/Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! /
Бид ямар төслийн 34 хувийг өр тавин төлж байна вэ?!
/цуврал баримт/
ГАГНУУРЧНЫ ӨДРИЙН ЦАЛИН ГАДААД АЖИЛТАНД 1 800 000 ТӨГРӨГ БАЙГАА БОЛ МОНГОЛ АЖИЛТАНД 71 000 ТӨГРӨГ БАЙГАА НЬ 25 ДАХИН ЗӨРҮҮТЭЙ БАЙНА!
Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудлаар МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьсан билээ. Юуны өмнө асуулгыг эргэн сануулъя.
Нэг. Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан байна. Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын хурлаар хэзээ хэлэлцэж ямар дүгнэлт хийсэн, ямар шийдэлд хүрсэн тухай, энэхүү шалгалтын тайлан, танилцуулгыг төрийн нууцын зэрэглэлд хамруулсан үндэслэл;
Хоёр. Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулсан нэмэлт санхүүжилтийн асуудал ямар түвшинд байгаа, энэ талаар Засгийн газрын баримталж буй байр суурь;
Гурав. 2007 онд тохиролцсон хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төсөлд тусгагдсан анхны хөрөнгө оруулалтад шаардлагатай 2,724,0 сая ам.доллар гэрээ байгуулах үед 5,1 тэрбум ам.доллар болж өссөн шалтгаан, үүнийг Монголын Засгийн газар хүлээж авсан үндэслэл;
Дөрөв. Канадын АММЕК, Австралийн МИНПРОК зэрэг туршлагатай, мэргэжлийн компаниудаар гурван жилийн туршид хэд хэдэн удаа тодотгон хийлгэсэн ТЭЗҮ (ТЭЗҮ-д тусгасан нийт хөрөнгө оруулалтын 17,5 хувь нь үйл ажиллагааны явцад гарч болох тооцоолох боломжгүй зардлыг нөхөхөд зориулсан 907.0 сая ам.доллар)-д хөрөнгө оруулалтын нийт дүнг 5.124.0 сая ам.доллар гэж тусгасан байна. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтад зарцуулсан нийт хэмжээ 9 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдсэн шалтгаан, энэ өсөлтийг Засгийн газар хэрхэн үзэж байгаа;
Тав. Төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн Хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум ам. доллар, харин Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд засвартайгаар хүлээж авсан протоколд хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 5,1 тэрбум ам. доллар гэж зөрүүтэй тусгасны аль тоог бид баримтлах ёстой, зөрүүтэй тоог нэгтгэх талаар яриа хэлэлцээр явж буй эсэх;
Энэхүү асуулгаа ягаан бланканд хэвлүүлсэн нь асуулгын хариуг нэн яаралтай авах дүрэм журамтай юм. 2014 оны 10-р сарын 13-наас хойш өнөөдөр яг 14 хоног өнгөрсөн ч хариу ирээгүй байна.
Дээрх асуулгын нэгдүгээрт дурдсан, төрийн нууцын зэрэглэлд хамруулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохоо мэдэгдэж байсан билээ. Миний бие энэхүү шалгалтын тайланг төрийн нууцын зэрэглэлд хамааруулах үндэслэлийг олж харсангүй, харин ч баялгаасаа ашиг хүртээгүй мөртлөө өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй гэж үзэж уг тайлангийн заримаас ишлэн хүргэхээр шийдлээ. Оюутолгойн гэрээ ямар гэрээ болсон, төсөл бидэнд үр өгөөжөө өгөхийн оронд яагаад өрөнд унагаад байгаа, яагаад бид үүнийг өөрчлөх ёстой талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхгүйгээр бид нэгдсэн хүч болж төслийн үр ашгийг хүртэх чиглэлд гэрээг өөрчилж чадахгүй.
Үүнийг дэлгэж эхлэхийн өмнө энэхүү ажлын хэсгийн ажил бүрэн төгс болсон гэж үзэхгүй байгаагаа бас хэлэх хэрэгтэй. Ажлын хэсгийн тайлангаас харахад, зорилгоо бүрэн гүйцэлдүүлээгүй, гэрээнүүдийг судалж, тэр түвшинд санхүүгийн баримтын тулгалт хийж чадаагүй, түүнээс болоод анхны хөрөнгө оруулалтад оруулах шаардлагагүй зүйлсийг оруулж тооцсон, шалгалтын материал дотор хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй тоонууд байгаа зэрэг алдаа дутагдлуудыг хэлж болно. Гэвч эхний ээлжинд энэ төслийн үйл ажиллагаанд ноцтой алдаанууд байгааг илчилж, дахин нарийвчилж нягтлан шалгах шаардлагатайг дурдсан, мөн монголчууд бол санаан зоргоороо залилж болох хүмүүс биш юмаа гэдгийг “хөрөнгө оруулагч” гэх Рио Тинтод ойлгуулж чадсанаараа нааштай алхам болсон гэж үзэж болно. Ингээд миний бие амласан ёсоор шалгалтын ажлын хэсгийн дүнгээс хэсэгчлэн олон нийтэд хүргэх болно. Монголчууддаа цэгцтэй, ойлгомжтой байлгах зорилгоор түүвэрлэн хүргэх болно.
Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын төсөв буюу Монгол улсын иргэн Таны төлсөн татвараас 100 сая долларыг энэ төсөлд төлсөн. Энэ бол дор хаяж 100 цэцэрлэгийн мөнгө, 100 сургуулийн мөнгө. Энэ мөнгийг юунд зарцуулж байгааг Монголын олон нийт, татвар төлөгчид, ирээдүйд энэ төслийн зээлийн өрийг төлөх үүрэгтэй болж байгаа Монгол Улсын иргэн бүр мэдэх эрхтэй бөгөөд, миний бие Та бүхнийг төлөөлж энд суугаагийнхаа хувиар үүнийг мэдүүлэх наад захын үүрэгтэй билээ. Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлөх ёстой өр болсон гэдгийг бүү мартаарай!
Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар
Төслийн менежментийн институтын / Project management institute буюу PMI/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /PMI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2,8 дахин их байна.
Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан меежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна.
Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.
...Петровис ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар:
Петровис ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ нь бөөний бус жижиглэнгийн үнэ, түүнээс ч өндөр байхад шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гарч буй Петровис ХХК-ийн ажиллагсдын цалин, даатгал зэрэгт гарч буй 20.0-50.0 сая төгрөгий зардлыг сар бүр гаргаж хөрөнгийг үрэлгэн зарцуулж тэр хэмжээгээр зардлаа өсгөсөн байна.
Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй гаднын байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Петровис ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2,974,9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт тодорхой бус, 2012 оны 6-р сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408,3 сая төгрөг Петровис ХХК-д тус тус шилжүүлсэн нь анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчжээ...
Тайлбар: Нэгэнт монголчууд анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэй зээлээр төлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, үнэ өртөг, түүнтэй холбоотой зардлыг мэдэж байх учиртай юм. Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлдгийг бид энэ шалгалтын материалаас мэдэж авлаа. Гэвч Монголын компани юм байна гээд үүнийг үл өгүүлэн шалгалтад дурдагдсан баримтуудад анхаарал хандуулцгаая.
Петровис компани Оюутолгойд шатахуун нийлүүлэхдээ бөөний бус жижиглэнгийн үнээр, түүнээс ч өндөр үнээр нийлүүлдэг юм байна. Жижиглэнгийн үнэ бол уг бүтээгдэхүүнийг худалдан авсан анхны үнэ дээр нэмээд тээврийн зардал, төлсөн бүх төрлийн татвар хураамж, ажилчдын цалин хөлс гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх өртөг зардал шингээд, бас ашиг нэмэгдсэн хамгийн эцсийн үнэ байдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр хамгийн эцсийн үнийг төлсөн хирнээ дээрээс нь нэмээд тус компанийн ажиллагсдын цалин, даатгал, тус компанийн орон нутгийн агуулахын засвар зэрэгт нэмж мөнгө төлдөг байна. Петровис гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлж байгаа юм байна.
Мөн түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн наад захын шаардлага хангаагүй буюу юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай болж байна.
УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга