Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ орон сууцны борлуулалт 30 хувиар буурчээ


Орон сууцны үнэ буурч байна. Монголбанк, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн болон “Тэнхлэг зууч”, “Актив зууч” үл хөдлөх хөрөнө зуучийн компаниудын хамтран гаргасан орон сууцны үнийн индекст өнгөрсөн сард орон сууцны үнэ 2.7 хувиар буурсаныг  дурджээ. Гэвч энэ нь өнгөрсөн оныхоос 19.7 хувиар өндөр үнэтэй байгаа юм.  Өнгөрсөн онд орон сууцны үнэ 26 хувиар өссөн судалгаа бий. Үнийн энэ өсөлт өнгөрсөн наймдугаар сар хүртэл хадгалагдсан ч үүнээс хойш буурч эхэлжээ. Үнийн хөдөлгөөнийг тооцохдоо Улаанбаатар хот дахь шинэ, хуучин орон сууцны борлуулалтыг авч үзсэн аж. Энэ сарын судалгаанд шинээр захиалга авч байгаа 259 төслийн 47554 айлын, хоёрдогч зах зээл дээр борлуулах захиалга өгсөн 3500 хуучин орон сууц хамрагдсан байна.

Судалгааны багийн мэдээлс­нээр ипотекийн зээлээр жи­лийн найман хувийн хүүтэй ашиглалтад орж буй шинэ орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан байна.
Харин орон сууцны хоёрдагч зах зээл буюу хуучин орон сууцны борлуулалт гурван хувиар буурсан судалгаа гарчээ. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орон сууцны борлуулалт 36 хувиар огцом буурч байсныг дурдлаа. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн­гийн судлаач З.Манлай­баатар “Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны үнэ сүүлийн гурван сар дараалан буурлаа.

Энэ хандлага цаашид үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Орон сууцны үнэ макро эдийн засгийн байдалтай шууд хамааралтай байдаг. Эдийн засгийн өсөлт  буурвал үнэ нь хямдарна гэсэн үг” гэв. Манай улсын эдийн засгийн өсөлт  энэ оны эхэнд 12.3 хувьтай байсан. Гэтэл эдийн засагчид, судлаачид  оны эцэст 6.7 хувийн өсөлттэй гарна хэмээн төсөөлж буй юм. Тэгээд ирэх онд ч эдийн засгийн хямрал үргэлжилж олигтой өсөлт гарахгүй гэж үзэж буй. Иймээс  орон сууцны үнэ буурах хандлага үргэлжилж магадгүй аж. Эдийн засагчид орон сууцны үнэ, борлуулалт ийнхүү буурч буй нь  эдийн засгийн хямрлаас улбаатай ч хөөс нь дарагдаж хэвийн хэмжээнд хүрэх боломж олгож байна хэмээн үзэж буй аж.
Монголбанкны эдийн засагчид жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл хөрөнгө санхүүгийн сааталгүй хэвийн үргэлжилж байгаа.   Цаашид ч үргэлжлэх болно хэмээн мэдэгдэж байна. Тус банкны ипотекийн зээлийн тайланд энэ сарын сарын 11-ний өдрийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн зээл хүссэн өргөдөл банкуудад ирснийг дурджээ. Ингээд  25366 иргэнд 1442.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн өмнө нь орон сууцны зээл авсан иргэдээс  817.7 тэрбум төгрөгийн зээлийг  жилийн найман хувийн хүүнд шилжүүлж дахин санхүүжүүлэх хүсэлт иржээ. Үүнээс банкууд 18617 зээлдэгчийн нийт 524.3 тэрбум төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд  шилжүүлсэн  тайлан гарлаа.

Монгол Улс удахгүй гурван сая дах иргэнээ хүлээн авна гэж байгаа. Нийт хүн амын 43 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг судалгаа бий. Одоогоос хоёр жилийн өмнөх судалгаагаар нийслэл 317 мянган өрхтэй байж. Үүний 40 хувь буюу 127 мянган өрх нь орон сууцанд үлдсэн нь гэр хороололд амьдарч буй юм. Тэгвэл нийт орон сууцыг аваад үзвэл 106 мянган айлын орон сууц байв. Эндээс 20 мянга гаруй өрх нэг орон сууцанд хамтран амьдарч буй дүр зураг харагдана. Үүн дээр гэр хорооллын  өрхийг нэмэхээр орон сууцны эрэлт маш өндөр байгааг илтгэнэ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд 20 гаруй мянган айлын орон сууц жил бүр ашиглалтад орж байгаа ч эрэлт өндөр тул үнэ огцом өсч эхэлжээ.  Энэ нь барилгын салбарын үйлдвэрлэл жилд 10 гаруй хувиар өсч буйг илтгэнэ. Тэгэхээр нийлүүлэлтээ давсан эрэлт үнэ өсгөсөн нь тодорхой харагдаж буй юм. Жишээлбэл 2000-2007 онд орон сууцны үнэ жилд дунджаар 20 орчим хувиар өсдөг байж. Гэтэл 2008 онд 113 хувиар өссөн судалгаа бий. Манай улсын эдийн засаг   17 хувиар өсч дэлхийд гайхагдаж байсан 2011-2012 онд 30 хувиар өсчээ. Орон сууцны үнэ ийнхүү огцом өсөх нь эдийн засагт халгаатай. Үнийн энэ хөөс  гэнэт хагарвал эдийн засгаа шууд татан унгадаг гашуун туршлага олон улс оронд бий. Иймд Монголбанк орон сууцны үнийн хөдөлгөөнийг ажиглахын тулд сар бүр индекс гаргадаг болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан