлд 154 аж ахуйн нэгж хамрагдаж, 159 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн дүн мэдээ бий. Харин 700 гаруй аж ахуйн нэгжийн төсөл ямар нэгэн шалтгаанаар хойшилсоор байгаа аж. Үйлдвэрлэлийн төслийн зээлийг төгрөгөөр олгох ба хугацаа нь тав хүртэл жил, хүүгийн хэмжээг жилийн есөөс илүүгүй хувьтай байхаар тогтоол гарсан. Мөн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл санаачлагч нь өөрийн сонгосон арилжааны банкинд хандаж зээлээ авна гэсэн байгаа.
Гэтэл шалгарсан төслүүд нь банкан дээр очоод гацаж байгаа гэдгийг үйлдвэрлэгчид хэллээ. Энэ талаар “Люкс канстракшн” ХХК-ийн ерөнхий инженер Г.Батхуяг “2013 оны нэгдүгээр сарын 17-нд биднээс төслөө авч дууссан. Гэтэл энэ хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Төр хувийн хэвшлийн байгууллагын үл ойлголцлоос болоод хугацаа алдсаар байна. Уг нь эдийн засаг хямраад байгаа үед үйлдвэрлэлээ аль болох хурдан эхлүүлж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байдаг. Ер нь, эдийн засгийн хямралаас ажил хийж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт өрнүүлж байж л гарна. Ярьж сууснаар гарна гэж үгүй. Манай компани тэрбум 200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцсон. 400 сая төгрөгийг нь компани өөрөөсөө гаргаад 800 сая төгрөгийн зээл хүссэн. Компани 400 сая төгрөгөө гаргаад төслийнхөө 30 хувьд орчихоод байгаа. Бид импортоор авдаг хар пиниар, барилгын хэв хашмал үйлдвэрлэж, эко тал руугаа байгаль орчинд ээлтэй үйлдвэр байх болно” хэмээн ярьсан. Түүнчлэн “Төрийн хэрэгжүүлж байгаа бодлого зөв байдаг. Гэтэл явсаар байгаад хамгийн сүүлд банк, нэг эдийн засагч дээр очоод гацдаг. Төрийн бодлого банкны эдийн засагчаас л хамаардаг болсон. Төрийн ямар ч нөлөө байхгүй болчихсон” гэв. Харин “Нам дуу трейд өрнөх” компанийн дэд захирал Р.Нямдорж “Монгол орны хөрсний үржил шим их доройтсон. Иймээс манайх хөрсний үржил шимийг сайжруулах ялзмагийн үйлдвэр байгуулах төсөл бичсэн. 4.5 тэрбум төгрөгөөр хэрэгжих төсөл. Манай улс жилд 3.5 тэрбум төгрөгийн бордоог гаднаас авдаг. Үүнийг орлох бүтээгдэхүүн. Шинээр 73 ажлын байр шинээр бий болно. Төсөл банкин дээр хоёр удаа очсон. Барьцаа хөрөнгөгүй гээд гацсан” гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн төслийн мэдээллийг ил тод нээлттэй болгохыг үйлдвэрлэгчид хүслээ. Мөн төсөлд хамрагдсан бүх компани, аж ахуйн нэгж энэ сарын 28-ны өдөр нэгдсэн уулзалт хийхээр болсон талаар мэдэгдсэн юм. Одоогоор тус байгууллагад 70 гаруй компани нэгдээд байгаа аж.
С.Энхтайван: Санхүүжилтээ сангаараа дамжуулан авмаар байна
Энэ үеэр “Анарт” ХХК-ийн захирал С.Энхтайвантай цөөн хором ярилцлаа.
-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Манай компани утаагүй зуух үйлдвэрлэдэг. Гэтэл импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ гэсэн атлаа төрийн мөнгөөр гаднаас зуух оруулж ирж байна. Энэ нь биднийг дэмжих бус харин ч боомилж байна. Ер нь төрд бараа материал шахаж бизнес эрхэлдэг хэсэг хүмүүстэй болчихсон.
-Засгийн газрын бодлого банкин дээр гацлаа гэж олон хүн ярьж байна. Үүнийг яаж шийдэх нь зөв гэж та бодож байна?
-Угаасаа банкинд төсөл боловсруулагчийн гарт мөнгийг нь олгох сонирхол алга. Үйлдвэрлэгч мөнгөө аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх эсэх нь банкинд тийм ч сонин биш. Харин банкиндаа эргэлдүүлээд байвал илүү ашигтай байгаа хэрэг. Тэгэхээр банкаар дамжуулж олгох нь буруу. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар олговол илүү хүртээмжтэй гэж бодож байна.
-Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, хэдэн хүнийг ажлын байраар хангадаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компани өдөртөө 20 гаруй зуух үйлдвэрлэдэг. Нэг зуухыг 350 мянган төгрөгөөр борлуулдаг. Гэтэл импортын зуухыг төрөөс 90 хувийг хөнгөлөөд иргэн 35 мянган төгрөг төлөөд худалдан авч байгаа. Манайд одоо 12 хүн ажиллаж байна. Бидний төслийг дэмжих юм бол 100 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангах боломжтой.
-Та хэдэн төгрөгийн ямар төсөл бичсэн юм бэ?
-Би зуухнаас гадна хүлэмж, хүнсний бүтээгдэхүүн, цэвэр ус гээд 13 төсөл бичсэн. Гэтэл банкин дээр очоод гацчихаад байдаг. Нийт хоёр тэрбум төгрөгийн төсөл байгаа. Барьцаа хөрөнгө зээл авах хэмжээний мөнгөнд хүрэхгүй гээд буцаасан. Гэтэл банк 100 сая төгрөгийн хөрөнгө байлаа гэхэд 20 саяар үнэлэх жишээтэй. Банкууд жижиг хэмжээний ломбард шиг л үйл ажиллагаа явуулж байна.